МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын намрын нээлтийн барилдааныг нээж хэлсэн үгийг хүргэж байна.
- МҮБХ-ны намрын нээлтийн барилдаан өнөөдөр эхэлж байна. Шинэ улирлын барилдаан эхэлснээр өнгөрсөн жилд МҮБХ-нд хийгдсэн ажлуудын товч танилцуулга, ирэх жилд хийж гүйцэтгэх ажлын товчлолыг жаяг дэгийн багийн гишүүд, бөхчүүд, бөх сонирхогчдод өгөх уламжлал болон тогтсон мэдээллийг хүргэе.
Өнгөрсөн 2023 оны намрын улирлын барилдааны нээлтээр тухайн онд зохиогдох бөхийн барилдаануудаас гадна МҮБХ-той зайлшгүй холбогдон ажиллах Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтанд анхаарал хандуулж, өөрчлөлт хийх саналыг МУ-ын Ерөнхийлөгч болон Улсын ерөнхий прокурорт нээлттэйгээр хүргүүлсэн. Энэ нь өнгөрсөн жилд бидний анхааран ажиллах гол асуудал байсан.
Тус байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, удирдлагууд 2023 оны 11-р сард өөрчлөгдөж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн боловч 2024 оны 01-р сараас 05-р сар хүртэлх хугацаанд бүртгэлийг нь УБЕГ-аас түдгэлзүүлсэн шийдвэр гарсан нь допингийн явцын шинжилгээ авахуулах боломж бүрдээгүй.
Өнгөрсөн улирлын буюу 2023 оны 09-р сараас 2024 оны 06-р сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны 118 өдөрт нь бөхийн барилдаан зохион байгуулагдаж давхардсан тоогоор 11,120 бөх барилдуулж, бөхийн бай шагналд 1,682,000,000 төгрөгийг төвлөрүүлж, ногдох татвар хураамжийг төлж ажилласан байна. Өмнөх жилүүдийн үйл ажиллагааг дүгнэн 2024-2025 онд МҮБХ дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Үүнд:
1. Бөхчүүдийн боловсролын асуудалд анхаарч тэдний боловсролд дэмжлэг болох үүднээс баригдаж буй өргөтгөлийн барилгад сургалтын кабинетыг 11-р сард тохижуулж дуусгана.
2. Тамирчдын эрүүл мэндэд анхаарах ажлын хүрээнд нөхөн сэргээх болон бусад Эмчилгээний кабинетыг мөн энэ оны 11-р сард тохижуулсэн байна.
3. Холбооны маргаан, ковид цар тахал, их засвар тохижилтын ажлаас шалтгаалан тасраад байсан Ахмад бөхчүүдэд олгодог “Цолны хишиг”-ийн журамд өөрчлөлт оруулан 2025 оны 1-р сараас тогтмол олгоно. Нэмж улсын цол хараахан аваагүй ч аймгийн наадмуудад олон түрүүлсэн аймгийн цолтой ахмад бөхчүүд, үр бүтээлтэй ажиллаж байсан ахмад жаяг дэгийн багийн гишүүдэд урамшуулал олгохыг шинээр бий болгож хэрэгжүүлнэ.
4. Бөхчүүдийн ёс зүйн асуудалд онцгой анхаарах, олон нийтийн зүгээс бөх хүнийг бусдаас илүү ёс зүйтэй байхыг сануулж анхааруулж байдагт дүгнэлт хийн, зохисгүй үйлдэл гаргасан бөхөд ногдуулах хариуцлагыг чангатгана.
5. Допингийн эсрэг байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаа хууль журмын дагуу явагдаж эхлэхтэй холбогдуулан явцын шинжилгээг улирал бүрт авахуулах ажиллагааг хэрэгжүүлнэ.
6. Допингийн явцын шинжилгээг тогтмол авахтай холбогдуулан шударга өрсөлдөөнөөр шалгарсан Шилдэг бөхчүүдийг Улс, аймаг, сумын цолтон бүрээр гаргаж, тэдний саналаар бизнесийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, бөхийг дэмжих, ивээн тэтгэх шинэ хэлбэрийг бий болгоно.
7. МҮБХолбоо хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа сурталчлах мөн Удирдах зөвлөлийн хурал, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөл болон Барилдааны дүрмийн зөвлөлүүд, Хараат бус комиссоос гарсан шийдвэр, тушаалуудыг олон нийтэд цаг алдалгүй тайлбарлан танилцуулж ажиллах чадварлаг ажилтан, баг бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж ажиллана,
8. Үзэгч олон нийт, бөх сонирхогчдын эрх ашиг, цаг үеийн бодит нөхцөл, шаардлага мөн үндэсний бөх нь “УЛАМЖЛАЛТ СОЁЛ”-ын хэв шинжийг хадгалан хөгжих үү эсвэл өрсөлдөөн, тамирчдын бэлтгэлжилтийн төвшин, допингийн хяналт зэрэг “МЭРГЭЖЛИЙН СПОРТ”-ын спортын чиг хандлагаар хөгжиж байгааг цааш үргэлжлүүлэх үү гэдэг сонголтыг МҮБХ нэгэн цагт зайлшгүй хийнэ. Хөгжлийн дээрх хоёр хэлбэрээс үндэсний бөхийн онцлогыг харгалзан мэргэжлийн хэлбэрт оруулах шаардлага цаг үе тулгарч байна. Иймд ид барилдаж буй бөхчүүдийн зал танхимын барилдаанд оролцох оролцооны журмыг шинэ хэлбэрээр гаргаж, улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг цол дотор нь 33 нас хүртэл хувьсах байдлаар шинэчлэн тогтоох төслийн саналыг Удирдах зөвлөлийн хуралд оруулна.
9. Монголчуудын бусад улс үндэстнээс ялгагдах, утга агуулга өндөр Эрийн гурван наадам, түүний гол контент, үзвэрийнх нь 80 илүү хувь болох наадмын үндэсний бөхийн барилдааны зохион байгуулалтаас Төрийн оролцоо, хамаарал, албан тушаалтануудын нөлөөллийг багасгах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана. Энэ нь өнгөрсөн наадмын сөрөг зүйл болсон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилдах талбайд байршуулж, нээлтийн тоглолтын дараа талбайг чөлөөлнө гэсэн хөдөлгөөнт тайз. Гэвч энэ нүсэр хүнд, болхи тайз нь бэлтгэл ажлын явцдаа хөдлөх боломжгүй болж бидэнд өмнө мэдэгдсэн таримал зүлгийг ургуулах ажил нь зогссон. Үүнээс шалтгаалж богино хугацаанд чанарын шаардлага хангахгүй хиймэл зүлэг, үзэгчид бөхчүүдийн суудлыг халхалсан тайз зэрэг нь олон үзэгчид, бөхчүүдийн бухимдлыг төрүүлж тэднийг хохироосон үйлдэл болсон. Иймд наадмын барилдааны зохион байгуулалтын ажлаас уялдаа холбоогүй ажилладаг төрийн оролцоог багасгах зайлшгүй шаардлага бий болж бна.
10. Бөхийн өргөөний засварын ажлын гүйцэтгэлийг 80%-д хүргэх буюу тохижилтын ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Тохижилтын ажлыг хийснээр үзэгчдэд тав тухтай байдлыг бий болгоно. Улаанбаатар хотод амьдарч буй залуучууд, хүүхдүүд, гэр бүлүүд, мөн гадаадын жуулчид үзэж сонирхох зүйл цөөн, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байгааг харгалзан тэдэнд зориулсан богино хугацаанд үргэлжлэх бөхийн шинэ хэлбэрийн барилдаанууд мөн үндэсний бөхтэй холбоотой түүхэн үзмэрүүдийг байрлуулсан танхимыг өргөтгөл хэсэгт байгуулна.
11. Орчин үед спортын холбоодын хөгжилд хамгийн гол нөлөөг үзүүлэх телевизийн дамжуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 онд хийж ажиллана.
12. Монгол бөхийн өргөө ашиглалтанд орох жил буюу 1998 оны 03-р сард тухайн үеийн Засгийн газраас санхүүгийн дэмжлэг болгон олгосон төлбөрийг бид буцаан өгч Төрийн өмчийн хорооны маргаантай өмч, хөрөнгийн жагсаалтаас Монгол Бөхийн өргөөг гаргаж өмчлөлийн асуудлыг ирэх 2025 онд эцэслэн дуусгана.
Сэтгэгдэл (8)