Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэл хийлээ.
Тэрбээр "Улаанбаатар хотод хийгдэж байгаа, хийгдэх гэж байгаа зам засварын ажлыг бүрэн зогсоож, авто замын шинэчлэлийн төсөв, бордюрын төсөв, зах зээлийн ханш бодит ханштай нийцэж байгаа эсэх, үйл явц төрийн худалдан авах ажиллагаатай нийцэж байгаа эсэх талаар ҮАГ болон АТГ-аар шалгуулах тухайд иргэдийн дунд санал асуулга явуулъя. 87 шинэчлэлийн зам хийе гэж төлөвлөсөн. Нийслэлд бороо, цас их орсноос бодис давсны хэрэглээ хэт их болж, зам, бордюр гэмтсэн. Намайг хотын даргаар томилогдоход замаа зас гэсэн шаардлагууд их ирсэн. Зам засах нь өмнөх дарга нарт зовлон байсан. Төсөв хүрэлцдэггүй байсан. Энэ жил улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр зам засвар хийхээс гадна үнэт цаас гаргаж, бондоор санхүүжүүлье гэж шийдвэр гаргаж, зургаа зуруулж батлуулаад, нээлттэй тендер зарласан.
Санал асуулгад 7 буудал, 6 буудал, Хайлааст, Чингэлтэй, Сэлбэ, Сэлх, Дамбадаржаа, Дарь-Эх, Шархад, Улаанхуаран, Амгалан, Эрдэнэтолгой, Нүхт, Яармаг, Нисэх, Баянхошуу, Толгойт, Ханын материал, хотын төвөөр дайран өнгөрдөг ард иргэд илүү оролцоосой гэж хүсэж байна.
Учир нь, сүүлийн үед Женко Х.Баттулгын хамаарал бүхий 30 гаруй хүн НИТХ-д дэвшиж байгаа. Өөрийнх нь туслах жолоочоос авхуулаад ах эгчийнх нь хүүхэд, шантааж хийдэг лайвчид гээд л. Энэ хүмүүс "Бордюрын мафи, Дундголыг баллаа" гэсэн хоёр сэдвээр Нийслэлийн удирдлагын багийг харлуулна гэж самбарт төлөвлөгөө бичиж байгаад явж байна гэсэн мэдээллийг би сонссон.
87 ажил хийхээс 27 замын ажил нь дуусаад байна. Замын хашлага солиод орон нутгийн сургуулийн мөнгө босгох гэж байна гэсэн асуудал ч яригдаж байна. Бид бол МӨНГӨГҮЙ СОНГУУЛЬ хийх гэж байгаа.
Улаанбаатар хотын зам засвар, шинэчлэлийн ажлыг Үндэсний аудитын байгууллага болон Авлигатай тэмцэх газраар шалгуулсны дараа ирэх хавраас үргэлжлүүлье гэж байгаа бол тийм, үгүй бол үгүй гэсэн сонголтыг иргэд хийнэ. Энэ бол 2 сая иргэнтэй их хотын асуудлыг шийдэх асуудал. Зам засвар хийснээр олон өөрчлөлт гарна. Замын зорчих хөдөлгөөний эрчим нэмэгдэж, иргэдийн эд хөрөнгөд ч халгүй болно.
Женко Х.Баттулгын бригад бусдыг харлуулдаг, хий сэдэв босгож ирдэг, мэдээлэл багатай иргэдийн тархи толгойг эргүүлэхдээ сайн байгаа. Энэ хүмүүсийн хийсэн балаг маш их. З.Энхболд, Х.Баттулга хоёр нийлж, 2008 онд хийж гэж байсан Ганцмод-Гашуунсухайт төмөр замын хил холболтыг зогсоосон. Үр дүнд нь монголчууд бараг 100 гаруй их наяд төгрөг олох боломжоо алдсан. Энэ 16 жилийн хугацаанд тэр замаар нүүрсээ тээвэрлэсэн бол монголчуудын амьдрал одоогийнхоос дээр байх байсан. Эргэн сануулъя, гялгар уутанд элс хийж байгаад энд тэндгүй цоолоод монголын баялаг ингэж гоожоод алга болно гэж үзүүлж байлаа шүү дээ. Үр ашгийг нь энэ хоёр хүртсэн. З.Энхболдын хамаарал бүхий Хишиг-Арвин гэх нүүрс олборлолтын компани хөлжиж, түүнийг дагасан тээврийн компани цэцэглэсэн. Тэдний балгаар олон эрдэнэт хүн зам тээврийн ослоор амиа алдаж хорвоог орхисон. Мөн ажил хийж байгаа өнгөтэй өөдтэй болгоныг харлуулж, гоочилж иргэдийн тархи толгойг эргүүлдэг хачин сайхан механизамыг бий болгосон. Тэд Х.Тэмүүжин гэж манай улсын шилдэг хуульчийг нялх амрагтай гэж харлуулаад ажлаас чөлөөлүүлэх процессыг явуулж байсан. Бас Батчимэг гэж боловсролтой эмэгтэйг Тайванийн тагнуул болгож, өнөөдөр тэр хүн хорвоогоос явсан. Батхүү агсныг тангаргийн буг болгон харлуулж, муулж, энэ бас л хорвоогоос яваад өгсөн. Женко Х.Баттулгын бузрыг ярьвал барагдахгүй. Дандаа худлаа ярина, дандаа юмыг гацаана.
Гадаадын иргэнд газрын 100 жилээр батлуулах хуулийн З.Энхболд батлуулсан. Гэтэл Ч.Хүрэлбаатар батлуулсан болоод дууссан. Бордюр дээр маш том хэвлэлийн баг ажиллуулж байгаа мэдлээллийг авсан. Мөн үүр шөнийн заагаар З.Энхболд чулуун бордюрыг хага цохиж байгаад зураг авчихаад явж байгаа гэсэн мэдээллийг би авсан.
Одоо үлдсэн 60 замаа засахгүйгээр санал асуулга явуулаад, шалгуулаад дараа нь үргэлжлүүлье гэж хүсэж байна. Сэлбэ, Баянхошуу орчмын айлуудыг нүүлгэж, тендерийг зарлаж, орон сууцжуулах ажил эхлэх гэж байна. Гэтэл ахиад энэ хүмүүсээс ямар гүжир гүтгэлэг орж ирэх бол гэсэн айдас хүйдэстэй байна.
Улаанбаатарчуудын эрчим хүчний дутагдалтай өвөлжихийн эхлэлийг Х.Баттулга, З.Энхболд хоёр тавьсан. Хятадууд орж ирж, Монгол Улсын эрчим хүчний системийг цөлмөх гэж байна гээд Багануурын ЦС-ын тендерийг зогсоосон. С.Баяр даргын Засгийн газрын үед Шивээ-Овоог түшиглэсэн 6000 мВт-ын цахилгаан станцыг хятадын хөрөнгө оруулалталтаар байгуулах ажлыг бас л зогсоосон.
Өөрөө энд тэндэхийн төсөл хөтөлбөрийг эхлүүлээд нэг нь ч дуусаагүй. Майдар хот гэж боссон уу, босоогүй. Сайншандын аж үйлдвэрийн парк гэж боссон уу, босоогүй. Зүүн төмөр зам гэж ажил эхлүүлээд өөрийнхөө Талх-чихэрийн талхыг 20 мянган төгрөгөөр шахсан. Энэ нь өнөөдрийг хүртэл дуусаагүй. Энэ хүмүүс гадны тагнуул, туршуул маягаар монголд ажилладаг гэдгийг ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд хариуцлагатайгаар хэлье. Энэ хүмүүсийг хийдэг ажил бол зөвхөн хулгай. Хулгайгаа халхлахын тулд өөрсдийнхөө суганы үснүүдийн энд тэнд дэвшүүлж, УИХ-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч болгож, хулгайгаа хамгаалуулах хойч үеэ бэлддэг уламжлалтай.
Энэ удаагийн НИТХ-д төрсөн дүүгийнхээ, төрсөн эгчийнхээ, өөрийнхөө компанийн захирлуудыг, өөрийнхөө туслах, жолооч нарыг, өөрийнхөө хэвлэлийн хар бараан юм хийдэг хүмүүсийг бүгдийг нь дэвшүүлж байна билээ. Энэ ч яах вэ. Тэр хүмүүсийн сонгох, сонгогдоах эрх байх. Гэхдээ энэ үйлдэл бол Женко Х.Баттулга хот дээр ирж хулгай хийхдээ бэлдэж байгаагийн илрэл. Майдар хот руугаа Эрдэнэтээс хулгайлсан мөнгөөр засмал зам татсан. Энэ АТГ-д шалгагдаад цаашаа явахгүй байна. Бүх хүнд хууль үйлчилмээр байна, АТГ-ын дарга аа, Ерөнхий прокурор оо!
Өнөөдөр өдөр, шөнөгүй ажиллаж байгаа инженер, зам шугам сүлжээний ажилтнууд, чимээгүй баатруудаа ядаж доромжилмооргүй байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (13)