Залуус өөр, өөрийн хүсэл мөрөөдөл, хэв маягаар амьдарч байна. Тэдний ертөнцийн гэрэл гэгээ, сайн сайхныг “Залуус” булангаар дамжуулан тантай хуваалцах болно. Бид энэ дугаарынхаа зочноор "Miss K Mongolia" нярайн фото студийн үүсгэн байгуулагч Д.Хишигбаяртай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагын эхэнд манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?
-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Д.Хишигбаяр гэдэг, нярайн гэрэл зурагчин. “Miss K Mongolia” фото студийг үүсгэн байгуулж, 2018 оноос хойш нярайн гэрэл зураг авч байна.
-Яагаад зөвхөн нярайн зураг дарах болов?
-Уг нь нягтлан бодогч мэргэжилтэй л дээ. 2018 онд охинтой болоод зургийг авахуулах гэтэл нярайн зураг дардаг газар хайгаад олоогүй. Гэрэл зураг сонирхдог байсан болохоор гэрийнхээ нэг өрөөнд нярайн зураг дарж эхэлсэн юм. Ажлаа эхлүүлж байхад "чамаар хэн хүүхдийнхээ зургийг даруулах вэ" гэж аав минь хэлж л байлаа. Одоо бол өөрийн гэсэн студитэй болж, намайг тогтмол зорьж ирдэг үйлчлүүлэгчтэй болчихсон, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
-Нярайн гэрэл зургийг хэдийд авбал тохиромжтой вэ?
-Дөнгөж төрөөд 6-22 хоногт нь зураг даруулбал зүгээр юм шиг. Энэ үедээ хүүхэд өхөөрдөм гарч байна. Харин нэг сар 15 хоног хүртлээ хөөрхөн поз аваад эгдүүтэй байх ч хүүхдийн хөдөлгөөн ихэсдэг учир зураг дарахад бага зэрэг хүндрэлтэй байдаг.
-Нярайн гэрэл зургууд ихэвчлэн унтаж байгаа харагддаг. Унтуулж байгаад зургийг нь авч байна уу?
-Тийм ээ. Хүүхдийнхээ зургийг авахуулах гэж байгаа эцэг эхчүүдэд студид ирэхээс өмнө хүүхдээ сэрүүн байлгаарай гэж захидаг. Студид ирээд эхэлж хөхүүлнэ, дараа нь унтаж байхад нь зураг авалтаа хийдэг.
-Хүүхдийг алчуурт ороож, өндөг шиг харагдахаар зураг даруулах нь ихэссэн байна. Ингэж ороох нь хүүхдэд ямар нэг сөрөг үр дагавар гарах уу?
-Анх хүүхэд алчуурт ороож зураг авахдаа хүүхдийг гэмтээчихвий гэж айдаг байлаа. Эхний жилдээ ингэж зураг авахад их эвгүй. Ороож дууссаны дараа зураг дарах гэхэд хүүхдүүд уйлна. Тэр болгонд нь буруу ороочихсон юм биш байгаа гэж айж л байлаа. Одоо бол хүүхэд орооход тэр дороо унтчихана. Ороож зураг дарахад хүүхдийн бие бага зэрэг үрэгддэг тал бий. Бусдаар бол ясны хөгжил зэрэгт ямар ч муу үр дагавар байхгүй. Ороож зураг дарахаар хүүхэд эгдүүтэй байдаг тул эцэг, эхчүүд хүүхдээ өндөг шиг болгож зургийг нь даруулах дуртай байна.
-Та нярайн гэрэл зургийг юу гэж тодорхойлох вэ?
-Нялх хүүхдийн зураг бол хамгийн нандин дурсамж. Эцэг эхийн зүгээс хүүхдүүддээ үлдээж чадах хамгийн сайхан бэлэг. Хүүхдийн нялх үеийн зургийг уран сайхнаар авч үлдээх нь эцэг, эхчүүд болон тухайн хүүхдийн хувьд маш дурсамжтай зүйл юм болов уу.
-Нярайн зураг дарахад хүндрэлтэй зүйл нь гэвэл?
-Бид маш халуун температурт ажилладаг. Тогтмол 25-28 градуст зургаа дардаг гэх үү дээ. Дутуу гарсан нярай хүүхдүүдийн зургийг дарахдаа өрөөний температурыг илүү дулаан болгоно. Ийм халуунд зураг дарахад хөлс гарна, их энерги зарцуулна. Гэсэн ч энэ ажилдаа би дуртай.
-Зургийн энэ олон санааг хаанаас олдог вэ?
-Дэлхийн алдартай гэрэл зурагчдын уран бүтээлээс санаа олж харна. Тэдний зургуудыг харна, тэднээс үргэлж суралцаж байна. Яаж шинэлэг зүйл хийх вэ гэж цаг ямагт ухаанаа уралдуулахыг хичээдэг ээ.
-Хувцас, зарим хэрэглэлүүдээ өөрсдөө хийж байна уу?
-Нярайн хувцаснуудаа өөрөө хийдэг байлаа. Нэхэхийг нь нэхэж, оёхыг нь оёно. Нойргүй хонох үе ч гарна. Одоо бол хүмүүсээр хувцас хийлгэж, мөн бэлэн хувцас бусдаас худалдан авдаг. Давтагдашгүй байлгах гэж. Зураг авалтын хувцас хэрэглэлээ бэлдэж ирдэг эцэг, эхчүүд ч байна. Бас манай студийн хувцас хэрэглэлүүдийг ашигладаг хүн ч байна.
-Та өдөрт хэдэн хүүхдийн зураг авч байна вэ?
-Өдөрт 2-3 хүүхдийн зураг дардаг.
-Бяцхан үрсийнхээ нярайн зургийг даруулахаар зэхэж буй эцэг, эхчүүдэд өгөх таны зөвлөгөө сонин байна?
-Юуны өмнө манайхыг сонгож үйлчлүүлдэг эцэг, эхчүүддээ баярлалаа. Тэд маш их хүлээлттэй, сэтгэл хөдлөлтэй орж ирдэг. Хүүхдийнхээ зургийг даруулах гэж байгаа эцэг, эхчүүддээ хандаж хэлэхэд хүүхдээ унтуулахгүйг байлгаж байгаад ирээрэй гэж захимаар байна. Бусдыг нь бид хийнэ.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)