"Зуны шөний театр"-т "Шөнө дундын бүжиг" ирэх сараас үзэгчдийн хүртээл болно. Үүнтэй холбогдуулан Соргодогийн Жаргалсайханы хүү Билгүүнтэй ярилцлаа. Тэрбээр Япон улсад 17 жил амьдарч, эх орондоо ирээд "Шөнө дундын бүжиг" жүжгийн продюсероор ажиллаж буй. Уг жүжиг анх 2003 онд үзэгчдийн хүртээл болж байсан ч өдгөө 20 жилийн дараа дахин тоглогдох юм.
-“Шөнө дундын бүжиг” жүжиг тайзанд дахин тавигдах гээд зав муутай байна уу. Ярилцлагын эхэнд манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би зохиолч С.Жаргалсайханы хүү Билгүүн. Японд найруулагч, продюсер мэргэжлээр төгсч ирээд “Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор ажиллаж байна. Аавын минь 65 насны ой энэ онд тохиож байгаа тул энэ жүжгийг дахин тавихаар зэхэж байна. Мөн аавынхаа “Чингис хааны нууц түүх” зохиолыг Япон, Англи хэл дээр гаргаж амжлаа.
-Удахгүй тайзанд гарах “Шөнө дундын бүжиг” жүжгийн талаар дэлгэрүүлж яривал?
-Соргодогын Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжиг анх 2003 онд тавигдаж байсан бол 2013 онд хоёр дахь удаагаа тавигдаж байлаа. Энэ удаа гурав дахь хувилбар нь Орфей театрын найруулагч М.Батболдын найруулгаар тавигдана. Жүжигт кабарет урсгалыг оруулснаараа онцлогтой. Кабарет драма гэдэг нь бүжиг, биеийн хөдөлгөөний хэлэмжээр жүжгийн утга санааг илэрхийлнэ. Найруулагч М.Батболдын тухайд жүжиг бол жүжгээрээ академик явна, гэхдээ жүжгийг өөр стильд оруулахаар ажиллаж байна.
Дүрүүдийн тухайд Төрийн соёрхолт, жүжигчин Ц.Төмөрбаатар, УДЭТ-ын жүжигчин Д.Асардарь, Т.Сэргэлэн, “Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин С.Батзориг болон залуу жүжигчин Н.Нархажид гол дүрд тоглоно. Нэмж сонирхуулахад “Шөнө дундын бүжиг”-ээс өмнө нь харж байгаагүй дүрүүдийг харуулна. Одоо тавих дүрүүдийг энэ нийгэмд ямар өнцгөөр хэрхэн хүрэх тал дээр анхаарч байна. 20 жилийн хугацаа өнгөрсөн ч цаг үеэсээ хоцроогүй, өнөөдрийн нийгэм өөрчлөгдөөгүй байж магадгүй юм.
-Та “Шөнө дундын бүжиг” жүжгийн зохиол төрж байхад дэргэд өссөн болохоор хэн хүнээс илүү мэднэ. Жүжгийн зохиолын талаар эргэн дурсахгүй юу?
-Аав минь “гал, цогтой” эмэгтэй жүжигчнийг зохиолоороо гаргахыг хүсдэг хүн. Тэр утгаараа жүжиг, киноны зохиолдоо голлон эмэгтэй дүрийг тодруулж гаргадаг. Феминист хүн байж дээ. “Шөнө дундын бүжиг”-ийн зохиолыг гурав хоногт бичсэн.
-Маш бага хугацаанд энэ жүжгийн зохиол бүтжээ?
-Тийм ээ. Зохиолын эмэгтэй гол дүр болох Шубира гэх эмэгтэйн дүрээр өнөө цагийн амьдралын хүнд хүчир ачааг үүрээд явж буй эмэгтэй хүний мөн чанарыг тодруулж харуулахыг зорьжээ гэж дүгнэж байна. Аав маань уншигч, үзэгчдэд зохиолынхоо нэр болон клипийг нь үзээд ойлгох хэмжээний зохиол бичдэггүй. Амьдралынхаа турш 80 орчим жүжиг, 40 орчим кино, гурван ном бичсэн байдаг. Үзэгч, уншигчдыг шаналгаж, зохиолыг амар ойлгохгүй байлгаж, ёстой л тархиар нь наадаж байж санаа нь амардаг хүн. Манай жүжгийн тухайд ч тайзанд юу өрнөх, яаж дуусах нь үзэгчдэд маш сайхан мэдрэмжийг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Жүжгийн дүрүүд сонирхол татаж байна?
-Бид мэргэжлийн жүжигчин байх ёстой гэх шалгуурыг тавьж дүрүүдээ сонгосон. Драмын жүжигт хэн дуртай нь жүжиглээд явна гэж байдаггүй. Найруулагч М.Батболд жүжигчдийн цар хүрээ, техник, дүрдээ орж буй байдал зэрэгт маш сайн ажиллаж байгаа. Сонгосон эмэгтэй хоёр жүжигчний хувьд бүжгийн суурьтай, бас мэргэжлийн бүжигчин учраас кабарет гэх ургалдаа илүү тохирсон болохоор сонгосон. Дээрээс нь жүжигчнээрээ ажиллаж байсан туршлагатай бүрэлдэхүүнийг бүрдүүлсэн. Олонд танигдсан, олон дагагчтай хүмүүсийг набор шиг цуглуулна гэхээсээ “Шөнө дундын бүжиг”-т эдгээр хүмүүсийг тоглуулахад ямар Шубира, Анка, Амиго, Дудра гарах вэ гэдгийг харуулмаар байна.
“Шөнө дундын бүжиг” жүжгийг Б.Сарантуяа, Т.Дэлгэрмөрөн дуучны хамтран дуулсанаар дуугаар илүү мэддэг байсан бол жүжгийг бодитоор нь үзэх, мэдрэх боломж бүрдэж байна. Магадгүй 20 жилийн өмнө 20 гаруй насныхан 40 гарсаныхаа дараа үзвэл их сонин. 2023 оны “Шөнө дундын бүжиг” ямар байх бол хэмээн сонирхох хүн олон байгаа биз ээ.
- Гол дүр нь Шубира хэвээрээ биз дээ?
-Жүжгийн гол бүр болох таван хүний аль нь ч гол дүр байж болохоор юм. Мөн нэг нууц задлахад эдгээр таван жүжигчин дээр нэг эмэгтэй жүжигчин нэмэгдэнэ.
-Хэн ирэх гэж?
-Хэн болохыг нь түр нууцалъя.
-Тэгвэл очоод мэдье дээ. Та бүхэн “Зуны шөнийн теарт”-т жүжгээ тавихаар зэхэж байна. “Зуны шөнийн театр”-ын онцлогоос тайлбарлавал?
-Бид “Зуны шөнийн теарт” гэдэг консевц барьж ажиллаж байгаа. Жүжгийн тайз бол үзэгчдийн голд байрлана, тайзаа тойроод 300 үзэгчтэй байна. Үзэгчид дотроо юм идэж, уух бүрэн боломжтой. Мөн үзэгчид өөрсдийгөө жүжгийн нэг дүр мэтээр мэдрэх юм. Ирсэн хүн бүрийн зуны нэгэн оройг гайхалтай, дурсамжтай болгох болно.
-Энэ удаагийн тавилт жүжигчдэд тайзнаас эхлээд шинэ сорилт болж байгаа бололтой?
-Тэгэлгүй яах вэ. Жүжигчид болон тайз тавилтын хувьд шинэ сорил болж байна. Үзэгчидтэйгээ 360 градус эргэж харьцана. Уйлж гунигтай байдлыг инээгээд баяртай үйл явдлыг илэрхийлдэг. Харин энэ жүжигт инээж байгаад гунигтай үйл явдлыг харуулах зэрэг сонин сонирхолтой шийдлүүдийг оруулна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.