Энэтхэг улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монгол Улсаас Доржпаламын Баттогтох алт, мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медальтай эх орондоо дөнгөж ирэхэд нь ярилцсанаа хүргэж байна.
-Тивийн тэмцээнд эх орноо төлөөлөн ганцаар өрсөлдөж, хос медальтай ирсэн танд баяр хүргэе?
-Үнэхээр баяртай байна. Насанд хүрэгчдийн 74 кг-ын жингийн суултын төрөлд 272.5 кг-ыг өргөж алт, таталтын төрөлд 260 кг-ын татаж мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр 662.5 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртлээ.
-Энэ таны хэдэн жилийн хөдөлмөрийн үр шим бэ?
-2009 оноос анхлан пауэрлифтингийн спортоор хичээллэж, 2017 оноос олон улсын тэмцээн уралдаанд тасралтгүй оролцож байна. Тивийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахиа оролцохдоо өнгөрсөн жил газраас таталтын төрөлд хүрэл медаль хүртсэн бол өнөө жил алт, мөнгөн медальтай болж, тивийн тэмцээний медалийн иж бүрдэлтэй болж байна. Би энэ тэмцээнд оролцох гэж цалингийн зээл дөрвөн сая, найз нөхөд, хамаатнуудаасаа үлдэгдэл дөрвөн сая төгрөгийг зээлээд явсан юм.
-Зээл тавин байж медальтай болохын хэрэг юу байна?
-Залуу насанд мөнгө олдоно, олдсоноо алдаж ч болно. Гол нь залуу нас эргэж олдохгүй, энэ хүч чадал эргэж ирэхгүй юм шүү дээ. Хүчтэй, бяртай байгаа дээрээ боломжоо ашиглая гэж бодсон, хичээсэн. Би алдаагүй ээ.
-Амжилтаа ахиулахад тань юу хамгийн ихээр нөлөөлсөн бол?
-Бэлтгэл сургуулилтаа бол тогтмол хийдэг. Гуравдугаар сарын 15-наас эрчимтэй хийж байгаа юм. Би Эрдэнэтийн дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанид ажилладаг бөгөөд ээлжийн амралтаа аваад энэ тэмцээнд 45 хоног бэлтгэсэн.
-Хилийн чандад эх орноо төлөөлөн ганцаараа өрсөлдөхөд хариуцлага илүү нэмэгдэж байгаа биз?
-Тэгэлгүй яах вэ. Өмнө нь багаараа олон улсын тэмцээнд оролцоход амар байж. Тусалж дэмжих хүнтэй, бас улсын нэр хүнд ганц хүнээс шалтгаалахгүй болохоор сэтгэл зүйн дарамт бага байж. Пауэрлифтингийн хэрэглэлтэй төрөлд өрсөлдсөн болохоор тусламж авах хэрэг гарна. Гэхдээ би бас азтай. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Баттулга ах маань Казахстаны багаас надад туслах санал тавьсан нь амжилт үзүүлэхэд дэм боллоо. Өөрөө бол тэмцээний ерөнхий шүүгчээр ажилласан. Намайг энэ тэмцээнд оролцуулах гэж хаа хол Гүржээс Энэтхэг рүү ирж амжилтанд хүргэсэнд баярласанаа илэрхийлье.
-Орхон аймагт пауэрлифтингийн спорт хурдацтай хөгжиж байгаа гэж дуулсан. Үүний нэг жишээ нь та байна?
-2010 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхад Орхонд нэг клубтэй, 2-3 тамирчин л өрсөлдөж байлаа. Одоо өөр болж, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 60 гаруй тамирчин өрсөлдтөлөө олон болсон. Биеэ даасан 10 клубтэй, тив, дэлхийн медальтай 10 гаруй тамирчин бий.
-Орхон аймагт пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн болсон байх аа?
-Орон нутагт энэ спортын улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа болсон, зохион байгуулалтын тал дээр хүмүүс их ам сайтай байна билээ.
-Пауэрлифтингээр хичээллэхийн сайхан нь юундаа байна?
-Өрсөлдөгчтэй спорт боловч амжилтанд тэмүүлэхийн тулд өөртэйгөө өрсөлдөх нь хамгийн чухал шиг. Амжилтанд тэмүүлэх замдаа архи, тамхи болон элдэв муу зуршлаас хол байж чадаж байна. Хоолны зөв дэглэмтэй болно. Би 74 кг-ын жингээ 10 жил барьж чадаж байна.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (3)