Монголын спортын салбарын ачааны хүндийг олон жил нуруундаа үүрч явсан байгууламж бол Спортын төв ордон. Эндээс л олимпын анхны аварга төрөн гарч бас тив, дэлхийн олон шилдгүүд базаагддаг. 1958 онд баригдсан Спортын төв ордныг мэргэжлийн хүмүүс ирж дүгнэлт хийхэд эрсдэлийн үнэлгээгээр маш муу дүнтэй гарчээ, харамсалтай нь энэ үнэн. Онцгой байдлын газраас өнөөдөр таниулга яриа хийжээ.
Хүний насаар бол тэтгэвэрт суусан барилга. Хуучирсан энэ барилгад 50 орчим төрийн албан хаагч, Үндэсний шигшээ багийн 100 гаруй тамирчин, дасгалжуулагч бэлтгэл сургуулилтаа хийдэг байна. Улсын маань шилдэг тамирчид ийм нөхцөлд олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэгддэг. Нэн эрсдэлтэй энэ барилгад мөн 500 орчим сурагч ерөнхий боловсролын мэдлэг олж авч байгаа бөгөөд спортын дугуйланд нь 2000 орчим хүүхэд багачууд бэлтгэл хийдэг гэх.
Газар хөдлөлтийн аюултай нөхцөлд өдий тооны хүн нэг дор байгаа нь эмгэнэл. Спортын салбар хариуцсан сайд нь хүртэл ажлын албаныхнаа энд шургуулж, өөрөө төрийн ордонд тухлан суудаг байна. Монголын спортын салбарын төв барилга байгууламжийнх нь үнэн төрх ийм байхад салбар хариуцсан сайд нь орон нутагт гутлын улаа эргэтэл хээв нэг бүжиж явах.
Спортын төв ордонд анхаарлаа хандуулж, одоо ажлаа хиймээр байх юм, сайд аа. Хэдий болтол шивтэр үнэртсэн барилгад шигшээ багийн тамирчид маань бэлтгэлээ хийсээр байх вэ. Спортын төв ордон нь 8162 м3 талбайтай, ашигтай талбай 7700 м3 юм. Энэ барилгыг нурааж, оронд нь шинэ ордон барих бүрэн боломжтой байгаа биз.
А.Болдбаатар