ЮНЕСКО-ын Ерөнхий бага хурлын 2011 онд Парис хотноо хуралдсан 36 дугаар чуулганаар жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг Олон улсын жазз хөгжмийн өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэжээ.
Дэлхий нийтэд “Жазз найрал хөгжим”-ийг хоёр өөр ертөнц, хоёр өөр иргэншил дунд үүссэн гэж тайлбарладаг. АНУ-д Африкийн хар арьстнуудыг аваачиж боолчлох үеэр хар арьстнуудын дунд жазз хөгжмийн төрөл үүсчээ. Энэ нь поп рок, хард рок, метал рок гэсэн төрлүүдээр хөгжсөн гэж мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Жазз урлагийн олон урсгал, дахин давтагдашгүй хэмнэл нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлын эсрэг тэмцэлд итгэл найдвар, урам зориг өгч байжээ.
Улмаар жазз хөгжим нь дэлхийн соёлын төрөл зүйлийг улам баяжуулж, хил хязгаарыг түвэггүй дамнан, хүн төрөлхтнийг нэгтгэдэг хэмээн ЮНЕСКО-гоос онцолжээ.
АНУ-ын хүний эрхийн төлөө тэмцэгч, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг үзэлтэн, уран илтгэгч Мартин Лютер Кинг “Жазз хөгжим амьдралыг өгүүлдэг” гэжээ. Энэ хөгжмийн XX зууны гол төлөөлөгчид гэж Д.Элингтон, Г.Шуллер, Ж.Льюис, М.Дейвис, Ж.Колтрейн нар гэж судлаачид үздэг.
Монголын “Жазз найрал хөгжим” (дагшаа найрал хөгжим)-ийн хөгжил нь “Баян Монгол чуулга”-ын уран бүтээлчидтэй салшгүй холбоотой. Энэ чуулга нь 1967 онд байгуулагдаж 1969 оны 7 дугаар сарын 10-нд УГЗ, хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байжээ.
“Жазз найрал хөгжим”-ийн бүрэлдэхүүнд хөгжмийн зэмсэг нь 5 саксафон, 4 нарийн бүрээ тэр тооны тромбон бүрээ ордог. Түүнээс гадна төгөлдөр хуур, бөмбөр, басс гитар буюу контор басс багтдаг байна. Яг ийм бүрэлдэхүүнээр 2014 оноос эхлэн “Баян Монгол” чуулга нь жазз хөгжмийн бүтээлүүдээс хөгжимдөж, урын сангаа баяжуулж буй.