Булган аймгийн Хангал сумын “Доод эвэртэй” гэдэг газарт Бүрэнгийн нуруунаас бууж ирсэн хүрэн баавгай энэ сарын сарын 21-22-нд бог мал барьж идсэн тохиолдол гарчээ. БОАЖЯ-наас баавгай ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар ард иргэдэд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгч байна.
- Баавгай хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ирсэн тохиолдолд орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн БОАЖГ-ын холбогдох мэргэжилтэнд хандах
- Аймаг, сумын ажлын хэсгийг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдлөлийн замнал, явсан газар орны зураглал тогтоох, авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах
- Баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд; эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх
- Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух
- Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах гэх мэт
- Машин, мотоцикл, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах
- Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгайг хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикл, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх
- Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх
- Баавгай үзэгдэж, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбарыг байрлуулах
- Тухайн эрсдэлт бүсэд амьдарч буй иргэд малчдад яриа таниулга зөвлөмж, сэрэмжлүүлэг тараахыг, яаралтай тохиолдолд “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” /Утас: 88001414, 88623198/; “Амьтан-Асралт” ХХК /Утас: 99772972/ яаралтай мэдэгдэхийг зөвлөлөө.
Сэтгэгдэл (1)