2025 оны Үндэсний Дээд лигийн аварга баг "East Asian Super League"-т оролцох талаар Монголын Сагсанбөмбөгийн холбооны ЕНБД С.Төгсжаргал өөрийн цахим хуудсандаа ийнхүү нийтэлжээ.
Тэрбээр "Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн East Asian Super League-ийн 2025-26 оны улирлаас МСБХ-ны Үндэсний Дээд лигийн аварга багийг оролцуулах шийдвэр нь гарч албан ёсны урилга ирлээ.
Ингэснээр манай лигийн аварга баг Японы B лиг, БНСУ-ын KBL, Филиппиний PBA, Тайваний P лигийн аваргуудтай өрсөлдөх боломжтой болж байна. Эдгээр багууд дээр Хонгконг, Макаогийн мэргэжлийн багууд оролцдог.
Манай багууд Азийн топ багууд өрсөлдөх нь багуудад маш олон талын хөгжлийн давуу талтайгаас гадна багийн санхүүгийн хувьд нэмэлт зардалгүйгээр орлого олох боломжийг үүсгэж байгаагаараа хамгийн давуу талтай юм.
Мөн Дэлхийн хамгийн их хүн амтай бүс болох БНСУ, Япон, Тайвань, Хонгконг, Макао, Филиппин, БНХАУ, Энэтхэг гэх мэт улсуудад Монгол улсынхаа нэрийг сагсан бөмбөгөөр дамжуулан сайнаар мандуулах боломж юм. Учир нь EASL-ийн медиа баг нь Азийн түвшинд маш өндөр хэмжээнд хүрч ажилладаг. EASL нь ФИБА-д хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаатай бизнес лиг юм" гэжээ.