Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцах болно. Энэ удаа цагтаа тахигдаж байсан "10, 20"-тын дэвсгэртийн хувь заяа хэрхэн хувиралд орсныг өгүүлж байна.
Монгол төгрөг үнэгүйдэж буйг хэн, хүнгүй л мэдэж байгаа. Сүхбаатар жанжны зураг бүхий мартагдах шахаж, гүйлгээнээс шахагдахдаа тулж буй аравт, хорьтын төгрөг түрийвчээр минь дүүрэн, магадгүй танай гэрийн хаа нэгтээ "орхигдсон" золгүй төгрөг хэвтэж байгаа даа.
Дэлгүүр орлоо. Авсан барааны үнэ 1500 төгрөг болов. Бэлэн мөнгө дутсан тул арав, хорин төгрөг тоолоод зогсож байтал хажуу талаас танихгүй хүн, өөдөөс минь худалдагч хоёр өөдөөс минь энгэр цээж хүйт даатал ширтэж байх нь тэр. Ингэтлээ нүд үзүүрлэгдсэн арван төгрөг айлын жорлонд хэвтэхээс өөр яах вэ?
Цагтаа 5-ын га, 10-ын чавга, шагнал урамшууллын бай болж явсан гэх яриа үлгэр домог болон үлдэж, өдгөө бэлэн мөнгөний гүйлгээнд ямар ч үнэгүй "цаас" болон хувирчээ. "Дансанд байхдаа арслан бар мэт, данснаас гарахдаа үл үзэгдэгч" мэт болж дээ.
Арав, хорин төгрөг харганын толгойд тээгэлдсэн хог болоход л ард түмний амьдрал элгээрээ мөлхсөн гэдгийг хүнээр хэлүүлэлтгүй мэдэж баймаар. Задгай мөнгөөр тооцоо хийхээсээ ичдэг болсон нэгний өмнө задарсан баян шиг харагдахын тулд бутархай төгрөгөө далд хийх ёстой юм шиг санагдана. Тэр байтугай арван төгрөг ч үгүй болох үе хүнд бишгүй л ирдэг шүү дээ.
Гологдсон мөнгөн дэвсгэрт дотор мартагдсан хүмүүс амьдардаг. 10-т, 20-тын дэвсгэртийн тухай яриа хэн нэгний аав ээжийн тухай дурсамж, зах зээлээс арчигдсан чихэр шиг санагдана.
Дэлгүүрээс ч гарлаа. Халаасанд минь өнөөх л "гологдсон" мөнгөн дэвсгэрт. Ичиж атгасан гарын хөлсөнд сэтгэл шиг "халтартсан" арав, хорин төгрөг. Улсынхаа мөнгөн тэмдэгтээс ичих хэрэггүйг, дуслыг хураавал далай болохыг үр хүүхэддээ ойлгуулж байгаасай.
М.ДЭВЭЭЖАРГАЛ