Улсын их хурлын тухай хуульд заасны дагуу УИХ-д дахин сонгогдоогүй гишүүнд 12 сарын тэтгэмж өгдөг асуудал яригдаад буй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тодрууллаа.
Тэрбээр "УИХ-ын тухай хуулиар гишүүний нийгмийн баталгаа, эрх зүйн байдал гэх мэт бүх асуудал шийдэгддэг. Ард түмний төлөөллийн эрхийг хэрхэн яаж хэржүүлэх юм бэ гэдгийг УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулиар зохицуулдаг гэсэн үг.
Шинэ Үндсэн хууль батлагдсан 1992 онд анхны УИХ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор энэ хуулийг баталсан. Тэр хуульд ийм заалт байсан. УИХ-ын гишүүн дахин сонгогдоогүй, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн тохиолдолд өмнө нь эрхэлж байсан ажилд буцаан тавих, үгүй бол дүйцэхүйц ажил албан тушаалд тавих зэрэг. Дараа нь 1997 онд УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд, ажилд нь буцаан томилно, зургаа хүртэлх сарын нэг удаагийн тэтгэмж олгоно гэсэн байдаг.
2006 онд дахин сонгогдоогүй, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн бол 12 сар хүртэлх тэтгэмж, эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тавина гэсэн заалт байсан. Энэ нь 2020 он хүртэл 14 жил хэрэгжсэн. 2020 онд бол өмнө нь ажилд нь буцаах, үндсэн цалин болон нэмэлт цалинтай дүйцэхүйц 12 сарын тэтгэмж буюу буцалтгүй тусламж өг гэсэн заалт байсан.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын их хурлын тухай хуулийг өмнөх парламент баталсан буюу 2024 оны 5-р сарын 24-нд батлагдсан. Энэ хуулийн 41.9 өмнө эрхэлж байсан албан тушаалд буцаан тавих гэдгийг хассан. Энэ бол шинээр гарч ирсэн зүйл биш. Надад хуулийг зөв, буруу гэж ярих эрх байхгүй.
Энэ бол ганцхан Монгол Улсад байдаг зохицуулалт биш. Олон улсад байдаг зүйл. Ийм зохицуулалтгүй улс ч бий.
Санаж байгаагаар 76 гишүүнтэй парламентаас 38 гишүүн нь дахин сонгогдсон. 30 гишүүн тэтгэмж авсан. Гэхдээ 12 сарын тэтгэмжийг нэг дор авахгүй, өөрөө өргөдөл өгч байж сар, сардаа тэтгэмж авдаг гэсэн үг.
Үе үеийн парламентад энэ тэтгэмжийг аваагүй нь ч байгаа, авсан нь ч байгаа. Харин орон сууцны дэмжлэг УИХ-ын гишүүдэд өгнө гэсэн зохицуулалт байхгүй" гэв.
Сэтгэгдэл (4)