Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхэд, их, дээд сургуулийн оюутнуудад ном унших сэдэл тэмүүлэл төрүүлэх, бүтээлчээр унших арга зүйг эзэмшүүлэх, энэ үйлсэд олон нийтийг татан оролцуулах зорилгоор БШУЯ-аас “Ном” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Өчигдөр орой МҮОНТ-ийн студид ном бүтээгчид болон уншигчид чуулж энэ чиглэлээр шууд ярилцлагад оролцсон юм. Ярилцлагад ирсэн зочид хүүхэд залууст ном унших ёстой гэж тулгадаг хуучин хандлагыг халж, ном уншихын ач холбогдол, номыг хэрхэн унших вэ гэх зэрэг мэдээллийг өгч, номоор дамжуулан мэдлэгээ тэлэх боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурин дээр нэгдэж байлаа. “Ном” хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд залууст ном унших, номыг эрхэмлэх үзэл санаа төлөвшиж, эцэг эхчүүд хүүхдээ номтой нөхөрлүүлэх хэрэгцээг ухамсарлаж, номын тусламжтайгаар бүтээлчээр сэтгэж ярихад хүүхдээ сургах энгийн арга барилуудыг эзэмших юм байна.