“Үзэсгэлэн болгогч” туулай жилийг угтан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” төвд дэлгэгджээ. Сар шинэ болоход 20 гаруй хоног дутуу байгаа ч нийслэлчүүд цагаан сарын бэлтгэлээ эртнээс базааж буйг үзэсгэлэн худалдаанд холхих хүмүүсийн хөдөлгөөнөөс харж болохоор байв. Намхан гэмээр шаргал байшингуудын хэсэг бүрт сар шинийн бэлгийн багцууд, үндэсний хувцас, хэвийн боов, цагаан эдээ болон гар урлалын бүтээгдэхүүнүүд цөм бүрджээ. Үзэсгэлэн худалдаа руу орох төдийд л үүднээсээ эхлээд “Монголд үйлдвэрлэв” гэх бүтээгдэхүүнүүд тодорч харагдана. Гадаадын, гаднын нэг шошготой бүтээгдэхүүн бараг л байсангүй. Тиймдээ ч жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 15-20 мянга орчим төрлийн бүтээгдэхүүн нь “үндэсний” гэх нэрэндээ нийцсэн дотоодын бараа бүтэгдэхүүнүүд байгаа нь өмнө жилийн үзэсгэлэн худалдаануудаас давуу гэлтэй. Бараа бүтээгдэхүүн дэлгэгдсэнээс гадна үндэсний ёс заншилыг хадгалсан наадгай тоглоом байх бөгөөд хүмүүс их л сонирхож байгаа харагдана.
Худалдаачдын хэлж буйгаар ихэнх хүмүүс баяр дөхүүлээд бэлтгэлээ базааж эхэлдэг ч энэ удаад үнэ сонирхсон, харьцуулалт хийсэн хүмүүс их байгааг хэлж байв. Үзэсгэлэн худалдаа хэд хэдэн тасагт хуваагдах бөгөөд хүнсний тасагт хамгийн их хүн холхиж байх нь тэр. Ааруул, хэвийн боов амссан хүмүүс хүнсний тасгаар дүүрэн байв.
-Үндэсний үйлдвэрлэгч Г.Дагиймаа: Гурлийн үнэ нэмэгдсэн ч хэвийн боовний үнэ өнгөрсөн жилийн үнээр зарагдаж байна-
Тэрбээр “Өнгөрсөн жил “Мишээл экспо”-д түрээс төлдөг байсан. Тухайн үед түрээстэй байсан учраас гүрмэл боов 6000 төгрөг, ул боов 4500-5500 байсан. Энэ жил гүрмэл 5500 болсон, бусад хэвийн боовнууд яг өнгөрсөн жилийн ханшаар байгаа. Гурил, сахар гэх мэт бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдсэн. Гэхдээ бид ч мөн нийгмийн хариуцлагын хүрээнд ашиг орлого гэхээсээ илүү хүмүүсийн амьдрал ямар байгаа билээ гэдгийг бодолцож үйлдвэрийн үнээрээ л зарж байгаа” гэв.
Хэвийн боовны үнэ
- Өгөөжийн боов 4250-5250 төгрөг
- Тариан түрүү 3000 төгрөг
- Суман гүн 2000-4500 төгрөг
- Еэвэн 4500-20.000 төгрөг
Ихэнх үндэсний үйлдвэрлэгчид, худалдаачид, сар шинийн баяр хараахан дөхөөгүй байгаа ч тавгын идээ, гар цайлгах бэлэг, дээл гоёл зэргийн худалдан авалт чамалхааргүй сайн байгааг хэлж байлаа.
-Р.Пүрэвжал: Нүдээ аньж байгаад л 20,30 мянган төгрөгөөр оймс аваад өмсчихдөг-
Тэрбээр “Тэтгэврийнхээ мөнгөөр цагаан сарынхаа бэлтгэлийг базааж байна. Тавгын идээ, ааруул өрөм гээд л бүгдийг нь авлаа. Зарим газар ихаятайхан юмнууд зарагдаж байна. Гэхдээ жаахан үнэтэй санагдлаа. Тэтгэвэр 500 мянган төгрөг. Баяр давхацсан үед 500 мянган төгрөг хаанаа ч хүрдэггүй. Гэхдээ сар шинийн баяртаа зориулаад худалдан авалт хийлээ.
Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үнэ нь дийлдэхгүй юм. Түүнээс биш авмаар л байна. Эмээ нь Монгол үйлдвэрийнхээ юмыг авах их дуртай. Нүдээ аньж байгаад л 20,30 мянгаар оймс хүртэл аваад өмсчихдөг.
Заримдаа бол урд зүгийн бараа тав, арван ширхэгийг авчихбал өөрт арай хэрэгтэй юм. Мөн цагаан идээ ааруулын амт боломжийн болсон байна. Өмнө нь ааруул, өрөм хольцтой байдаг байсан. “Ямартай ч та нар овоо Монголжсон байна” гэж хэлээд хэдэн охидуудыг нь инээлгээд явж байна даа. Ийм сайхан үзэсгэлэн болж байгаад байгаад баяртай байна” гэлээ.
-"Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-ын Дэд дарга А.Анхбаяр: Түрээсийн төлбөр авахгүй байгаа нь бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах давуу талтай-
Тэрбээр “Амар байна уу” сар шинийн үзэсгэлэн худалдааг Нийслэлийн засаг даргын санаачилгаар Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын хамт олон хамтран зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд 21 аймаг есөн дүүргийн мянга гаран жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар хамрагдаж байгаа. Мянга гаран жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдээс 15 мянгаас 20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанд борлуулагдаж байна.
Бид төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэдэг. Тэр ч утгаараа түрээс, зохион байгуулалтын зардалд нэг ч төгрөгийн төлбөр авахгүй. Энэ нь үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээрээ худалдан авагчдад борлуулах давуу талтай.
Мөн нэг зүйлийг сануулж хэлэхэд сар шинийн баярт зориулж Монголчууд 1.3 тэрбум их наядын худалдан авалт хийдэг. Үүнээс нэг их наяд нь импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулдаг гэсэн тоо мэдээ бий. Иймээс энэхүү арга хэмжээгээрээ тус мөнгийн дотооддоо үлдээх, эргэлдүүлэх том зорилготой.
Мөн энэ үзэсгэлэн худалдаагаараа үндэсний хэмжээний томоохон аж ахуй нэгжүүдийг бичил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчидтэй хооронд нь холбох, тухайн аж ахуй нэгжид бараа бэлтгэн нийлүүлэх түүхий эдийг нь нийлүүлэх зэрэг ажлыг эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах зорилготой "Be to be" уулзалтуудыг мөн зохион байгуулж байна" гэв.
Б.Мичидмаа