Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам тойрсон эргэлзээг тайлж, “Бодь Интернэшнл”-ийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр энэхүү төсөл хэрхэн эхэлсэн хийгээд “Эрдэнэс Тавантолгой” компани, “Бодь Интернэшнл” компанийн хооронд байгуулсан оффтейк гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр түүний онцолсон 5 тоог танилцуулъя.
11 жил
Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл хэзээ эхэлсэн талаарх түүхийг товч ярья. 2008 оны зургаадугаар сард "Энержи ресурс" компанид энэ төмөр замыг барих концессын эрхийг өгсөн байдаг. Улмаар "Энержи ресурс" бэлтгэл ажлаа хийж явсаар дөрвөн жилийн дараа буюу 2012 онд концессын гэрээгээ байгуулсан. Ийн "Энержи ресурс" компани энэ төмөр замын ажлыг эхлүүлсэн. 2008 оны зөвшөөрөл С.Баярын Засгийн газрын үед, 2012 онд Сү.Батболдын Засгийн газрын үед концессын гэрээ байгуулах эрх нь өгөгдсөн байдаг. Харин 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд, таван сарын өмнө хийгдсэн лицензийг цуцалсан. Ингээд тус лицензийг төрийн өмчит компани болох "Монголын төмөр зам" руу шилжүүлсэн. "Монголын төмөр зам" компани "Энержи ресурс" компанитай хэлэлцээ хийгээд, нөхөн төлбөр болон гаргасан зардлыг нь олгосон. Түүнчлэн Хөгжлийн банкнаас 400 хүртэлх сая ам.долларын санхүүжилт авна гэж хэлээд, эхний 200 сая ам.долларын санхүүжилтээ аваад, ажлыг үргэлжлүүлсэн. Гэхдээ "Монголын төмөр зам" ТӨХК "Энержи ресурс" компанийн хэрэгжүүлж байсан ажлыг огт хөндөхгүйгээр, сонгочихсон байсан Samsung гэх компанийг үргэлжлүүлэн ажиллуулсан. Шинээр тендер зарлаагүй. Гэвч энэ ажил 2014 оноос санхүүжилтгүйн улмаас зогссон. Үүний дараа хөрөнгө мөнгө завшсан байж болзошгүй гэх хэрэг үүсгээд шалгалт оруулсан. Ийнхүү энэ төсөл 2014-2015 онд бүрэн зогссон.
Тухайн үед Samsung компанийнхан 210 гаруй километр суурь бүтцийн үндсэн инженерийн байгууламжуудыг барьж байхад нь төсөл зогссон. Үүний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжаар энэ төслийг гадаадын компанитай хамтрах ажлын хэсэг байгуулсан. Улмаар 2015 оны долоодугаар сард УИХ-аас ажлын хэсэг байгуулсан байдаг. Тухайн үед БНХАУ-ын "Чайна Шэнхуа Энержи" компани сонгон шалгарсан. Гэвч тус компанийн "Энержи Ресурс" компанитай байгуулах гэж байгаа гэрээ нь Монгол Улсын эрх ашигт нийцээгүй, Монголд илт хохиролтой байна гэж үзээд энэ гэрээг цуцалсан. Ингээд 2019 он хүртэл энэ төсөл 11 жил таг зогссон.
2013 он
"Энержи ресурс"-ийн захиалгаар 2013 онд батлагдсан ТЭЗҮ-ийн өртөг нь 1 тэрбум 98 сая ам.доллароор батлагдсан. Энэ ТЭЗҮ-ийн хүрээнд ажлаа хийж байхад нь захиалагч нь "Монголын төмөр зам" ТӨХК болж солигдсон. Энэ ТЭЗҮ дээр нэг ч төгрөгийн өөрчлөлт ороогүй. Үүнд үндэслэж, Samsung ажлаа явуулсан. Үүний дараа өмнө нь зарцуулсан 274 сая ам.долларыг нөхөн төлбөр, торгууль зэрэгт төлсөн. Улмаар зөрүү болох 792 сая ам.доллароор манай компанитай гэрээ байгуулсан. Бидний анхны гэрээ 792 сая ам.долларын гэрээ. Тэгэхээр ТЭЗҮ-д ямар ч өөрчлөлт ороогүй. Энэ ТЭЗҮ нь хил рүү очоогүй, хилээс 37 километрийн наана хүрэх төмөр зам байсан. Дараа нь төрийн байгууллагын зүгээс нэмж 80 километр төмөр зам нэмээд, хил хүртэл тавих санал гаргасан. Улмаар 213 сая ам.долларын ажлыг манайд өгсөн. Ийнхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төслийн нийт өртөг нь 1 тэрбум 5 сая ам.доллар.
1 сая 460 мянган ам.доллар
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн цогцолбор төсөл нь нийт зургаан багц ажлаас бүрдэнэ. Энэ зургаан багц дотроос зөвхөн төмөр зам 474.2 сая ам.долларын ТЭЗҮ-ийн өртөгтэй. Тэгэхээр нэг километр төмөр зам 1 сая 460 мянган ам.долларын өртөгтэй. Энэ цогцолбор төсөл төмөр зам, дохиолол холбоо, барилга байгууламж, эрчим хүч, хөдлөх бүрэлдэхүүн засварын тоног төхөөрөмж, машин механиз гээд зургаан багц ажлаас бүрдэнэ. Эдгээр ажлын өртөг 896.1 сая ам.доллар. Энэ өртөг нь 2013 оны ТЭЗҮ-ийн өртөг гэдгийг дахиж хэлмээр байна. Бид нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам барьсан. Манай улсад баригдсан бусад төмөр замууд цөм гуравдугаар зэрэглэлийнх. Энэ хоёр техникийн маш олон зүйлээрээ ялгаатай.
60 доллар
Нүүрсний гэрээтэй холбоотой асуудал мөн яригдаж байна. Энэ төслийг санхүүжүүлэгч нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, захиалагч нь “Тавантолгой төмөр зам”. Энэ хоёр хоёул төрийн өмчит компани. Харин манайх ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Захиалагч талаас бидэнд 30 сарын дотор төмөр зам барьж өгөх үүрэг өгсөн. Биднийг энэ төмөр замын ажлыг эхлэх гэж байхад Дарханы замын ажил эхэлчихсэн байна. Харин манай санхүүжилтийг 60 сарын хугацаанд өгөх нөхцөл тавьсан. Бид энэ шаардлагыг хүлээж авсан. Улмаар төслийн гэрээний урьдчилгаа болгож 15 хувийг бэлнээр, үлдсэн 85 хувийг 60 сарын хугацаатай нүүрсээр өгөх гэрээ байгуулсан. 2019 онд Монгол Улсын Засгийн газар болон “Эрдэнэс Тавантолгой” ХК гадаадаас мөнгө босгох гээд чадаагүй. Дотоодоос ч мөнгө босгох гээд чадаагүй. Учир нь энэ төмөр замын төсөл хамгийн чухал төсөл гэдгийг мэдэж байсан. Цорын ганц бололцоо нь нүүрсээ л өгөх байсан. Ийм учраас нүүрсний гэрээ рүү орсон юм. Нүүрсээ бидэнд яаж өгсөн талаар танилцуулья. Манайхыг маш хямд буюу нэг үнээр тогтмол нүүрс авдаг гэх асуудал яригдаад буй. Бид 2019 оны дөрөвдүгээр улиралд 60 ам.долларын анхны гэрээний үнэ гарсан. Тэр үнэ индексээр гарсан. Тус үнийг бид тогтоодоггүй. Одоо нүүрсний үнэ 100 орчим ам.доллар байгаа. Улирал тутам нүүрсний үнэ шинэчлэгдэж, өөрчлөгддөг. Яг тэр үнээр л бид авдаг. Түүнчлэн манайхаас хямд үнээр нүүрс авч байгаа хятад худалдан авагч олон байгаа. Бид хамгийн хямд үнээр худалдаалж байгаа худалдан авагч биш гэдгийг хэлмээр байна.
225 сая ам.доллар
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийн ажил 80 гаруй хувьтай явж байгаа. Энэ төсөл дээр бид өөрсдөөсөө 800 гаруй сая ам.долларыг зарцуулсан. Төрөөс 400 орчим сая ам.долларыг нүүрс болон бэлэн мөнгө авсан. Өнөөдрийн байдлаар төрөөс 225 сая ам.долларын авлагатай. Хэрэв төр мөнгөө өгч чадахгүй бол торгуультай. Бид ажлаа хийж чадаагүй бол мөн 20 хувийн торгуультай. Гэрээний хүрээнд. Бид 200 сая ам.долларыг гаднын компаниас босгосон. Одоо тэдгээр компанид өглөгтэй. Энэ ажлын гэрээнд ч, санхүүжилтэд нь "Голомт" банк оролцоогүй.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (6)