Лхагва гаргийн өглөө Лас Вегас дахь Трамп зочид буудлын гадаа "Tesla Cybertruck" автомашин дэлбэрчээ. Уг машины ачааны хэсэгт жолоочийн суудаг хэсэгтэй холбоотой тэсэлгээний систем, салют, бензиний сав холбосон байсныг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн байна.
"Холбооны мөрдөх товчоо энэ үйл явдлыг террорист ажиллагаа мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байна" гэж Холбооны мөрдөх товчооны Лас Вегас дахь төлөөлөгчийн газрын тусгай төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жереми Шварц лхагва гарагт мэдэгдэв. Лхагва гаргийн өглөөний 8:40 цагийн орчимд зочид буудлын гадна машин шатсан тухай мэдээлэл ирж, гал унтраагчид шуурхай ажилласан байна.
Cybertruck дотор нэг хүн нас барсан байдалтай олджээ. Одоогоор албаныхан мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж цогцсыг хэн болохыг шалгаж байгаа гэнэ. Дэлбэрэлтийн улмаас долоон хүн шархадсан бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байгаа аж. Уг машиныг Колорадо мужаас түрээсэлж унасан бөгөөд лхагва гаргийн өглөө 7:30 цагт Лас Вегаст ирсэн болохыг мөн тогтоогоод байна.
Нэг цаг орчмын дараа Лас Вегасын өргөн чөлөөгөөр явж байгаад Трамп зочид буудал руу ирж дэлбэрсэн гэж албаныхан мэдэгдсэн.
Мөрдөн байцаалтын ажиллагааны үр дүнд уг машиныг түрээсийн "Туро" компаниар дамжуулан түрээсэлсэн байна. Саяхан Нью Орлеанд олон хүнийг машинаар дайрч хөнөөсөн хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн этгээдийн унаж яюсан машин мөн л "Туро" компанийнх байсан нь хачирхалтай.
Одоогоор эрх баригчид энэ хоёр хэрэг ямар ч холбоог тогтоогоогүй байна. Түүнчлэн Элон Маск X дээр бичсэн нийтлэлдээ "Тесла энэ асуудлыг шалгаж байна" гэж бичжээ.
Өнгөрсөн оны сүүлээр өндөрлөсөн АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулсан Д.Трампыг хөнөөх оролдлогууд олон болдог. Энэ үйл явдал ч түүний эсрэг, түүнд сануулга өгөхүйц байсан тухай олон улсын хэвлэлүүп мэдээлэв. Мөн уг этгээд Д.Трампын ойрын хзн болох Э.Маскийн "Tesla" компанийн Cybertruck машиныг сонгосон нь бүр л хачирхалтай санагдаж байгаа юм.
Л.Баяр