Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ. Тухайлбал, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутгаар 23 см, Завхан аймгийн Баянхайрхан, Увс аймгийн Улаангом, Хяргас, Малчин сумдын нутгаар 15 см, Баянхонгор аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумдын нутгаар 14см, бусад нутгаар 0.0-13.0 см зузаан цасан бүрхүүл тогтоод байгаа аж.
Мөн Увс аймгийн Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Зүүнговь, Наранбулаг, Ховд аймгийн Алтай, Дарви, Үенч, Байтаг, Чандмань, Дөргөн, Завхан аймгийн Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Завханмандал, Сантмаргаз, Говь-Алтайн, Хөхморьт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баянговь, Галуут, Байдраг, Заг, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Төв аймгийн Угтаалцайдам, Хэнтий аймгийн Баян-Адрага, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Халхгол сумын нутаг зэрэг 11 аймгийн 34 сум цагаанаар зудархуу гэсэн нөхцөл байдал тогтоогджээ.