Лхагва гаргийн өглөө АНУ-ын Нью Орлеанс хотын Бурбон гудамжинд шинэ жилийн баярын үеэр пикап ачааны машинтай этгээд хүмүүсийг дайрсны улмаас 15 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтжээ. Холбооны мөрдөх товчоо үүнийг "терроризм"-ын сэдэлтэй гэж үзэж байгаа юм.
Холбооны мөрдөх товчоо сэжигтнийг Техас мужийн иргэн 42 настай, армийн ахмад дайчин болохыг тогтоосон байна. Тэдний мэдээлснээр, хэрэгтэн цагдаа нарын гарт амь үрэгдсэн бөгөөд машинд халдлага үйлдэх үед "ISIS"-ын туг байсан байна . Холбооны мөрдөх товчоо мөн алан хядах байгууллагуудтай холбоотой байж болзошгүй талаар шалгаж байгаа гэж мэдэгджээ.
Халдлагын үеэр шархадсан хүмүүсийн дунд 19 настай хоёр эмэгтэй байсан гэж Флоридагийн Форт Майерс хотын Кентербери сургуулиас мэдэгджээ. Элле Эйзель, Стил Иделсон нар 2023 онд Кентерберигийн сургуулийг төгссөн бөгөөд Жоржиагийн их сургууль, Сан Диего мужийн их сургуульд тус тус суралцаж байв. Мөн шархадсан хүмүүсийн дунд хоёр Мексик хүн байгаа гэж Мексикийн Гадаад хэргийн яам лхагва гарагт мэдээлэв.
Энэ хэрэг болохтой зэрэгцэн Лхагва гаргийн өглөө Лас Вегас дахь Трамп зочид буудлын гадаа "Tesla Cybertruck" автомашин дэлбэрчээ. Уг машины ачааны хэсэгт жолоочийн суудаг хэсэгтэй холбоотой тэсэлгээний систем, салют, бензиний сав холбосон байсныг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн байна.
Уг Cybertruck болон пикап ачааны машинуудыг түрээсийн "Туро" компаниар дамжуулан түрээсэлсэн нь сонирхол төрүүлж буй. Шинэ оны эхний өдөр болсон "терроризм"-ын сэдэлтэй уг хоёр хэргийг хоорондоо холбоотой эсэхийг албаныхан шалгаж буй.
Л.Баяр