Энэ жилийн үндэсний их баяр наадмын баруун бүсийн хурдан морины уралдаан долоодугаар сарын 29-31-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдах гэж байна. Хэрэв та баруун бүсийн наадмыг үзэхээр төлөвлөж байвал олон ястаны өлгий Ховд аймгийн онцлох таван зүйлсийг үзэж сонирхоорой.
1. Тарвас
Ховд аймаг тарвас, улаан лооль, өргөст хэмх гээд ер нь хүнсний ногоо тариалалтаараа улсдаа алдартай. Амтат жимс, хүнсний ногоо сайхан ургаж үржил шимээ өгч байгаа нь Буянт голын устай холбоотой. Ховдын хөрсөнд нь юу ч тарьсан ургадаг үржил шимтэй хөрстэй сайхан нутаг. Тэр ч бүү хэл намрын улиралд аймагтаа “Тарвасны баяр” тэмдэглэдэг гэнэ. Тиймдээ ч Ховд аймгийн бренд болсон тарвасыг амтлаад үзээрэй.
2. Хөөмий
Хөөмийн урлаг нь баруун хэсэг одоогийн Ховд, Говь-Алтай аймгийн хүрээнд үүссэн гэж үздэг. Хөөмий нь хөгжмийн зэмсэг үл хэрэглэх агаад жинхэнэ гайхамшигт эгшиг бий болгодгоороо онцлогтой. Уг гарал нь Ховдын Чандмань сумаас үүссэн түүхтэй. Өндөр уулс, хадан хавцлын завсраар үлээх салхи, усны боргио, модны чимээ зэрэг бол байгалийн хөөмий гэж үздэг. Тэр ч утгаараа 2019 онд 1308 хөөмийч буюу хамгийн олон хөөмийч зэрэг хөөмийлж дэлхийн Геннисийн дээд амжилт тогтоож байжээ.
3. Үзэсгэлэнт байгаль
Улаанбаатар хотоос 1580 км-ийн цаана орших Ховд аймаг нь Монгол орны баруун хязгаар Алтайн сүрлэг уулс, говь хээр, тунгалаг урсгалт гол нуурууд, байгалийн цогцолбор хосолсон баян бүрдүүд дунд оршдог бөгөөд нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Ховд аймгийн нутгаар Ховд гол , Буянт гол, Булган гол, Чонохарайх гол, Цэнхэр гол зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуур, Цэцэг нуур зэрэг том, жижиг нуурууд оршдог.Нэвтийн рашаан, Булганы рашаан, Индэртийн рашаан зэрэг рашаан ус олон бий. Мөн Гурван цэнхэрийн агуйд одоогоос 3000-4000 жилийн тэртээх эртний хүмүүс амьдарч байсан ул мөр бүхий ан амьтдын дүрслэл ч бий. Тэр ч утгаараа аялахад тохиромжтой бүс нутагтай. Энэ нутагт зундаа +40 градус хүрч өвөлдөө -35 градус хүрдэг.
4. Олон ястны өлгий нутаг
Баруун Монголын олон овог угсаатны бүлгүүдийн өлгий нутаг Ховд аймаг нь10 ястан, угсаатан амьдардагаараа онцлогтой. Аймагтаа дөрвөн халх сум, нэг өөлд, нэг торгууд сум бий. Хүн амын 28,1 хувь нь Халх, 25,2 хувь нь Захчин, 11,2 хувь нь Казак, 7,4 хувь нь Торгууд, 8,3 хувь нь Урианхай, зургаан хувь нь Өөлд, 6,5 хувь нь Дөрвөд, 5,3 хувь нь Мянгад болон бусад ястан эзэлнэ. Эдгээр ястан, үндэстэнүүд бүгд өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас зэрэг соёлын ялгаанууд, мөн уран зохиолын, урлагийн, дуу хөгжмийн уламжлалуудтай юм. Ховд аймгийн олон ястан иргэд өөр өөрийн онцлог аман аялага бүхий Монгол хэлээр харилцах ба Жаргалант сум, Ховд сум, Буянт сум, Булган сум зэрэг зарим сумдад олноор суурьшсан казакууд Монгол, Казах хэлээр харилцдаг.
5. Ховдын өндөр уулс
Ховд аймаг нь Монгол Алтайн их уулсын бүсэд орших бөгөөд Мөнххайрхан, Хөхсэрхийн нуруу, Баатархайрхан, Мянган угалзат зэрэг том том уул нуруудтай. Жаргалант хайрхан уул нь 3796 метрийн өндөрт оршдог бол Цамбагарав 4193 метр, Сутай хайрхан уул 4220 метр, Мөнххайрхан уул 4231 метр, Байтаг Богдын уулсын оргил Дүнхэгэр уул 3225 метр, Хархираа уул 4040 метрийн өндөрт оршино.
Т.Мөнхжаргал