Гурван өдөр үргэлжилсэн Үндэсний номын баяраар бид зохиолч С.Дашдооровын охин Д.Маралгоотой ярилцлаа. Тэрбээр ахын хамтаар “С.Дашдооров судлал”-ын төвийг үүсгэж, аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж байгаа төдийгүй “Итгэл Марал” паблишингийг нээж, шинэхэн бүтээлээ өлгийдөн авсаар байна. Тэдний дараагийн бүтээл буюу Мори Этогийн “Өнгөлөг” ном Монгол хэлнээ бууж, уншигчийн гарт хүрч эхэлжээ. Бид түүнтэй шинэхэн бүтээлийн талаар хэсэг хөөрөлдлөө.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. 31 дэх удаагийн Үндэсний номын баярт Итгэл Марал паблишинг ямар шинэ бүтээлтэй ирсэн бэ?
-Баярлалаа. Та бүгдэд өдрийн мэнд хүргэе. Манайх гуравдах удаагаа номын баярт оролцож байна. Энэ удаагийн номын баярт хоёр шинэ бүтээлтэй ирсэн нь Шинэ Монгол сургуулийн захирал асан, ИТХ-ийн гишүүн П.Наранбаярын “Зүймэл” ном байгаа. Энэхүү ном нь түүний 2006 оноос хойш бичсэн тэмдэглэл, блог, эсээ, зэргээс багтсан. Дараагийн бүтээл маань өсвөр насны уншигчид болон эцэг эхчүүдэд зориулсан Японы зохиолч Мори Этогийн “Өнгөлөг” хэмээх ном бий.
- “Өнгөлөг” хэмээх энэ зохиол Японд олон сая хэвлэгдсэн, уншигчдаас өндөр үнэлгээ авсан зохиол юм билээ. Та уншигчдадаа зориулж номынхоо талаар танилцуулаач?
- Өсвөр нас, тэр дундаа 15,16 нас гэдэг хүүхдийн хувьд хамгийн эмзэг үе нь байдаг. Том хүн болох гэж байгаа эхний үед бүх юм ойлгомжгүй санагдаж, дуугаа хурааж, дотогшоогоо өөрийн ертөнцдөө орчихдог үе бий. Энэ үед хүүхдэд маш их дарамт ирж, янз бүрээр үүнийг туулдаг. Тиймээс энэ үеэ хэрхэн гоё, амжилттай давах вэ гэдгийг уран зохиолоор дамжуулж хүч өгөх ном гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл амьдралд тохиолддог хатуу үнэнийг сонирхолтой өгүүлэмжээр илэрхийлсэн ном. Аав, ээжүүд ч мөн адил уншаасай гэж хүсэж байна. Тэд өөрсдийн өсвөр насыг эргэн санахын зэрэгцээ, хүүхдийнхээ энэ эмзэг үед нь ойлгож, сэтгэлийг нь хэрхэн засах, энэ үеийг даван туулахад нь дөхөм болно гэж найдаж байна. Хүүхдүүд ч мөн адил эцэг эхчүүдээ ойлгох энэ харилцаанд тус болно.
Номын үйл явдалд, амиа хорлох оролдлого хийгээд үхэх, сэхэхийн заагт байгаа өсвөр насны хүүгийн биед өөр сүнс орж, тэр хүүхдийн амьдралаар амьдардаг. Ингэх явцдаа сүнс өөрийн хийсэн нүглийг санах даалгавар авах бөгөөд түүнд тэнгэрийн элч тусалж байгаагаар зохиол өрнөнө. Сүнс хүүгийн биед амьдрах үедээ нэгэн хүүхэдтэй тааралдаж түүнийг яагаад ийм шийдвэр гаргах болсныг ойлгодог.
-Өсвөр насны хүүхдийн бие, сэтгэхүйн онцлог өөр өөр байдаг, тэд энэ үед илүү эмзэг байдаг гэж бараг хүн болгон мэддэг. Гэхдээ энэ талаар бичсэн зохиол бүтээл тэр бүр байдаггүй шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Энэ номыг орчуулах болсон шалтгааны нэг нь үүнд оршиж байгаа. Хүүхдүүдийн энэ насанд тохиолддог бодит амьдралыг бодитоор нь өгүүлээд, хүүхдийн нас сэтгэхүйд тохируулж бичсэн ном тэр бүр байдаггүй гэж хэлж болно. Наукигийн шагналт Мори Это зохиолчийн хувьд энэ төрлийн сэдвийг хөндсөн зохиол бүтээлээрээ алдартай. Өнгөлөг номоор хийсэн хоёр кино зохиол байдаг. Жишээлбэл зохиол дээр өсвөр насны хүүхэд нэг пүүз авахын тулд үхэн хатан тэмүүлдэг. Гэтэл үүнийг томчууд тэр бүр ойлгодоггүй. Харин хүүхдэд тэр пүүз, бас найз маш их чухал байдаг. Үүнийг уран зохиолд хэрхэн дүрсэлснийг энэхүү зохиолоос уншиж болно.
“Өнгөлөг” гэдэг нь хүн бүр өөр өөрийн өнгөтэй, гэхдээ зөвхөн нэг өнгөтэй биш, өөр өөр өнгөөр байж болно, юмыг өөр өнгөөр харж болно. Хүн бүр өөрийн гэсэн өнгийг бүтээдэг.
-Танай хамт олны дараагийн бүтээл ямар бүтээл байх вэ?
-Бид сайн зохиолыг уншигчдад хүргэхийн тулд эрж хайж, судалгаа хийж байгаа. Давтагдсан сэдэв барьж авахаас илүү шинэлэг байхыг эрмэлзэж байна. Өсвөр насны хүүхдийн амьдрал гэдэг маш том ертөнц. Тиймээс манай Монголын уран зохиолчид энэ төрлийн номыг уншиж, Монгол зохиолыг бичээсэй гэсэн хүсэл бий. Мөн байгаль шинжлэлийн талаар хийх бүтээл арвин их сантай. Амьтан, ургамал, шувуу судлал гэх мэт. Үүнийг залуучуудад таниулах зохиол бүтээлийг гаргамаар байна. Гэхдээ шинжлэх ухааны хэлнээс илүү ямар ч хүн уншаад ойлгогдохуйц байх нь илүү чухал. Ингэснээр амьтан, ургамал, байгалиа илүү ойлгох сэтгэлгээ үүсэх болов уу гэж боддог. Тиймээс энэ төрлийн номыг гаргах байх.
Биднийг номын асарт зочлоход зохиолч С.Дашдооровын хэрэглэж байсан бичгийн машин ширээн дээр дэлгээстэй байлаа. Сайн харвал баруун дээд буланд түүний нэрийг бичжээ. Лавлаж асуувал тэрээр 1960-аад онд өөртөө зориулж Ө,Ү үсэгтэйгээр Чехословак улсад захиалж, өөрийн нэрийг бичүүлж хийлгэж байсан гэнэ. Түүнээс хойших зохиол, бүтээлээ энэ бичгийн машинаар бичсэн бөгөөд одоо хүртэл хэвийн ажиллаж байгааг харвал нандигнаж хадгалсан нь харагдаж байлаа.
-Танаас аавын тань талаар асуух нь зөв байх. Та аавынхаа талаар дурсаач? Аавынхаа зохиол бүтээлээр ном гаргах уу?
-Зохиолчид одоог хүртэл аавыг маань говь нутгийн нүүдэлчдийн амьдрал, аж ахуйг зохиол бүтээлдээ тусгасан гэдгээр нь дурсан ярьдаг. Аавын маань зохиол бүтээлд говийн нүүдэлчдийн зан заншил, байгальтай харьцах харилцааны талаар түлхүү өгүүлдэг. Тиймдээ ч говь нутгийн судлалд уран зохиол талаасаа С.Дашдооровын зохиол бүтээл зайлшгүй томоохон байр суурь эзэлдэг учир бид тэр сэдвийн бүтээлүүдийг эмхтгэж, ном бүтээл болгосон байх ёстой юм байна гэж үзээд “С.Дашдооров судлалын төв”-өөрөө ярилцаж байна.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
Т.Мөнхжаргал