Агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэл Улаанбаатар хот 2025 оны гуравдугаар сарын 1-н хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хүрээнд НОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өгсөн билээ.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт, богино, дунд хугацааны төлөвлөгөөг гаргаж, үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Богино хугацаанд яндангүй бүс тогтоож, бүсэд хамрагдах өрхийн судалгаа, бүсийн зураглалыг нарийвчлан гаргах, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэхээр тооцоо судалгааг гаргаж байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин хэлэхдээ, “Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын онцгой комиссоос өгсөн үүргийг хэрэгжүүлэх, нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабыг 12 дугаар сарын 20-ны өдрөөс байгуулан шахмал түлшний стандарт, түүхий нүүрс ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, утаа үүсгэгч гуравдагч эх үүсвэрийн хяналт шалгалтыг зохион байгуулах, өвөлжилтийн болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна” гэсэн юм.