БАРИМТ 1
Бүгд Найрамдах Нижер улс нь 1,267,000 хавтгай дөрвөлжин километр (дэлхийд 21-ээр байранд) газар нутагтай Африк тивийн баруун хэсэгт байрладаг далайд гарцгүй орон. Тус улс нь Ливи (зүүн хойд), Чад (зүүн), Бенин (баруун урд), Буркина Фасо (баруун урд), Мали (баруун), Алжир (баруун хойд) гэх орнуудтай тус тус хиллэдэг.
БАРИМТ 2
Нижер улсын нийт хүн ам нь 24 сая бөгөөд тэдний 53.1 хувь хауса, 21.2 хувь нь зарма болон сонхай, 11 хувь нь туареги үндэсний хүмүүсээс бүрддэг. Харин шашны хувьд бараг бүх нижерчүүд исламын шашныг шүтдэг. Улсын албан ёсны хэл нь франц хэл боловч араб, будума, хауса, зарма, сонхай гэх мэт хэлнүүд өргөнөөр ашиглагддаг.
БАРИМТ 3
Нижер улсын газар нутгийн 80 гаруй хувь нь Сахарын цөлөөр бүрхэгддэг тул ихэнх нижерчүүд улсынхаа урд болон баруун захад амьдардаг. Уг улсын нийслэлийг Ниамей гэдэг ба тус хот нь Нижер улсын баруун өмнөд булан дээр нь оршдог. Мөн тус улсын Сахарын цөлөөс ангид газар нутаг нь үе үе ган гачиг буюу цөлжилтийн асуудалд өртдөг.
БАРИМТ 4
НҮБ-аас гаргадаг хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээс харахад Нижер улс 2015 онд 188 орноос 187-аар байранд, 2018 болон 2019 онуудад 189 орноос хамгийн сүүлийн байранд бичигдсэн дэлхийн хамгийн хөгжил буурай орнуудын нэг юм. Тус улсын эдийн засаг нь амьжиргаагаа хангах түвшний хөдөө аж ахуйн салбар болон ураны хүдэр гэх мэт түүхий эдийн экспорт дээр тогтдог.
БАРИМТ 5
Нижер улсын ядуу буурай байдал нь далайд гарцгүй элсэн цөл зонхилсон газар нутаг, үр ашиггүй газар тариалан, хүн амын хэт өсөлт, дэд бүтцийн хомстол, чанаргүй боловсрол гэх мэт олон хүчин зүйлсээс хамааралтай. Тус улс нь нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр дэлхийд 183-аар байранд жагсдаг.
БАРИМТ 6
Нижер гэх нэр нь 4,180 километрийн урттай Африк тивийн гурав дахь урт голоор нэрлэгддэг Зайре буюу Нижер голын нэрээс гаралтай. Уг гол нь есдүгээр сараас тавдугаар сарын хооронд үерлэдэг бөгөөд Африк тивийн Нижер, Нигери гэх мэт таван орны газар нутгийг дайран урсдаг. Уг голд 250 гаруй загасны төрөл зүйлс амьдардаг бөгөөд тэдний 20 нь дэлхийн өөр хаанаас ч олдоогүй.
БАРИМТ 7
Нижер улс 1958 оны арван хоёрдугаар сарын 18-нд Франц улсаас салан тусгаарлаж 1960 оны наймдугаар сарын 3-нд тусгаар тогтнолоо албан ёсоор зарласан. Уг цаг мөчөөс хойш нижерчүүд таван өөр үндсэн хууль болон гурван удаагийн цэргийн дарангуйллын цаг үеийг туулсан.
БАРИМТ 8
2010 оны цэргийн эргэлтийн дараа Нижер улс олон намын тогтолцоотой ардчилсан улс болсон. Одоогоор тус улс нь хагас ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд төрийн тэргүүнийг нь Мохамед Базум гэдэг. Нижер улсын газрын гадаргын 0.02 хувийг нь л ус бүрхдэг.
БАРИМТ 9
Манай орны адил Нижер улс морь уралдуулах, тэмээ уралдуулах, бөх барилдах гэх мэт уламжлалт спортуудаа өнөөдрийг хүртэл амжилттай хадгалан үлдсэн. Нижер улсын нийт газар нутгийн ердөө 2.8 хувь дээр нь л газар тариалан эрхлэх боломжтой. Нижер улсын хамгийн ихээр экспортолдог бараанууд нь газрын самар болон хөвөн.
БАРИМТ 10
Хэдийгээр газар нутгийнхаа дөнгөж 2.8 хувь дээрээ газар тариалан эрхэлдэг ч Нижер улсын хөдөлмөр эрхэлдэг ард иргэдийн 90 хувь нь уг салбарт ажилладаг. Нижер улс уран олборлолтоороо дэлхийд тавдугаар байранд бичигддэг. Мөн Нижер улсад одоогоос 60,000 жилийн өмнө хүн төрөлхтөн суурьшсан.
БАРИМТ 11
Нижер улсад уранаас гадна алт, төмрийн хүдэр, сульфат, гэх мэт ашиглагдаагүй байгаа бусад төрлийн ашигт малтмалын арвин нөөц бий. Тиймээс эдгээр баялгаа ухаалгаар ашиглаж чадах юм бол Нижер улс ирээдүйд хурдацтай хөгжих бүрэн боломжтой.
БАРИМТ 12
2003 оны байдлаар Нижер улсын газрын тосны нөөц нь 300 сая гаруй торх байсан. Гэвч эх орондоо түүхий эдээ боловсруулж шатахуун үйлдвэрлэх боломжгүйн улмаас Нижер улс гадаадаас үнэтэй шатахуун худалдан авдаг. Мөн Нижер улс нь анх 1890 онд Францын колони орон болсон.
БАРИМТ 13
10-18-аар зууны үед Канем-Борно, Мали, Сонхай гэх мэт Баруун Африкийн хүчирхэг гүрнүүд Нижер улсын газар нутаг дээр оршиж тогтнож байсан. 2020 оны байдлаар Нижер улс нь дэлхийн хамгийн өндөр хувийн төрөлттэй улсаар нэрлэгдсэн. Нижер эмэгтэйчүүд амьдралынхаа туршид дунджаар долоон хүүхэд төрүүлдэг.
БАРИМТ 14
Нижер улсын газар нутгийн 80 гаруй хувь нь элсэн цөлөөр бүрхэгдсэн байдаг нь тус улсыг дэлхийн хамгийн халуун орнуудын нэг болгодог. Ийм учраас Нижер улсыг гадаадын жуулчид зарим тохиолдолд “Дэлхий дээрх шатаж буй хайруулын таваг” гэж нэрлэдэг. Мөн Сахарын цөлөөс үлэг гүрвэлийн ховор олдворууд олддог.
БАРИМТ 15
Нижер улсад илүүдэл жинтэй хүмүүс маш ховор бий. Тэд дэлхийн найм дахь, Африк тивийн хоёр дахь хамгийн бага илүүдэл жинтэй ард түмнээр нэрлэгддэг бөгөөд насан хүрсэн иргэдийнх нь 22 хувь нь л таргалалттай. Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгт бол “Баруун Африкийн франк”.
БАРИМТ 16
Мөн Их Британийн Гадаад хэргийн яамын гаргасан судалгаанаас үзэхэд Нижер улс нь жуулчдад хамгийн аюултай 17 орны нэг юм байна. Тус улсын ард иргэдэд нэн ядуу нөхцөл байдалд амьдардгаас гадна Нижер улсад зэвсэгт халдлагууд маш элбэг тохиолддог юм. Мөн уг улсын цаг уурын амьсгал энэхүү жагсаалтад багтахад нь тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн.
БАРИМТ 17
Дэлхий дээрх хамгийн том хэмжээтэй амьтны дүрсний сийлбэр Нижер улсаас олдсон. Энэхүү Дабус анаашийн хадны сүг зургийг мэргэжилтнүүд 7,000-10,000 жилийн настай гэж тогтоосон бөгөөд уг зураг дээр хоёр хос анаашийн дүрсийг дүрслэн үзүүлсэн байдаг.
БАРИМТ 18
Нижер улсын газар нутгаас үлэг гүрвэлийн олдвор олддог тухай өмнө нь хэлсэн. Тэгвэл “Нигерзавр” гэх тус улсын нэрээр нэрлэгдсэн үлэг гүрвэлийн төрөл зүйл байдаг. Уг үлэг гүрвэл нь Нижер улсын газар нутаг дээр 121-99 сая жилийн өмнө амьдарч байсан ба Алжир, Тунис, Нигери улсуудаас мөн яс нь олдсон.
БАРИМТ 19
Үндэсний спортуудаас нь гадна Нижер улсад регби, хөлбөмбөг гэх мэт спортууд хамгийн олон үзэгчидтэй. Нижерийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь далбааныхаа цагаан, ногоон болон улбар шар өнгийн өмсгөлийг өмсөж тоглодог бөгөөд Африкийн цомд хоёр удаа оролцож байсан.
БАРИМТ 20
Нижер улсын баг тамирчид 1964 оны Токиогийн олимпоос хойш олимпын наадамд оролцож эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нэг мөнгө, нэг хүрэл медалийн эзэд болоод байна. Тус улсын анхны медалийг Иссака Даборг 1972 оны Мюнхений олимпын боксын төрөлд хүртэж байсан бол 2016 оны олимпд эрэгтэйчүүдийн +80 кг жинд өрсөлддөг таэквондогийн тамирчин Абдулразак Иссуфу мөнгөн медаль хүртсэн.
БАРИМТ 21
Нижер улсын төрийн далбаа нь улбар шар, цагаан, ногоон гэх өнгөнүүдээс бүрддэг бөгөөд Ирланд, Кот д’Ивуар гэх мэт орнуудын төрийн далбаануудтай төстэй харагддаг. Далбааны төв хэсэгт байрлах дугуй дүрс нь нар болон тусгаар тогтнолыг, улбар шар өнгө нь Сахарын цөлийг, цагаан өнгө нь итгэл найдвар болон цэвэр ариун байдлыг, ногоон өнгө нь Нижер улсын бүс нутгуудыг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 22
“The Cure Salee” гэх давсаар эмчлэх баярыг нижерчүүд олон зуун жилийн турш тэмдэглэсээр ирсэн. Уг баярыг жил бүр гурван өдрийн турш тэмдэглэдэг бөгөөд бороо орж дууссаны дараа туарег, пэул, водаабегийн нүүдэлчид талбай дээр цуглаж хөгжим тоглож, уламжлалт бүжгүүдээ бүжиглэн нааддаг.
БАРИМТ 23
Нижер улсад байдаг Эйр ба Тенере байгалийн нөөц газар нь Африк тивийн хамгийн том дархан цаазат газруудын нэг юм. Сахарын цөлөөр хүрээлэгдсэн ховор төрлийн ургамал болон амьтдын гэр орон болсон уг газар нь 773,600 хавтгай дөрвөлжин километр газрыг бүрхдэг. Мөн Сахарын цөлийн урд хэсэгт байрладаг Агадес гэх газрыг Сахарын цөл рүү нэвтрэх үүд гэж үздэг.
БАРИМТ 24
Агадес нь 15-аар зуунд Сахарын цөлөөр дамжин өнгөрдөг наймаачдын дамжин өнгөрдөг хамгийн чухал газруудын нэг байсан. Улмаар уг газрыг дэлхийн үнэт өвөөр хүлээн зөвшөөрч ЮНЕСКО бүртгэн авсан. Мөн хотын төвд шавар тоосгоор баригдсан 27 метрийн өндөр Их сүм байдаг. Энэ нь дэлхий дээрх уг төрлийн барилгууд дундаас хамгийн өндөр нь юм.