Үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, жилд Монгол Улсын ДНБ-ий таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд гэдэг.
2007 оны УИХ-ын тогтоолоор 15 ордыг стратегийн ач холбогдолтой орд хэмээн зарласны нэг нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байдаг Асгатын мөнгөний орд байв. Гэсэн ч энэ орд руу очих зам нь адармаатай, ОХУ-ын нутаг дэвсгэрээр орж гардаг, дэд бүтэц буюу авто болон төмөр зам, эрчим хүчинд холбогдоогүй зэрэг шалтгаанаар стратегийн ордын жагсаалтад багтсан Асгатын мөнгөний орд өнөөг хүртэл эдийн засгийн эргэлтэд ороогүй байлаа. Уг нь энэ орд ашиглалтад орсноор Баян-Өлгий аймаг төдийгүй баруун бүс, улмаар Монгол Улсын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх боломжтой нэгэн төсөл юм. Учир нь, Асгатын мөнгөний орд нь 6.4 сая тонн хүдрийн нөөцтэй, 2.2 мянган тонн мөнгөний нөөц батлагдсан, нарийвчилсан үнэлгээгээр нөөц нэмэгдэх боломжтой тийм орд. Харамсалтай нь, 1976 онд Асгатын мөнгөний ордыг нээсэн ч өнөөг хүртэл эдийн засгийн эргэлтэд оруулаагүй хав дарсан, хаалттай орд байв. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш анх удаа албан ёсны орон нутгийн томилолтоо Баян-Өлгий аймгаас өнөөдөр эхлүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Асгатын мөнгөний ордыг ашиглаж эхлэх шийдвэр гаргаж байгаагаа хэллээ.Иргэд үнэхээр хүсч байгаа бол Засгийн газрын тогтоолд гарын үсэг зурж албажуулна гэдгээ Ерөнхий сайд уулзалт дээр зарлалаа. Иргэдтэй хийх уулзалтын өмнө тус аймагт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээр иргэдээс санал авсан судалгаагаар энэ ордыг эргэлтэд оруулах нь Баян-Өлгийн иргэдийн хүсэл байв.
Асгатын мөнгөний орд нь дөрвөн лицензтэй, энэ лиценз нь 2019 оноос "Эрдэнэс Монгол"-д шилжин иржээ. Үүнээс өмнө Асгатын мөнгөний ордын лицензийг Монгол-Оросын хамтарсан "Монросцветмет" нэгдэл эзэмшиж байв. Нэг ёсондоо лиценз "Эрдэнэс Монгол"-д ирснээр Монгол Улс Асгатын мөнгөний орд дээр дангаар шийдвэр гаргах боломжтой болсон гэсэн үг. Стратегийн ордуудыг ингэж эдийн засгийн эргэлтэд оруулснаар Ерөнхий сайдын зарласан "Шинэ сэргэлтийн бодлого" хэрэгжиж эхлэх бодит хөрс нь болно. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын хэдэн жилийн дотор эдийн засгийг 150 их наяд хүртэл тэлэх зорилго тавьж байгаа. Өнөөдрийн үзүүлэлтээр Монгол Улсын нийт эдийн засаг 50 их наяд, үүний 12 их наяд нь улсын төсөв байгаа. Улсын төсвийн 80 орчим хувь нь урсгал зардалд зарцуулагдаж, үлдсэн хорин хувь нь л шинэ хөрөнгө оруулалт байдаг. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эдийн засгаа тэлэхгүй бол энэ байрандаа арван жилийн дараа ч байсаар байна хэмээсэн Ерөнхий сайдын үг Асгатыг ашиглаж эхлэх цаг "яг одоо" гэдгийг сануулах шиг санагдав.
С.Ононтуул