....ДӨРӨВДҮГЭЭР САР
Тэр өдрөөс хойш би хэнтэй ч уулзаагүй. Гар утсаа салгаж, хаалгаа дотроос нь түгжээд бүгж эхэлсэн. Танилуудынхаа хүрээгээр дамжуулж, компанийн тайлан гаргах, төсөл бичих ажил хийж, хэрэглээний мөнгө болоод түрээсээ олно. Хааяахан утсаа асаахад Төгөлдөр, Буянаа хоёроос өчнөөн дуудлага, харин түүнээс долоо хоногтоо нэг дуудлага ирсэн байдаг байв. Гэвч тэр эхний хоёр долоо хоногт над руу залгаснаас хойш дахин залгаагүй. Тийм ээ, тэр үнэнийг олж харахыг хүсээгүй. Үнэнд итгэхийг ч хүсээгүй. Итгэж чадсан бүхэн нь худал гэдгийг өнөө хэр нь олж мэдээгүй, магадгүй мэдэхийг хүсэхгүй л яваа байх. Хүсэхгүй байгаа зүйлийг нь тулгаж, хажуудаа үүрд үлдээх тийм харгис эр зориг надад үгүйн учир үнэн, бид хоёр түүнээс бүрмөсөн явахаар шийдсэн юм.
Үдэш оройн цагаар ажлаа хийгээд сууж байхад толгой гэнэт хүчтэй базлан өвдөж, ухаан балартуулан сарниулдаг нь хэвээрээ. Тэгж ухаан балартсаны маргааш нь би “өө хөөрхий дөө, тэр бүсгүй намайг мартаагүй байгаа юм байна. Бас тэр хайрынхаа төлөө өөрийнхөөрөө тэмцсээр л байгаа юм байна. Харин би тэмцэж чадахгүйгээ ойлгоод чамд буугаад өгчихсөн шүү дээ” хэмээн аман дотроо үглэж, дахин хэзээ ч уулзахыг хүсэхгүй байгаа түүнд хэлэхсэн гэсэн үгээ өрөөн дотроо л тарааж, сэтгэлээ тайтгаруулдаг юм.
Хөвөрч дуусдаггүй хоног өдрүүдээс хамгийн богинохон нь уг нь хоёрдугаар сар сан. Гэтэл жилийн хамгийн богино сар надад өчнөөн адал явдал, өчнөөн сургамж ухаарал хайрлаад нисэн одсон. Би сэтгэл дүүрэн шарх, итгэлээ сийчүүлсэн гомдолтой хоцорсон. Хэнийг ч хамаагүй барьж аваад гомдлоо тайлагдтал нүдчихмээр, эс бөгөөс хаашаа ч хамаагүй зугтчихмаар, бүүр энэ дэлхий дээр огт амьдармааргүй, хүн гэдэг өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй хөгийн амьтдаас бүрмөсөн холдоод, оюун ухаан, сэтгэн бодох чадваргүй араатан амьтдын сүрэгтэй нийлчихмээр санагдаж байлаа. Гэвч бие дотор минь бие бойжиж, хэвлий дотор минь дахин нэг зүрх цохилж байсан учир бууж өгөх эрх надад байгаагүй юм. Тиймээс хүсэхгүй байсан ч хөдөлмөрлөж, дааж гарамгүй санагдсан ч бүхнийг даван туулахаар шийдсэн. Хэзээ ч надаас урвахгүй, миний мөнхийн хайр хэвлий дотор минь торниж буйг ухаараад, түүнийхээ төлөө эргэж босохоор зориглосон. Алдсан бүхнээ эргүүлж авахаар сэтгэл шулуудсан. Юунд ч бууж өгдөггүй эр зоригоо, хэнээс ч дутахгүй амьдрах хүсэл мөрөөдлөө, басхүү хэнээс ч хамааралгүй аж төрөх, хүсч мөрөөдөх эрх чөлөөгөө төдхөнөө буцаан авч чадсаан. Харамсалтай нь, юу ч үгүй сийчүүлчихсэн итгэл минь л эргэн амилахгүй байлаа.
Итгэл... хүмүүс энэ үгийг өргөж дийлдэггүй хэрнээ өдөр тутмын яриандаа яасан ч их хэрэглэдэг юм бэ дээ. Зурагтаар, нүүрномоор дүүрэн итгэл гэсэн үгс хөвөрнө. Унших ном, дуулах дуунд хүртэл итгэл гэсэн үг дурайна. Энэ үгийг харж, уншиж, сонсохын төдийд чээж хөндүүрлэж, дотор давчдаад, аньсаганд нулимс үерлээд л ирнэ. Гэвч “амьдрал эргээд сайхан болно” гэдэгт, “цөхөрч туйлдсан итгэл минь эргэн ирнэ” гэдэгт, “дахиад л хэн нэгэнд урьд өмнөхөөсөө ч илүү итгэж чадна” гэдэгтээ итгэх л хэрэгтэй. Аливаад итгэх итгэлээ нэгмөсөн алдчихсан мэт санагдаж байсан тэдгээр өдрүүдэд ч миний сэтгэлд өнөөх итгэл хэмээгч зүйл нууцаар ирж үүрлэчихээд “чи эргэн босч чадна”, “чи үрийнхээ төлөө амьдарч чадна”, “чи тэр бүхнийг мартаж чадна” хэмээн зоригжуулж байсны хүчээр би гунигтайхан боловч зоригтой гэлдэрсээр өнөөдөр рүү хүрч ирсэн ч байж магад.
Арав гаруй хоногийн өмнө дөө. Маргааш дуусгаж өгөх ёстой тайлангаа шивж суутал нойр хүрч, нүд анилдаад ажиллах эрч хүчийг минь бууруулчихсан юм. Би суудлаасаа босч, идэх юм хэсэг эргүүлж байгаад эргэн суусан. Гэвч хэзээ зүүрмэглэж эхэлсэнээ огт санахгүй байна, нойрондоо дийлдэн унтчихаад маргааш нь үд өнгөрч байхад арай гэж сэрсэн юм. Нүүрномын чатанд өчнөөн зурвас иржээ. Утсаа асаан уучлалт гуйж, учраа тайлбарлахаар залгавал надад урамшуулал өгөх байтугай, тайлан хоцроосны хариуцлага тооцож, торгуул тавибал бүгдийг надаар төлүүлнэ хэмээн захирал бүсгүй над руу баахан хашхичив. Гэвч би амлалтандаа хүрэлгүй, итгэл алдсаныхаа гэм бурууг хүлээж, уучлалт гуйгаад өдрийн хагаст босолгүй сууж тайланг шивж дуусгаад, онлайнаар илгээж, татварын хэлтэст ажилладаг танил руугаа утасдан учирлан гуйснаар энэ асуудлыг цэгцэлж чадлаа.
Ингээд нэг юм уужуухан амьсгаа аваад дараагийн ажлаа хийхээр суухын өмнө Ариун цэврийн өрөө орж, чинэрсэн давсагаа суллаад эргэхдээ асар их өлсөж байгаагаа мэдрэв. Хоол хийж идэхээр хөргөгчөө онгойлгосон боловч толгой эргэж, нүд эрээлжлээд хөл дээрээ тогтож чадалгүй, шалан дээр тэрий хадан уналаа. Унасан чигээрээ хэсэг зуур хэвтээд босохоор завдтал толгой хүчтэй базлан өвдөж эхлэв. Толгойтой зэрэгцээд нуруу ч голоороо тасарчих гэж буй мэт шархирч эхлэх нь тэр. Би уг нь тэр бүсгүйн зүтгэлийг үнэлж, энэ өвдөлттэй эвлэрээд, ухаан балартан гүн нойронд автахаа тэвчээртэй хүлээдэг болоод байгаа. Гэвч энэ удаа дахин эвлэрбэл ажлаа хийж амжихгүй. Ажлаа хийж амжихгүй бол цалин авч чадахгүй. Цалин үгүй бол халаас болоод хөргөгч минь хоосорно. Магадгүй, байрнаасаа ч хөөгдчихөж магад. Түрээс өгөх хугацаанаасаа хэтрээд нэлээд хэд хонож байгаа. Тиймээс энэ удаа тэмцэхээс өөр сонголт байхгүй юм байна. Ингэж өөртэйгөө зөвлөлдөөд:
-Муу новш... муу новш минь чи яасан цөхөрдөггүй чин зоригтон бэ? Одоо болих юм биш үү? Би тэр залууг чинь нэгмөсөн орхичихсон. Чаддаг юм бол өөрөө сэтгэлийг нь урвуулаад ав л даа. Харин битгий надаар оролдоод бай гэж үглэсээр сандал түшин өндийв. Сандлаа зөөлөн түлхсээр хувцасны шүүгээндээ хүрч, хамгийн дээд талын шүүгээг онгойлголоо. Тэгээд хэд хоногийн өмнө нэгэн захирлын надад өгсөн энэтхэг хүж, лаа болоод энергийн давсыг гаргаж ирэв. Лааг нь асааж, ширээн дээрээ тавиад, хүжээр нь өөрийгөө тойруулан утлаа. Тэр захирал эдгээрийг надад өгөхдөө:
-Үүнийг би сая Энэтхэг явахдаа зорьж авсан юм. Энэтхэг, Төвөдийн их хувилгаадын нэгнийх нь хойд дүр болох нуруун дээрээ гэрэл асаадаг шидтэй, 13 настай хуврага хүүгээр аравнайлуулсан юм. Элдэв хэрүүл тэмцэл, хэл ам, хараал жатгаас хамгаалах увидас шингээсэн. Танд хэрэг болно шүү гэсэн юм. Үнэндээ би тэр үед үүнийг надад хэрэг болно оо гэж огт бодоогүй. Гэвч хүн аминдаа тулахаар юунд ч итгэж, юуг ч амилуулж чаддаг бололтой. Хар өнгийн лаанаас маш өтгөн хар дөл салхинаас цочих мэт сүүмэлзэн дэрвэлзэж байлаа. Лааны дөлийг гайхширан ажиглах зууртаа хүжний тансаг үнэрт мансуурсандаа ч юм уу, өнөөх тэвчишгүй өвдөлтийг умартсан байв. Танилынхаа хэлж өгсөний дагуу давснаас хэдэн халбагыг усанд уусган, хаалганыхаа дэргэд тавиад, ажлаа хийхээр суулаа. Өвдөлт намдаад зогсохгүй, сэтгэл санаа ч ер бусаар тайвширсан учир шөнө хагаслан сууж, ажлаа дуусгаж, онлайнаар илгээгээд, үүрээр орондоо оров.
Маргааш нь үд өнгөрөөж сэрсэн ч танил бөө рүүгээ залгаж, хараал жатгийг хэрхэн өөрөөсөө холдуулах талаар нэлээд сайн зөвлөгөө аваад, үдэш бүр хамгаалах үйл хийдэг боллоо. Үүний ач тус ч гарсан уу, эсвэл Шаазгай дүү цөхөрч туйлдаад болихоор шийдсэн үү, юутай ч гэнэт ирдэг хүчтэй өвдөлт, ухаан баларталт аажмаар алга болж эхэлсэн юм. Гэвч бүх зүйл ингээд л сайхан болчихсонгүй ээ. Би гэдэг хүн нойроо дийлэхээ больчихдог юм байна. Хэдэн өдрийн турш залхуурч, нойрондоо бууж өгөн, ажлаа хойшлуулж хэвтсэний үр дүнд хамаг ажил овоорчихсон байлаа. Яаж ч мэрийгээд амжихгүйн зэрэгцээ компьютерийн дэлгэц ширтээд хэдхэн хором өнгөрмөгц л нүд анилдаад байв. “Өдийд ингэж байгаа хүн томрох тусам нь ажлаа ч хийж чадахаа болих юм биш үү дээ. Ажил хийж чадахгүй юм бол над шиг өнчин өрөөсөн, хорвоо дээр ганцаархнаа хүн яаж аж төрж, хүүхдээ тэжээх юм бэ” гэж бухимдан хэсэг суулаа. Бүтэн өдөржин бодсны эцэст “ерөөсөө л авахуулъя. Хэчнээн удаан ингэж гэрээсээ ажиллах билээ. Гэрээсээ ажиллаад ч олигтой мөнгө олж чадахгүй юм байна. Олсон ч төрөхөөсөө өмнөх болоод төрснийхөө дараах саруудад би ингэж ажиллаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хаанаас мөнгө олно гэж явах вэ. Нас минь залуу байна. Хүүхэд гаргах боломж, хугацаа зөндөө байна. Тэгээд ч эцэггүй хүүхэд төрүүлээд бас л зовоохын нэмэр. Би чамайг тэжээж чадахгүй нь ээ, ээж нь энд өсч болсон юм, чи ч гэсэн энд өс гээд асрамжийн газарт аваачаад өгчихөлтэй биш. Үгүй шүү... ерөөсөө тэгж хүүхэд зовоож болохгүй. Хүүхэд төрүүлсэн бол элбэг хангалуун, сэтгэл дүүрэн, элэг бүтэн, аз жаргалтай л өсгөх учиртай. Ингэж чадахгүй юм бол төрүүлэх ч хэрэггүй” гэж өөртөө хатуу сануулав.
Маргааш өглөө нь эртлэн босоод эмнэлэг орлоо. Эмч бүсгүй ЭХО-гоор хараад
-13 долоо хоногтой жирэмсэн байна. Одоо хүртэл хяналтандаа ороогүй л байгаа юм уу? Хяналтандаа яаралтай ор хэмээн зөвлөх, тушаахын дундуур айлдав.
-Үгүй ээ, эмч ээ. Уучлаарай, би энэ хүүхдийг төрүүлэхгүй ээ. Аборт хийлгэх гэсэн юм гэвэл тэрбээр хөмсгөө зангидаж, нүдээ гурвалжлуулан ширтсэнээ:
-Чи ямар учраа мэдэхгүй арван хэдтэй охин уу? Гуч гарчихаад, ийм том болтол нь тээчихээд юу яриад байна?... хэмээн зандрав. Би түүнд ямар ч тайлбар хэлж чадаагүй боловч санаагаа ойлгуулчих санаатай, царайчлан ширтсээр л зогслоо.
-Ингэхэд чи хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Би хүүхэдгүй ээ.
-Анхных юм уу?
-Тийм ээ.
-Аав нь байгаа юм уу?
-Байхгүй ээ.
-Хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу?
-Үгүй ээ, бид салчихсан юм. Би түүнд хэлээгүй.
-Юу гэсэн үг вэ? Наад хүүхдээ чи ганцаараа тээж байгаа ч та хоёр хамтдаа бүтээсэн юм байгаа биз дээ? Тэгэхээр тэр хүнд ч бас эрх бий. Яахаараа хамтдаа бүтээсэн үр хүүхдээ ганцаараа хөнөөх гэж байдаг билээ, чи? Төрөөгүй ч гэсэн энэ хүүхдэд ч бас эрх бий. Зүрх нь цохилоод эхэлчихсэн, бие нь бүрэлдчихсэн, хэзээ мөдгүй хөдөлж эхлэх гэж байгаа амьтныг чи гаргахгүй, авахуулна гэж яаж хэлж чадаж байна аа? Яасан? Чи гар, хөлгүй юм уу? Эсвэл хөдөлмөрийн чадваргүй юм уу?
-Үгүй ээ, эмч ээ.
-Тэгвэл яагаад ганц хүүхэд төрүүлээд өсгөчихөж чаддаггүй юм бэ? Дөнгөж сая хаалган дээр чамтай зөрсөн эмэгтэйг анзаарсан уу? Насаараа тэргэнцэртэй зууралдах эмэгтэй хүүхэдтэй болохын тулд арга чарга асууж, хоёр жил эмнэлгээр эргэлдэж байна. Хүүхэд нь унтаж байгаад орноос өнхрөөд унавал энэ эмэгтэй гүйж очоод тэврээд авч чадахгүй шүү дээ. Гэвч тэр хүүхэдтэй болохыг чин сэтгэлээсээ хүсч мөрөөдөж байна. Гэтэл чи...
-Би уг нь гаргана, өсгөнө л гэж өдий хүртэл явсан юм л даа...
-Тэгээд яасан? Гэнэт гаргамааргүй, хүүхэдтэй зууралдаж гэрийн авгай болмооргүй, ганц биеэрээ зугаалж наргиж явмаар санагдсан уу?
-Үгүй ээ.
-Тэгээд ганц хүүхэд тээж төрүүлээд өсгөчих чадвар чамд алга уу?
-Үгүй ээ, байгаа. Эмч ээ, уучлаарай. Би төрүүлнэ ээ. Би чадна. Танд маш их баярлалаа.
Ингэж хэлээд би эмч бүсгүйн гарнаас зөөлөн атгаж, талархлаа илэрхийлээд өөрөөсөө ичсэндээ бушуухан гүйн гарлаа. Би тэр бүсгүйн үгээр дахин төрсөн юм. Яг тэр өдрөөс эхлээд би хэнд ч хамаагүй өргөн барьдаг итгэлийг минь хугачиж хаясан, хэзээд үнэн ялдаг гэсэн бат нот үзлээсээ ухарч буцахад хүргэсэн тэр хүмүүсийг мартахаар шийдсэн.
Орчлонг гийгүүлэгч наран үдэш бүр жаргадаг ч маргааш нь заавал манддаг. Үүний нэгэн адилаар түнэр харанхуйн дундуур бүдчин алхсан ч эргэж буцаж, хөлбөрч мөлхөөд л байхгүй бол гэрэл гэгээг заавал олдог. Орчлон ертөнц атаач, муу хүмүүсээр дүүрэн. Тэдний дунд эргэлдээд л байвал муу муухайн тойргоос хэзээ ч гарч чадахгүй. Харин тэднийг үл ажраад, урагшаа алхаад л байвал сайхан сэтгэлтэй, итгэл даах хүмүүсийг олж л таарна. Би итгэж байна. Тийм ээ, найдаж өргөн барьсан итгэлээ хэмх дэвслүүлсэн ч би дахиад ч итгэнэ. Хамаагүй ээ, та нар дахиад ч итгэлийг минь хэмхчин гишгэч. Би урьд урьдынхаасаа ч олон хүнд хамгийн нандин эрдэнэ болсон итгэлээ өргөн барьсаар байх болно. Тийм ээ, би итгэсээр л байх болно. Итгэл даадаггүйгээсээ даадаг нь олон гэдгийг нотлох л болно....
Үргэлжлэл бий.
Сэтгэгдэл (1)