Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Дархан Эмпати” сургууль төрийн бус өмчийн “ТОП 20” сургуулийн нэгээр шалгарсан. Энэ шалгаруулалтад суралцагчдын сурлагын амжилт хамгийн том үзүүлэлт нь байдаг. Боловсролын салбарт 28 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа тус сургуулийн хувьд жил бүр төгсөгчид нь гадаад дотоодын их дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдаж, сурагчид нь олон улсын болон улсы хэмжээний олимпиадад амжилттай оролцдог. Энэ жилийн тухайд “Дархан Эмпати” сургуулийн 11 сурагч гадаадын их дээд сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрийн болзлоо хангаад байгаа юм байна. Энэ тоо нэмэгдэх ч магадлалтай. Учир нь хариугаа хүлээж байгаа сурагчид ч байгаа юм. Сургалтын хөтөлбөр, сурагчдын амжилт бүтээлээр бусдыгаа манлайлж буй “Дархан Эмпати” сургуулийнхантай ярилцсанаа хүргэж байна.
“Дархан Эмпати” сургуулийн захирал М.Дашдулам: Бид “Багш-Эцэг эх–сурагч”-ийн хамтын ажиллагааг дэмжиж, нэг баг, нэг гэр бүл байж сурагчдынхаа ирээдүйн амжилтыг тодорхойлдог
-Сургалтын чанараараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Дархан Эмпати” сургуулийнхаа талаар бидэнд танилцуулаач?
-Манай сургууль нь 28 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Дархан Эмпати сургууль нь сургалтын чанараа олон улсад таниулж, 2017 онд олон улсын BID байгууллагын нэрэмжит “ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарсан. Энэхүү шагналаа Франц улсын Парис хотод очиж авч байлаа. Манай сургуульд суралцахаар Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Замын-Үүд, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Говь-Алтай, Төв аймгаас сурагчид ирж суралцаж байна. Өнгөрсөн хичээлийн жилд Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчит 800 гаруй сургуулиудаас Боловсролын чанарын үнэлгээ тогтоох шалгалтаар “Дархан-Эмпати” сургууль тэргүүлэх амжилт үзүүлж, төрийн бус өмчийн “ТОП 20” сургуулийн нэг болж батламж хүртсэн. Манай сургууль Багш-Эцэг эх-сурагчийн хамтын ажиллагааг дэмжиж нэг баг, нэг гэр бүл байж сурагчдынхаа ирээдүйн амжилтыг тодорхойлдог.
-Энэ хичээлийн жилд танай сургуулийг хэдэн сурагч төгсөх вэ. Тэднээс тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангасан сурагч байгаа юу?
-2020-2021 оны хичээлийн жилд нийт 53 сурагч төгсөнө. Хүүхдүүд маань өөрсдийн хүссэн мэргэжлээрээ их дээд сургуульд бэлтгэхээс гадна гадаадын шилдэг их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдсан баяртай мэдээнүүд эхнээсээ ирсээр байна. Одоогоор 11 сурагч тэтгэлэгт болзлоо хангаж багш, эцэг эх, эмээ өвөө, ах дүү нараа баярлуулаад байна.
-Бид сурагчдаа гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлэгээр суралцахад нь туслах байдлаар мэргэжлийн баг ажилладаг гэж байсан. Энэ талаар?
-Үүнд бид маш сайн анхаардаг. Сэтгэл зүйч, коллеж консулер-зөвлөгч багш, нийгмийн ажилтан, IELTS-ийн багш, карьер консулер, анги удирдсан багш нар нэг баг болж ажиллаж байна. Мөн коллеж консулер маань эцэг эхчүүд, сурагчдад онлайнаар байнгын гадаадын их дээд сургуулиудад хэрхэн элсэх, хаана ямар чиглэлээр суралцах зэрэг хэрэгцээтэй мэдээллээр, карьер консулер 7 хоног бүр мэргэжил таниулах семинаруудаар хангаж ажиллаж байдаг. Сурагчдын сургалтаас гадуурх үйл ажиллагаанд чиглүүлэх, бусдадаа мэдээлэл хүргэх, хүнлэг энэрэнгүй үйлсэд нэгдэх, жил бүр сайн үйлсийн аяныг өөрсдөө санаачлан явуулахад нь дэмжлэг үзүүлдэг.
-Танай сургууль Кембриджийн олон улсын сургалтын хөтөлбөрийг сургалтдаа нэвтрүүлсэн. Тус хөтөлбөрийн давуу тал юу байдаг юм бэ?
-Кембриджийн сургалтын хөтөлбөрт 2018 оноос эрхээ авч үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Энэ хөтөлбөрийн давуу тал маш их. Багш болон сурагчдын ашиглах сургалтын материалуудыг сайн тооцоолж, цагийн тогтолцоотой нь уялдуулж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийн төлөвлөн хийсэн байдаг. Мөн сурагчид Кембриджийн Lower Secondary Checkpoint болон IGCSE шалгалтуудыг өгч сертификат авснаар гадаадын их сургуулиудад мэдлэг нь хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болдог. Бид олон улсын кембриджийн хөтөлбөрийг амжилттайгаар хэрэгжүүлэн аравдугаар ангийн сурагчид маань IGCSE-н шалгалтандаа бэлдэж байна.
-Тэгвэл ESAP (Empathy Study Abroad Program) буюу гадаадын их дээд сургуульд бэлтгэх хөтөлбөрийн талаар танилцуулаач?
-ESAP (Empathy Study Abroad Program) нь Эмпати сургуулиудын сурагчдыг АНУ, Англи, Австрали болон Ази, Европын өндөр хөгжилтэй орнуудад тэтгэлэгтэй суралцах боломжийг хангахад чиглэгдсэн цогц үйл ажиллагааг багтаасан хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь Эмпати сургуулиудын шилдэг багш нараас бүрдсэн баг богино хугацаанд тусгай хөтөлбөрийн хүрээнд цэгцтэй мэдлэг, цогц чадамжийг олгодог. Үүний үр дүнд сурагчид бие даан богино хугацаанд их зүйлийг чанартай, хурдтай хийх чадварыг олж авна. Өөрөөр хэлбэл ачаалал даах чадвар юм. Өөртөө ямар их боломж байгааг олж харж чаддаг гэсэн үг л дээ.
-Ирэх хичээлийн жилд ямар хөтөлбөр хэрэгжүүлэх зорилго тавьсан бэ?
-Бид ирэх жилээс сургалтын системдээ Robots STEM хөтөлбөрийг нэвтрүүлж, энэ шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байгаа нийгэмд хөл нийлүүлэн сурагчдаа бага наснаас нь бэлдэж эхлэх гэж байгаадаа баяртай байна. Мөн кембриджийн AS/A түвшингийн шалгалтанд болон ACT /Америкийн элсэлтийн шалгалт/-д бэлдэж сурагчдаа дэлхийн топ их сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцуулах зорилготой ажиллаж байна.
-Танай сургууль энэ хөтөлбөрүүдээс гадна хичээлээс гадуурх үйл ажиллагаанд нэлээд анхаарал хандуулдаг юм шиг санагдсан?
-Тийм шүү манай сургуульд сурагчдын өөрөө удирдах нийт 4 клуб үйл ажиллагаагаа явуулж байна. New generation, tutor empathy, student counselor- сурагчдийн зөвлөл, red cross-улаан загалмай зэрэг. Эндээс сурагчид багаар ажиллах чадвар болон өөрийгөө нээж таних боломж, мэргэжлийн чиг хандлагаа олж авдаг. Эдгээр клубууд маань тус тусын чиглэлийн дагуу нийгэмд эерэг хандлагыг түгээхээс гадна сурагчид хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсоноороо ирээдүйд өөрт хэрэгтэй олон олон чадваруудыг олж авдаг. Мөн үйл ажиллагаагаа өөрсдөө төлөвлөн маш амжилттай байгаа төдийгүй аймгийн хэмжээнд сурагчдын дуу хоолой, үлгэр дуурайлал болж байна. Ирэх хичээлийн жилд сурагчдын өөрөө удирдах клубуудын нийгмийн оролцоог илүү дэмжиж ажиллахаар төлөвлөж байна даа.
-Мэдээж ийм чанартай сургуульд элсэх хүсэлтэй мянга, мянган хүүхэд байгаа байх. Тиймээс сургуулийн элсэлт болоод элсэхийг хүссэн хүүхдүүд юунд анхаарах талаар зөвлөгөө өгөөч?
-“Эзэн хичээлвэл Заяа хичээнэ” гэдэг дээ. Зорилготой хүүхдүүдтэй сурах орчин бүрдсэн анги танхимд суралцах, гадаадад тэтгэлэгтэй суралцах хүсэлтэй хүүхэд бүрт манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй. Бид тусалж дэмжихэд бэлэн байна. Та зөвхөн сурах хүсэлтэй, зорилготой байх л хэрэгтэй.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлчээр сургуульд элсэх сурагчдыг бүртгэж монгол хэл, математик, сэтгэх чадварын нийт 100 онооны 50 асуултай шалгалт авдаг. Цар тахлын улмаас энэ жилийн хувьд онлайнаар бүртгэж, сурагчийн хэр зорилготой, сурах хүсэлтэй байгааг нь эссэ бичүүлэн шалгаруулж авч байна.
“Дархан Эмпати” сургуулийн төгсөгч Жаргалсайханы Жаргал: “Дархан Эмпати” сургуульд орсноор өөртөө байсан боломжуудыг нээсэн
-Дархан эмпати сургуулийн шилдэг төгсөгчдийн нэг гэж сонссон. Өөрийгөө бидэнд танилцуулаач?
-Намайг Жаргалсайханы Жаргал гэдэг. Би “Дархан Эмпати” сургуулийн 2019 оны төгсөгч. Одоо Солонгос Улсын Пусаны Их сургуульд 2 жилийн тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа.
-Хүссэн сургуульдаа элсэн орж суралцсан нь үнэхээр бахархам амжилт шүү?
-Тийм ээ. Намайг наймдугаар ангиа төгссөний дараа аав, ээж минь намайг бие дааж хойшдын амьдралд бэлтгэлтэй болгох талаар ярилцах болсон. Харин би тухайн үед гадаад явж суралцан, нүд тайлахыг мөрөөдөж байсан ч биелнэ гэдэгт итгэдэггүй байсан. Харин одоо гадаадад сурч, өөр улсын соёлтой танилцаж байгаадаа маш их сэтгэл хангалуун байгаа.
-Энэ бүхэнд мэдээж багш нарынх нь заах арга барил, сургалтын орчин гэх мэт зүйл нөлөөлсөн байх?
-Тэгэлгүй яахав. “Дархан Эмпати” сургуульд орсноор би надад хэр их олон боломж байгааг бас хүн сайн хөдөлмөрлөх юм бол хүссэн зүйлдээ хэрхэн ойртож болдгийг ухаарсан. Өмнө нь би өөртөө итгэлгүй шалтаг гаргаад юмнаас хойш их суудаг хүүхэд байсан. Гэхдээ одоо эргэж харахад “Дархан Эмпати” сургуульд орсон маань миний хувьд маш их том түлхэц болсон юм болов уу гэж хардаг. Миний хамгийн анхны том үр шим нь ЭЕШ 800 оноо авах явдал байсан. Миний кодын ард 100 хувийн гүйцэтгэлтэй гэж гарч ирэхийг хараад нүдэндээ итгэхгүй код оо дахин дахин шалгаж билээ. Яг сүүлийн өдөр багшаасаа асууж байсан дүрэм орж ирж байсныг маш тод санадаг. Найзууд болон багш нартайгаа дотуур байранд хамт амьдардаг нь манай сургуулийн том давуу тал нь гэж би хувьдаа боддог оо.
-ЕБС-д сурч байхдаа хэр нийгмийн идэвхтэй сурагч байсан бэ?
-Миний нийгмийн идэвх, сурлага хоёр бараг зэрэгцэж явж байсан байх. Сургуулиас зохион байгуулдаг үйл ажиллагаа, тэмцээн уралдаанаар баялаг болохоор их сургуулийнхаа эссэ бичлэг дээр хагасыг нь л багтааж бичсэн. Сургуулийн хүн бүрийг хамруулан зохион байгуулдаг байсан болохоор тэмцээн уралдаан, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцоход ч, үзэхэд ч сонирхол байнга татдаг байсан болохоор аль чадахаараа оролцож цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан. Бас ямар ч үр дүнд, багш нар, найзууд маань дэмжиж тусалдаг байсан болохоор идэвхтэй байсан юм болов уу?
-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, хүссэн сургуульдаа элсэн орохыг мөрөөдөж буй дүү нартаа хандаж юу гэж зөвлөх вэ?
-Сургууль болон сонгосон мэргэжлээ сайн сонгож, тэтгэлэгт хөтөлбөр, тэмцээн уралдаанд юунд ч санаа зовохгүйгээр оролцон, туршлага хуримтлуулаарай. Хэддүгээр байранд хэний доор, дээр орсноо биш өөрөө өмнөхөөсөө хэр дээшилж хэр их дэвшсэнээ харж сурахыг зөвлөмөөр байна. Бас хүүхдэд ар гэрийнхэн, найз нөхөд маш том үүрэг гүйцэтгэдэг гэж би боддог. Тийм ч учраас аав, ээжүүдийг хүүхдийнхээ эргэн тойронд анхаарал сайн хандуулж байгаасай гэж хүсдэг. Энэ бүхэн миний амьдралд нээгдсэний эцэст л би өөрийгөө энэ хүртэл явж чадсан гэж бодож байна.
“Дархан Эмпати” сургуулийн төгсөх ангийн сурагч Б.Маргад-Эрдэнэ: “Дархан Эмпати” сургуульд орсноор хичээлээс гадна өөр ямар ч сургуулиас олох боломжгүй чадваруудыг олж авдаг
-“Дархан Эмпати” сургуулийг сонгох шалтгаан юу байсан бэ?
-“Дархан Эмпати” сургууль бол миний амьдарч байгаа газрын хамгийн сайн боловсрол эзэмшиж болох газар. Олон сайн төгсөгчдийг бэлтгэсэн, манай гэр бүл ч гэсэн энэ сургуультай их холбоотой. Ах, эгч нар бүгдээрээ л төгссөн. Ирээдүйд би дүү нараа ч бас “Дархан Эмпати” сургуулийн бүтээгдэхүүн болгоно. Учир нь “Дархан Эмпати” сургуульд орсноор хичээлээс гадна өөр ямар ч сургуульд сурах боломжгүй олон чадваруудыг олж авдаг.
-Өөрийн гаргасан ололт амжилтын талаар сонирхуулаач ?
-Химигүйгээр миний амьдралыг төсөөлөхөд их хэцүү. Учир нь би чөлөөт цагаараа шинжлэх ухаан тэр дундаа химийн ном унших их дуртай. Нэг л мэдэхэд хими миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон байсан. Миний хамгийн хийх дуртай зүйл бол ном уншихаас гадна олимпиаданд орж өөрийгөө сорих. Гаргаж байсан амжилтуудаасаа дурьдахад Дархан-Уул аймгийн болон Бүсийн химийн олимпиадны аварга, Улсын химийн олимпиадны медаль болон Олон Улсын Химийн олимпиаданд шагналт байранд орж байсан. Түүнээс гадна би Солонгос, Украин зэрэг орнуудад 100 хувийн хөнгөлөлттэй суралцах тэтгэлэг авсан.
-Мэдээж энэ бүхэнд сургалтын чанар, багш нарынх нь мэдлэг боловсрол нөлөөлсөн байх?
-Манай сургууль сурагчдадаа хамгийн чанартай боловсролыг хүртээхийг үргэлж зорьдог. Хамгийн сүүлийн үеийн технологи, шинэ программыг тогтмол нэвтрүүлдэг. Үүний тод жишээ бол цар тахлын үед цаг алдалгүй онлайн хичээлээ хүртээмжтэй, маш сайн зохион байгуулалттайгаар орж байгаа. Багш нар маань бидний найз шиг л санагддаг биднийг сайн ойлгож бүхий л талаараа тусалж дэмждэг.
-Амжилтынхаа нууцаас хуваалцаач?
-Би өдөр бүрийг өөртөө өнөөдөр ялахад сайхан өдөр байна шүү гэж хэлж эхэлдэг. Би өөрийгөө ухаалаг хүн гэж боддоггүй яагаад гэвэл бид амжилтад хүрье гэвэл үргэлж өөрөөсөө илүү ухаалаг хүмүүсийг олж тэдний хажууд байх хэрэгтэй. Хэрэв бид амжилтад хүрэхийг хүсвэл алдаа гаргахаас ч бас айдаггүй зоригтой бас шийдэмгий байх хэрэгтэй гэж боддог. Учир нь хүн алдаж байж л сурдаг шүү дээ! Аливаа амжилт болгоны ард бусадтай л адил олон бүтэлгүйтэл байдаг ч бусдаас ялгардаг зүйл нь тэр зүйлээ шантралгүй бууж өгж орхиогүйд л амжилтын нууц байдаг.
Амжилтанд нөлөөлдөг өөр нэг чухал фактор бол танд сэтгэлийн дэм өгдөг хүн. Миний хувьд хамгийн их тусалж дэмжиж сэтгэлээр унасан, ядарсан үед хамгийн их ойлгодог хүн бол ээж минь. Бас арын албаны ажлуудыг маань зохицуулж өгдөг эмээдээ ч бас маш их баярладаг.
-Өөрийн үеийн хүүхдүүд болон дүү нартаа хандаж өгөх зөвөлгөө байна уу?
-Ямар ч зүйлийг сурахад хэзээ ч оройтдоггүй бидний оройтсон гэх бодол л биднийг хойш суухад хүргэдэг. Гэхдээ бас ямар нэгэн зүйлийг хийж эхлэхэд ч бас эрт байна гэсэн ойлголт байдаггүй. Бидний нэг гаргадаг том алдаа бол энэ. Бага ангийн хүүхдүүд өөрсдийгөө одооноос эхлэхэд эрт байна, ахлах ангийн хүүхдүүд болохоор одоо аль хэдийн оройтсон гэж боддог. Энэ нь л хүүхдүүдийн дунд байдаг хамгийн том алдаа бас буруу ойлголт шүү!
“Дархан Эмпати” сургуулийн төгсөх ангийн сурагч Уянга: Би Швейцарийн Lucerne их сургуулиас 100 хувь тэтгэлэг, Канадын Toronto of management, Америкийн South Carolina их сургуульд тэтгэлэгтэй суралцах эрхээ авсан
-Швейцарийн Lucerne их сургуулиас 100 хувийн тэтгэлэг, Канадын Toronto of management, Америкийн South Carolina их сургуулиудад тус тус суралцах эрхээ авсан талаараа сонирхуулаач?
-Би 2015 онд “Дархан Эмпати” сургуульд элсэн орсон. Тухайн үед шинэ орчин, шинэ хандлага, найрсаг багш нар намайг угтан авсан. Манай сургуулийн анги дүүргэлт цөөхөн учраас багш нар хүүхэд бүрт анхаарлаа хандуулдаг нь их таалагддаг. Миний бодлоор амжилттай яваа төгсөгчдийн суурь нь өглөө болгоны 15 минутын ном уншлагын цаг. Багахан хугацаа мэт боловч өдөр бүрийн давтамжтайгаар дадал болоод ирэхээр хүүхэд анхаарлаа төвлөрүүлж сууж сурдаг. Анхаарлаа бүрэн төвлөрүүлж чаддаг хүнээс л өндөр бүтээмж гардаг. Энэ бүхэн надад нөлөөлж би Швейцарийн Lucerne их сургуулиас 100 хувь тэтгэлэг, Канадын Toronto of management, Америкийн South Carolina их сургуульд тэтгэлэгтэй суралцах эрхээ авсан.
- Чиний хувьд ямар хичээлийг сонгон суралцдаг вэ?
-Одоогийн цаг үед хүн мэдлэг, нийгмийн харилцааны чадварыг хослуулж байж тэмүүлж буй цэгтээ хүрж чадна. Миний хувьд нийгмийн ухааны хичээлийг гадаад хэлтэй хослуулж гүнзгийрүүлэн судалдаг. Үндсэн мэргэжлийнхээ хажуугаар компьютерын мэдлэг чадварыг эзэмших зорилготой. Компьютерын мэдлэг англи хэл шиг л хаана ч түлхүүр болох болно.
-Кембриджийн олон улсын сургалтын хөтөлбөр, Боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гэхээр та нар нэлээд ачаалалтай хичээллэдэг байх даа?
-Кембриджийн хөтөлбөртэй сургуульд анх элсэн орж буй хүүхдүүдэд эхэндээ маш их ачаалалтай санагдах болно. Сургуулийнхаа арга барилд дасаад хичээл хийх бүрэн боломж бололцоо хангалттай цаг хугацааны давуу талыг мэдрээд ирэхээр ачааллыг ачаалал биш боломж гэж харж эхэлдэг болно.
-Жирийн сургуулиас Эмпати сургуульд элсэн ороход хүндрэл бэрхшээл байсан уу?
-Хүндрэлтэй санагдсан зүйл ер нь байгаагүй ээ. Шинэ хүүхдүүдийн дунд эхэндээ ичиж бишүүрхэж л байсан.
-Ямар, ямар хичээл нь англи хэл дээр явагддаг вэ. Хэлний мэдлэгээ хэрхэн дээшлүүлж байна?
-Манай сургуулийн Математик, Биологи, Хими, Физик гэх мэт шижлэх ухааны хичээлүүд англи хэл дээр явагддаг. Англи хэлний хичээлийг мэдээж гүнзгийрүүлж судалдаг. Миний хувьд англи хэлийг анх гадаад кино, дуунаас л гараагаа эхлүүлж байсан. Гадаад үгний дуудлагыг сонсож үгийг нь цээжилж орчуулж чих онгойж байсан. Түүнээс хойш сургуульдаа гадаад багш нараасаа гүнзгийрүүлж сурж Кембриджийн 14 цуврал номыг хийснээр одоо байгаа түвшинд хүрсэн. Үргэлжлүүлэн судалсаар байх болно, хэлийг судалж дуусна гэж байдаггүй.
Б.Батчимэг