Өөрийн хобби, сонирхолдоо хөтлөгдөн хатуу цаасаар автомашин болон онгоц зэрэг төрөл бүрийн техник хийдэг, урлаач Г.Батбаяртай ярилцлаа.
-Таны хийсэн бүтээлүүд бодит мэт харагдаж байна. Хэзээнээс эхэлж цаасаар машин хийсэн бэ?
-Бага байхад ах маань Залуу техникчдийн ордон /хуучин нэрээр/-ы дугуйланд явдаг байлаа. Ордны хаалгаар ороход уул ус, автомашин, галт тэрэг гээд л төрөл бүрийн техник харагдаж, яг л бодит юм шиг мэдрэмжийг төрүүлнэ. Хүүхэд учраас ийм гоё юмтай болно гэж мөрөөддөг байлаа. Лонхон доторх усан онгоцыг хараад хийж үзэх сэдэл төрсөн. 2005 онд анхны бүтээл болох жижигхэн хэмжээтэй усан онгоц хийж үзээд тэр үеэс хобби болгон хөгжүүлсэн.
-Нэг машин хийхэд хэр хугацаа шаарддаг вэ. Эд анги гээд бүгдийг нэг бүрчлэн гараар хийдэг учраас ажиллагаа ихтэй байх?
-Тэгэлгүй яах вэ. Чимхлүүр ажиллагаа их учраас цаг хугацаа нэлээд шаарддаг. Нэг машиныг багадаа долоо хоног хийж дуусгана. Бүгдийг нь гараар хийж байгаа болохоор хөдөлмөр, хугацаа их ордог юм.
-Hийт хэдэн машин хийсэн бэ. Таны бүтээлийг хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?
-Чөлөөт цагаараа машин, онгоц, мотоцикль зэрэг нийт 200 гаруйг хийсэн байна. Цаашид бүтээлийнхээ тоог нэмж, өөр олон загвар гаргахыг хичээж байна. Хүмүүс анх тоглоом гэж ойлгодог байсан ч одооноос урлаг гэж харж, сонирхох хүний тоо эрс нэмэгдэж байна. Манайхан машины загварыг шинэ байгаагаар нь сонирхдог. Харин гадаадад бол хуучин маягаар будаж янзалдаг юм билээ. Тэр нь тухайн хүнд амьд мэдрэмж төрүүлдэг гэсэн үг. Тийм чиглэлээр хөгжүүлэхийг зорьж байна. Кинонд ч ийм загвар их хэрэглэж, зураг авалтад ашигладаг. Тухайлбал, “Ирээдүйгээс ирсэн нь” кинонд жижиг загварын машин ашигласан байдаг.
-Та машин хийхдээ загвараа өөрөө гаргадаг уу?
-Файлаа интернэтээс татаж авна. Бусдыг нь өөрөө хийдэг. Цаасаар автомашин хийдэг загварын сэтгүүл гадаадад эрэлттэй зарагддаг юм билээ. Техник технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн сонирхол ч өөрчлөгдөж байна. Пластик эдлэлийн угсардаг моделиуд импортоор орж ирдэг. Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой ажил гэж боддог.
-Нэг машин бүтээхэд олон шат дамждаг юм байна. Интернэтийг зөв ашиглаж чадвал мэдлэгээ тэлэхэд хэрэгтэй санагддаг?
-Бид интернэт хөгжсөн эрин үед амьдарч байгаа болохоор интернэт орчныг зөв ашиглаж чадвал өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой. Машин хийхэд хэд хэдэн шат дамжлага дамжиж бүтнэ. Интернэтээс машины загвартай файлыг хайж олохоос ажил эхэлдэг. Хайхад хугацаа шаардлагатай. Дийлэнх нь төлбөртэй байдаг учраас үнэгүйг олж авах гэж эрэл хайгуул хийнэ. Өөрт таалагдсан файлаа татан авж, хэвлэнэ. Хэвлэснийгээ бялууны хайрцагны хатуу цаасан дээр жигд нааж, хайчилна. Зарим хэсгийг нь сийлбэрийн хутгаар нэг бүрчлэн зордог. Тэгээд машин доторх жижиг эд ангийг хийнэ. Хийх гэж байгаа машиныхаа бүтцийг маш сайн судлах хэрэгтэй. Хамгийн сүүлд эвлүүлэн нааж, будаад машин бэлэн болдог.
-Эрэгтэй хүүхдүүд их сонирхдог байх. Танай хүүхдүүд хамт хийдэг үү. Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд ач тустай болов уу?
-Манай хүү 44 дүгээр сургуульд сурдаг. Захирал нь сурагчдаа хөгжүүлж, дугуйлан хичээллэх кабинет гаргаж өгье гэсэн боловч зардал мөнгөнөөс шалтгаалж бүтээгүй. Ажиллагаа их шаарддаг учир хүүхэд халширч магадгүй. Түүнээс хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхээс гадна юмхнаар юм хийж болдгийг бодитоор харуулах ажил. Амархан загвар хийж болно. Хичээлийн программд ийм хөтөлбөр суулгаж өгвөл хүүхдийн ухаан задрахаас гадна техникийн талаар мэдлэгтэй болно. Хийж сурахыг хүссэн хүн болон хүүхдэд зааж өгөхийг боддог. Mongolian paper modeler гэсэн фэйсбүүк хаягаар холбогдож сонирхсон загвараа хэрхэн яаж хийхийг заалгаж болно.
-Хамгийн их ажиллагаатай ямар загварын бүтээл хийж байв. Хэд хоногийн хугацаанд хийсэн бэ?
-”КРАЗ”-ыг гурван сарын хугацаанд хийсэн. Дугуй нь эргэж, гэрэл асдаг. Амортизатор нь хүртэл ажиллана. Нарийн ажиллагаа ихтэй. Дарвуулт онгоц ч мөн адил урт хугацаанд бүтсэн дээ.
-Хийсэн бүтээлээ хэдэн төгрөгөөр зардаг вэ?
-Ихэвчлэн бэлгэнд өгнө. Гэхдээ гар урлалыг дэмждэг, сонирхсон хүмүүс захиалга өгвөл харилцан тохиролцож, үнийн дүнгээ тогтоодог юм. Жижиг машинаа 80 мянган төгрөгөөр зарсан удаа бий. Цаасаар хийсэн ч хүч хөдөлмөр, ур дүй их шаарддаг болохоор тодорхой хэмжээнд үнэлдэг.
-Эдэлгээ сайтай материал эсвэл төмрөөр хийвэл худалдаж авах хүний тоо нэмэгдэх байх?
-Техник технологи хөгжихийн хэрээр гараар хийх нь ховордож байна. Төмрөөр хийх бодол байдаг. Гэхдээ сайн багаж, түүхий эд шаардлагатай.
-Одоо ямар материал, багаж ашиглаж хийж байна вэ?
-Сийлбэрийн хутга, хайч хэрэглэнэ. Ямар деталл хийхээс шалтгаалж, янз бүрийн нарийн багаж, хэрэгсэл хэрэгтэй болдог. Бялууны хайрцаг, наалдан пад, тараган цавуу, усан будаг зэргийг ашиглаж байна. Уг нь зориулалтын буддаг үзгэн буу байдаг ч тэр нь олддоггүй учраас өөрт байгаа боломжид тааруулаад бийр ашиглан будаж байна. Будахдаа тараган цавуунд спирт хийж, янз бүрийн өнгө гаргаж хэрэглэдэг. Ингэснээр эдэлгээ болон будгийн тогтоц сайтай болно. Усан будгаар шууд будчихвал урсахаас эхлээд асуудал үүсдэг. Замаскыг сэв, хонхорхойг нөхөж, дарахын тулд хэрэглэж байна.
С.Ичинхорлоо