Үргэлжлэл нь...
Балт ардаас нь гарах гэвэл, Сүндэр:
-Намууныг тайван орхи доо. Балт минь, лам багшийн хэлснээр бид даруй холдож нүүе гэв. Навчаа, Жавзаа хоёр Өнөрөөгийнхөөс орж ирэн “Намуун гүйгээд явчих юм. Хаашаа ингэтлээ яаараа вэ. Нээрээ ардаас нь Баагий морьтой яваагүй юм уу. Баагийг гэж бодлоо. Та хэд бүгд энд тэр морьтой хүн хэн байдаг билээ”.
Сүндэр зөөлхнөөр “Цайгаа ууцгаа. Маргааш жаахан буйр сэлгэж нүүцгээнэ шүү. Ажил төрлөө хийцгээе дээ, үд боллоо” гээд гарав. Балт, Цамба хоёр ч юу ч дугарсангүй. Харин Баагий л гайхшран сууж байлаа...
Яг энэ үед Уртаа, Тамжид лам хоёр өвгөний гэрийг ачааллан дуусав. Өвгөний гэр их дөмөг жижигхэн тул хоёул ядах юмгүй ачаад Тамжидын зүг явав.. Тамжид “ Чи ингэхэд их зоригтой хүү байна шүү. Наашаа ирж л байдаг”.
- Өвгөн ламын захиас байгаа юм аа. Гэхдээ үхэр тэрэг Намуун энд авчирсан биз дээ. Би буруу харсан юм болов уу?
- Үгүй дээ, чи буруу хараагүй.
Уртаа, Тамжид хоёр үд өнгөрч байхад зорьсон газраа ирцгээв. Тамжидынх Бага хайрханы өвөрт хоёр гэрээр нутагладаг. Нэг гэр нь Тамжидынх, нөгөөх нь дүү Тарваагийнх билээ. Уртаа, Тамжид хоёр тэрэгтэй гэрээ буулган гэрээс холгүйхэн хураав. Тарваагийнх хоёр хүүхэдтэй, эхнэр нь гэх залуухан бор өндөр бүсгүйг Булган гэдэг юмсанж. Булган, Тамжид өнөө хоёр дээр ирэн их л гунигтай царайтай байх бөгөөд “Ах минь орж цай уу. Хөөрхий өвгөн багш минь юу л болчихов доо” гэж харамсаж буй нь илхэн хэлэв.
Нар жарган үдэш болж байхад гэрийн эзэн Тарваа орж ирэв. Тэрбээр их л жигтэй Тамжид руу хараад:
- Ах аа, та хоёртой хүмүүс явсан уу. Би цаанаас дурангаар харахад ардаас чинь хүн дагаж байгаа харагдсан юмсан. Тамжидын царай хувирч дүү рүүгээ нүдээ гүйлгэн ямар нэгэн юм харцаараа хэлэх шиг болсноо “За, хоёулаа манайд орцгооё доо” гээд Уртааг дагуулан гэрээс гарав. Тамжидынд орвол өвгөн ламынх шиг бурхан шүтээнээ хоймортоо залсан байх ба лам нарын адил жижиг бор гэрт ном уншин суудаг нь анзаарагдана. Тамжид арц, хүж уугиулан маань уншаад Уртаа руу их л нухацтай харж эрхээ эргүүлэн нүдээ нэг нээн нэг анин ямар нэг юм үзэж харж байгаа харагдав. Тэрбээр:
- За, чи наашаа ойртоод суу. Өнөөдөр шөнө их сонин юм болж магадгүй. Чи айж л болохгүй шүү. Манай энэ нутаг болбоос их эрдэмтэй лам нар байсан өлгий. Талийгаач багш минь ..... санаа алдав. Уртаа царайгаа төв болгон Тамжид руу харан:
- Ламтан минь, та надад хэлээч, бүгдийг нь. Би юу ч ойлгохгүй байна. Энэ надад харагдаад байгаа зүйлс... надад тохиолдоод байгаа зүйл юу бэ? гээд нүдэндээ нулимс цийлэгнүүлэв.
- Үнэндээ чи бүгдийг мэдэж чадахгүй. Хэрэг ч үгүй биз. Энгийн хүн та нар байтугай, эрдэмт лам нар ч хариултыг нь эс олсон зүйлс орчлон хорвоод олон байдаг юм шүү дээ. Лам багш минь учрыг нь олох гээд өөрийгөө золионд явуулсан нь учиртай болов уу?
- Өөрийгөө золионд гаргана гэхээр юу гэсэн үг вэ?
- Эмгэнтийн энгэр рүү явсан гэсэн үг. Өөрөө энийгээ ч мэдсэн хэрэг. Харин яг юунаас тэгтлээ айсныг нь би асууж чадаагүй. Ямар ч байсан энэ тийрэнгүүдээс лав биш биз. Чамайг их л гомдол тээсэн тийрэн дагаж байгаа бололтой. Тэд их хэцүү, салахгүй хэдэн жилээр ч... магадгүй бүх насаар чинь ч дагах магадлалтай. За, шөнө хоёулаа айхгүй өнгөрөөчихвөл бага сага учир нь олдох байх. Ямар ч байсан чи айж болохгүйг л цээжилж ав гээд лаа асааж, өөртөө ташуураа ойртуулан суув.
Уртаа Тамжидын хэлсэн үгнээс айж болохгүй гэдгийг л маш сайн ойлгов. Айлын ноход нэг их хуцан чимээ өгөхөд Уртаа цочин Тамжид руу харвал “Зүгээр, зүгээр. Ирэх хүн нь ирчихлээ” гэхээс өөр юм хэлсэнгүй. Удалгүй Тарваагийн эхнэр Булган хоёр хүүхэдтэйгээ орж ирэн:
-Ахаа нэг хүүхэн ирлээ. Тарваа адуугаа залчихаад ирнэ гээд ирдэггүй. Би айгаад, харуй бүрий болж байхад галзуу солиотой нь мэдэгдэхгүй хачин хүүхэн байна. Яах вэ?
- Миний дүү битгий ай. Холоос яваа хүн. Хоол цай өг. Яасан ч айж болохгүй шүү. Дэвсгэр засаад өг. Зочин шиг л дайл. Тарвааг ирвэл нааш ороод ир гэж хэлээрэй.
Булган Тамжидын тайван байхыг нь анзаарч сая нэг тайвшран буцаад гэр рүүгээ явав. Уртаа гайхан “Ламтан минь арай ... арай ...”.
- Тийм ээ, Намуун ирж ээ. Хөөрхий минь, зараал болчихсон юм байна. Нэг морьтой хүн дагаж иржээ дээ.
- Морьтой хүн гэнэ ээ. Арай Балт ах ...
- Үгүй дээ. Хүн биш бололтой. Аа, тийм. Одоо саналаа тэр байх нь гээд Тамжид хаалга руу харан суув. Уртаа Тамжидын үл мэдэгдэм бас айдас хүрэм ярианаас үнэндээ ойлгох юм бага байв. Шөнө болжээ. Гадаа сартай саруул шөнө болж байв. Тарваа ирж байгаа бололтой морьтой хүн шогшин ирээд бууж байгаа сонсогдов. Хэсэг хугацааны дараа Тарваа орж ирэн:
- Ах минь юун айхтар хүүхэн гэрт ороод ирэв. Та тэр хүүхнийг таних билүү?
- Чи л таних ёстойсон доо. Аравжир гуайн хүүтэй ойр дотно болоод байсан.
- Юу гэнэ ээ.Намуун уу. Арай үгүй байлгүй дээ. Би царайг нь сайн харж чадаагүй. Намууныг чинь галзуурсан гээд яриад байгаагүй билүү. Бүр ингэж айлаар явдаг болчихоо юу, хөөрхий минь.
- Аравжирын хүүг хэн гэдэг байлаа?
- Бид хоёр гэмгүй сайхан найзууд байсан даа. Амгаа гэдэг байсан нарийн учрыг нь сайн мэдэхгүй өөрийгөө буудчихсан гэж ярьдаг юм.
- За тэгвэл чи сонс. Өнөө шөнө чамд харагдаж магадгүй айж болохгүй шүү. Харагдахыг хүссэн хүндээ харагддаг юм.
- Ах минь юу л болоод байна даа. Би чинь хоёр хүүхэдтэй эцэг хүн шүү дээ. Тэр жилийнх шиг хэцүү зүйл дахиад тохиох гэж үү?
- Өвгөн багшийнхаа захиасыг биелүүлж байна аа. Би ч өөрөө мэдэх юм алга. Ямарч байсан тохиолддоггоо тохиолдоод байгаа бололтой. За, чи гэртээ ор. Энд ямар ч чимээ гарч байсан орж ирж болохгүй шүү.
Тарваа лам ахаасаа адис аваад гэр рүүгээ явав. Алтны дэргэд гуйл шарлана гэдэг шиг ямар нэг хэцүү зүйл болж байгааг ч ойлгов. Тарваа их л зоригтой ширүүн баргийн юмнаас нэг их жийрхээд байдаггүй юмсанж. Шөнө болж Тамжид лаагаа ээлжлэн барьсаар ямар нэг юм хүлээж байгаа бололтой хаалга руу харан сууна. Уртаа нүд нь анилдан орон дээр хэвтэн унтахгүйг хичээнэ. Нилээд удав… Уртаа ч зүүрмэглэн нойрондоо дийлджээ.Тамжид нэг хүнтэй юм яриад байх шиг санагдахаар нь Уртаа нүдээ нээн нухлан харвал, Тамжид нэг хүнтэй яах аргагүй ярьж байв. Тэрбээр гайхсан хэвээр өндийх гэвэл орны хөлд нь өнөөх эмгэн суучихсан өөдөөс нь харан инээмсэглэж байв. Уртаагийн зүрх нь хүчтэй цохилж амнаас нь авиа гарсангүй. Нүдээ аниад буцаад хэвтэн чичирсээр хүйтэн хөлс нь ялгараад ирэв. Уртаагийн хацар дээр хүйтэн уруул үнсэх шиг боллоо, тэрбээр нүдээ нээсэнгүй. Гэрт гэнэт хүүхэд уйлах сонсогдов. Уртаа аргагүй нүдээ нээн харвал нэгэн хүү үүдэнд уйлчихсан зогсож байх ба Намуун түүнийг аргадаж байгаа харагдав. Уртаа Намууныг яг мөн үү, биш үү гэж харвал гарцаагүй мөн харагдав. Өнөөх эмгэн харин харагдсангүй. Уртаа сая нэг өндийгөөд Намууныг Тарваагийн нэг хүүг дагуулж ороод ирж гэж бодон тайвшраад Тамжид ламын зүг харвал саяхан өнгөрсөн өвгөн лам хажууд нь сууж байв. Уртаа уруулаа чимчигнүүлэн юу ч эс дуугарна.
Өвгөн лам Уртааг харснаа үл мэдэг инээмсэглэн гэрээс гарахаар босов. Уртаа өвгөн ламын зүг хараа салгасангүй. Хаалга нээгдэхэд үнэг гүйх шиг харагдав. Тамжид номоо уншиж эхэлтэл лааг хэн нэгэн үлээчих шиг болжээ. Уртааг ямар нэг хүн дээрээс нь даран “Гарч болохгүй шүү. Тэд чамайг аваад явчихна. Балтынд очихгүй бол тэнд сүйд боллоо” гэж шивнээд хаалгаар нэг хүн гараад явж байгаа харагдав. Уртаа энэ бүхэнд тэссэнгүй ухаан балартан нүдээ анив.
Уртаа сэрэхгүй тэр чигтээ унтсаар өглөө болжээ. Сэрвэл Тамжид цай чанаж сууж байв.
-Өө чи ашгүй сэрчихэв үү. Бие нь яаж байна. Зүгээр биз дээ.
- Зүгээрээ, Тамжид ахаа өчигдөр юу болов оо. Би зүүдлэсэн юм болов уу. Тэр нөгөө... тэр өвгөн лам...
- Тийм ээ, чи зүүдлээгүй. Цайгаа уучих. Өнөөдөр хоёулаа Эмгэнтийн энгэрт очиж ном уншина. Эмгэний сүнсийг тайтгаруулахгүй бол эндээс хэзээ ч холдохгүй бололтой.
- Өвгөн лам мөн биз дээ. Энд яахаараа...
- Чи бүгдийг очоод мэднээ. Одоо тайвшир.
- Намуун... Намуун хайчсан бэ?
- Намуун уу. Намуун Балтынд л байгаа болов уу.
Ийн ярилцаж байх зуур Тарваа орж ирэв. Тэрбээр Тамжид руу том харан “Ах минь Булган алга болчихлоо. Ойр хавиар хайгаад ер олдсонгүй. Нөгөө шөнө ирдэг хүүхэн ч алга. Шөнө орж гараад байх шиг байсан. Тэр муу галзуу солиот ч яахав. Миний хань алга болчихлоо, яадаг хэрэг вэ. Та нэг төлөг буулгаач гэж сандрангуй хэлэв. Тамжид цайгаа тайвнаар данханд юүлэн аяганд хийн Уртаа, Тарваа хоёрт бариад өөрөө бор тагшиндаа хийн балгаад эрхээ эргүүлж сууснаа “Булган ээжтэйгээ уулзсан байх нь. Эмгэнтийн энгэрт оршуулсныг би бүр мартаж орхиж, зүгээр дээ. Муу юм болоогүй, бүү санаа зов. Балтынд очсон байх. Би аваад ирнэ ээ. Энэ хүү бид хоёр одоо ингээд хөдөллөө.. Чи харин хүүхдүүдээ хараад гэртээ үлд. Хэрэв цагаан морьтой хүн ирж намайг сурвал “Хол явсан, мэдэхгүй” гэж хэлээрэй. Сануулж хэлэхэд тэр хүнтэй элдэв юм ярьж болохгүй шүү. Танидаг хүн чинь байх болов уу. Айж мэгдэхгүй бол сарниад алга болчихно. Амьд бусын тийрэнгүүд ихэнх нь сэрчихжээ. Юу л болдог бол доо” гээд санаа алдан Уртааг дагуулан хөдлөв. Тамжид Уртааг бөөн бодолд автан байгааг хараад:
- За, хүү минь. Манай энд дээхнэ үед их сайхан нутаг байсан гэдэг. Одоо ч сайхан л даа. Харин өөд болоочдоо болохгүй газар хөдөөлүүлээд хий тийрэн элбэгшсэн гэдэг юм. Эндхийн эзэн савдаг маш хатуу. Хий тийрэнд юу ч хийж чадахгүй болохоор өвгөн багшийг минь дөнгөчихсөн бололтой. Нэгэнт үхчихсэн хүмүүст яаж хор хүргэж чадах вэ дээ. Харин амьд бид нарт бол үнэхээр учирвал маш их халтай зүйл дээ. Тийрэнгээс илүү хүчтэй зүйлс бий. Тэрний нэг бол уулын эзэн савдаг. Дээхнэ үед олон лам ном хурж, эндэх тийрэнгүүдийг намдаасан гэдэг. Хэдэн жилийн өмнөөс үе үе эргээд сэргэсэн гэдэг. Хүн битгий хэл, мал ч тогтдоггүй болчихсон нь ортой байж. Хоёр ертөнцийн завсар амьдарч байгаа улс даа. Өвгөн багш өчигдөр манайхаар буугаад мордлоо. Амьддаа бодож явсан зүйлдээ хүний бие үхэвч бодолдоо эргээд амьдарч харагддаг үе бий. Бид айхгүй бол гэмгүй ээ. Харин айдсаар чинь дамжиж, ийш тийш нь төөрүүлж аваад явчихдаг талтай. Өнөөдөр хоёулаа айлд бууна аа. Харин чи гайхаж цочиж огт болохгүй шүү..
Уртаа Тамжид руу харан:
-Багш лам минь, та айхгүй байна уу. Хоёул тийш явах шаардлагатай гэж үү. Савдаг чинь чөтгөр гэсэн үг үү?
-Өвгөн багш минь, хамгаалж байгаа цагт би айхгүй ээ. Хоёул тийш очиж аргадах зүйл бас байна. Тэгэхгүй бол чи цаашдаа хэцүүдэх гээд байна. Савдаг гэдэг яг тийм гэж хэлэхэд хэцүү л дээ. Ямар ч дүрээр үзэгдэж болно.
- Хэцүүднэ гэхээр би үхэх гэж үү?
- За, хүү минь энэ тухай дараа ярья. Бушуу явъя.
Хоёул морио хатируулан довтолгов. Балтынх руу ойртов. Балт гэрийнхээ гадаа сууж байв. Тамжидыг ирнэ гэж мэдсэн юм шиг урдаас нь тосон очив. Тамжид, Уртаа хоёр уяан дээр буун морио уяад Балт руу алхав. Балт ламыг угтаж ирэн “Лам ах минь, өчигдөр ... өчигдөр ...” гээд ээрэв.
- За, чи чинь мэндийн зөрөөгүй ээрч муураад юу болоов.
- Өчигдөр шөнө дундад эхлээд фургон ирлээ. Би таны хэлснээр айхгүй дөхөөд очтол хэн ч байгаагүй. Эргээд гэр рүүгээ алхахад бөөн хүн фургоноос буусан. Би айхгүй гэсэн ч айчихсан. Гэртээ ороод Сүндэрт хэллээ. Сүндэр бид хоёр хэсэг харзнаж байгаад гарч харсан юм. Тэгтэл намайг нэг юм толгой руу цохих шиг болоод өнхрөөд ойччихсон, би босч чадаагүй. Сүндэр харин өглөө байхгүй байна. Хоёр эмэгтэй дүү минь харин фургон битгий хэл, дууг нь ч сонсоогүй байх юм.
Тамжид сонсож байснаа “Ингэхэд Намуун байсан уу. Ччи харсан уу”.
- Үгүй ээ, би хараагүй, байгаагүй, ирээгүй шүү дээ. Харин Тарваагийн эхнэр Өнөрөөгийнд хэвтэж байгаа. Хаанаас ч юм гараад ирсэн гэсэн.
Тамжид үг хэлгүй Өнөрөөгийнх рүү алхав. Гэрт орон шууд Булганы толгойг түшин өврөөсөө рашаан бололтой зүйл урууланд нь дусаагаад арц гаргаж уугиулан ном уншив. Өнөрөө гайхсан нүдээр харах хэдий ч ямар нэг зүйл болсон нь илт байв. Ном унших үед Тамжид Балт руу харан “Булганыг яасан ч хаалгаар гаргаж болохгүй шүү гээд Өнөрөөгийн эхнэрт “Чи харин эндээс гар. Балтынд ороод байж бай. Хүүгээ дагуулаад яв” гэж хэлээд номоо уншсаар. Булган ухаан орсон ч галзуу хүн шиг тачигнатал инээн муухай чарлан хаалгаар гарах гэж дайрав. Уртаа Булганыг тийм авир гаргахад үнэхээр айсан бололтой ламтаны хажууд суув. Балт, Өнөрөө хоёр Булганыг арай ядан тогтоож байв. Багаасаа морь малтай ноцолдож өссөн хүчтэй бяртай залуус эмэгтэй хүний хүч чадал ийм айхтар байгаад гайхан балмагдан тэмцсээр. Булган учир нь ойлгогдохгүй зүйлс ярьсаар орон дээр суугаад таг чиг болов. Хэсэг хугацааны дараа арагш ойчин амьсгаа нь давчдан ханиалгасаар өндийгөөд “Ээжээ...ээжээ...” гэсээр сэрэв. Тэрбээр гайхсан харцаар Балт руу хараад:
- “Би би ... хаана байна вэ. Ээж хаана байна. Мминий хүүхдүүд... хүүхдүүд минь хаана байна” гэв. Тамжид номоо зөөлрүүлэн уншиж дуусаад “Дүү минь, одоо тайвшир. Хүүхдүүд чинь аавтайгаа байгаа. Сая харин юу харснаа санаж байгаагаа надад хэлээдэх дээ”.
- Ээж минь байсан. Ээж минь харагдсан, үнэндээ би хүсээгүй. Намайг нэг зүйл хөдөлгөөд байх шиг, би маш хурдан гүйж байсан.
- Юу, хэзээ гүйсэн гэж... хаашаа тэр вэ?
- Булган нүүрээ даран хэсэг сууж тайвшраад “Өчигдөр Тарваа танайх руу орохоос жир бус юм үзэгдсэн. Тэр хүүхэн гэнэт хөгшин хүн шиг болчихсон. Би эхэндээ буруу харж гэж бодсон ч үнэхээр хөгшин хүн байсан. Тарваа орж ирэхэд би хэлсэн ч тэр итгээгүй. Дараа нь шөнө дундад өнөөх хүүхэн гарч ороод байсан. Гараад нэг их удахаар нь би хаалгаа түгжих гээд босоод очтол урдаас хаалга татахад ээж минь инээмсэглэн зогсож байсан. Тэр мөчөөс л би юу болсныг сайн санахгүй байна. Ээж минь яг мөн байсан. “Намайг авраарай” гээд надаас аврал нэхсэн. Би даанч аварч чадаагүй явчихсан.
- Хаашаа явсан гэж... хэнтэй тэр вэ?
-Мэдэхгүй ээ, би машин дуугарахыг л бүдэг санаж байна. Нэг хүүхэн намайг энд үлдээгээд явсан байх аа. Нээрээ нэг хүүхэн байсан. Тэр хүүхэн яагаад хөгшин хүн шиг... Тэгсэн мөртлөө залуухан хүүхэн шиг харагддаг билээ.
Тамжид анхааралтай сонсоод:
-За, дүү минь. Чи минь сүйд болох дөхөж. Эндээ намайг хүлээж бай. Одоо ах нь Сүндэрийгээ олж авахгүй бол хэцүүхэн юм болох шинжтэй. Өнөрөө чи энд үлдээд Булганыг сайн харж бай. Ганцааранг нь явуулж болохгүй шүү. Балтаа үхэр тэргээ бэлд гэв.
Балт үг дуугүй гарч явав. Тамжид хөгшин нүүрээ шувтран “Хөөрхий охин, галзуу солиотой ч найзынхаа ардаас явчихжээ янз нь. Амьд мэнд л байгаасай” гэж амандаа бүдэгхэн хэлээд ном судраа эвхэн өвөртлөв.
Балт үхэр тэрэг хөллөөд хөдлөхөд бэлтгэв. Тамжид лам, Уртаа хоёр морио унаад Балтыг яаралгүй ардаас ирэхийг даалгаад түрүүлжхатируулан Эмгэнтийн энгэр рүү явцгаав. Тамжид Уртаад хандан:
-За, чи миний захисныг мартаж болохгүй шүү гэж сануулаад ширүүхэн хатирсаар Эмгэнтийн энгэрийн дээрээс өнгийн харвал тээр цаана ганц бор гэр байх нь тэр. Уртаа дурангаа өврөөсөө гарган:
-Лам ах минь, тэр юун айл байдаг билээ. Би ер наашаа лавхан давж үзээгүй юм байна. Балт ах хэлэхдээ айл хунар байдаггүй гэж хэлж байсан шүү дээ.
- Хоёулаа тэр айлд бууна даа. Харин чи юу ч битгий дуугараарай ойлгов уу. За, явцгаая гэсээр айл руу дөхөв. Тамжид лам морионоосоо буун ганзагатай баадангаасаа хар дээл гаргаж өмсөн, халзан толгойгоо алчуураар ороон “За, хүү минь. Идээнээс бүү хүртээрэй” гээд айлд очихоор шогшив. Уртаад тэр айл ойрхон хэрнээ яагаад ч юм бэ, нэг бол холбдож, нэг бол ойртоод байх шиг жигтэй санагдаад эхлэв. Хоёул явсаар сая нэг айлд хүрэв. Айлд ирвэл мал хуй гэх юмгүй, хашаа хороо байхгүй нь их сонин байв. Тамжид Уртаа руу их л шийдэмгий харсан нь захиасаа сануулсных юмсанж. Уртаа толгой дохин гэрт орцгоов. Гэрт ороход маш харанхуй бас ширээн дээр лаа асч байгаа харагдана. Уртаа үнэхээр гайхан дотроо “Үгүй ээ, энэ чинь гадаа ийм гэгээтэй байхад яахаараа лаа асаачихсан, харанхуй байдаг билээ. Энэ нэг л биш боллоо” гээд дотроо их айвч Тамжидын ардаас холдохгүй бөөрөнд нь наалдах шахам алхав. Гэрт нэгэн эмгэн сууж байх ба мөн орон дээр нэг хүн хэвтэж байгаа харагдав. Эмгэн хоёр гийчин рүү харан:
-Сайн байцгаана уу. Хаа хүрч яваа улс вэ. Манай энд хүн ирээгүй их удаж шүү гээд хачин жигтэй хоолойгоор хихихи гэж инээхэд Уртаагийн зүрх золтой л зогсчихсонгүй. Тамжид Уртаад айж буйг анзаарсан бололтой түүний хөл дээр гишгэн “Өө, миний дүү ахынхаа бөөрөнд наалдчихаад яаж байна вэ. Хөл дээр чинь гишгичихлээ шүү дээ. Орой болжээ. Хоёулаа эндээ хоноод явах уу. Юу гэж бодож байна” гэхэд Уртаа Тамжидыг ямар нэгэн санаатай хэлж байгааг гадарлан дуугарсангүй.
Харин эмгэн жаахан дурамжхан байгаа бололтой:
-Манайх зочин хонуулдаггүй айл даа. Та нар зориод ирсэн юм бол өөрсдөө мэд дээ. Би энэ хүүг чинь харин сайн харах хэрэгтэй байна. Нүдний хараа их мууджээ. Шөнө юм харахгүй хэцүү юм гэж үгээ зөөн удаанаар хэлээд данхтай цайнаас хийн Тамжидад бариад Уртаад барихаар цай хийн дөхөв. Уртаа уг эмгэнийг танихын эрхэнд арагш налан барьц алдан хашгирчих дөхөөд хөл нь чичрэх шиг болов. Айхгүйг хичээсэн ч өнөөх эмгэн үрчгэр царайндаа инээмсэглэл тодруулан “Тийм ээ, чи ирсэн байна шүү дээ. Яагаад ингэж их удав даа” гээд Уртааг цоо ширтэн ажиглан харж байгаа нь үнэхээр аймшигтай байлаа. Тамжид харин орон дээрх хүн ямар учиртай, хэн болохыг харах гэж хичээн зүтгэсээр... далим гарган аягатай цайл алдаж асгаад “Өө, салга золиг гэж. Алив би өөрөө арчая” гээд өндийн орны зүг харцаа бэлчээж амжив. Тэгтэл Сүндэр дүрээрээ хэвтэж байв.
Тамжид буцаж ширээний хажууд суугаад тайвнаар:
- Бид хэдэн адуу хайж яваа хүмүүс. Танай энэ хавьд адуутай айл хэнийх байдаг билээ.
Эмгэн нилээд гуниглангуй галынхаа ойр суугаад “Биш байна.. Тийм ээ, биш байна. Маш адилхан юм. Миний хүү биш байна. Тэр минь заавал ирэх ёстой юмсан” гээд их л хүйтэн хүнийх биш авиагаар уйлснаа гэнэт ширүүн царай гарган “Та нар ингэхэд ямар учиртай хүмүүс вэ. Миний гэрт яаж ирэв. Хаанаас яваа юм бэ. Зорьж ирсэн шалтгаан чинь юу билээ. Харанхуй шөнө манайхыг олоод ирэх хүн энэ хэдэн жил байгаагүй. Нэг л хүн олж ирж чаддаг. Өөр хүн байхгүй, та нар яаж манайхыг олов” гээд уурлахад гаднаас нэг хүүхэн орж ирэн эмгэний чихэнд юм шивнэхэд эмгэн учиргүй инээд алдан “Одоохон та нар явцгаа. Өдөр би та нар дээр өөрөө очно” гэв.
Тамжид өврөөсөө эрхээ гарган алчуураа тайлан ном уншиж эхлэв. Эмгэн маш хүчтэй газар нэг ойчиж хөрвөөснөө “Чи.. чи .. чи лам байжээ. Та нар биднийг яаж ч чадахгүй. Заавал бид санасандаа хүрж байж сая амарцгаана. Чи.. чи яаж энэ гэрийг олсон юм бэ” гэхэд гэрийн хаалга онгойн шороо шуурч салхи дэгдэх зуур Уртаа нүдээ өөрийн эрхгүй анив. Салхи намжихаар нь нүдээ нээвэл Тамжид завилж суун ном уншиж байх ба Сүндэр том чулуун дээр хэвтэж байв. Уртаа босч “Сүндэр эгч ээ... Сүндэр эгч ээ .. та зүгээр үү. Лам ах аа ... Сүндэр эгч энд байна шүү дээ” гэж хэдэнтээ чанга хэлэв. Тамжид ном уншиж сууж байгаад алчуураа боогоод:
- Эгч чинь зүгээрээ. Хоёулаа хөгшин тийрэнг хилэгнүүлчих шиг л боллоо доо. Уг нь эсэргээрээ байх ёстой байсан юмсан. Энэ хавьд Намуун бий. Чи олоодох. Би Сүндэрийг сэргээх ая бодьё гэв. Уртаа хэдий жийрхэвч Намууныг эргэн тойрон гүйн хайсаар ер олсонгүй. Тамжид лам дээр ирэн “Ойр хавьд лав алга” гэж дуулгав. Тамжид их л санаа зовсон янзтай “Хоёулаа энэ хил хязгаарыг давж орж ирсэн. Нэг бол эндээ хорлогдож үүрд үлдэнэ. Нэг бол энэ хязгаараас гарч Балттай уулзана. Би эмгэнийг гол хүн нь гэж бодоогүй минь алдаа байж. Лам ахыгаа өршөө дүү минь. Энэ бол “амьд бусын амьдрал”. Тэдэнд шөнө бол бидэнд өдөр. Бидний шөнө бол тэдний хувьд өдөр болой. Одоо энд шөнө болохоор нам гүм байна. Харин нар жаргахад тэд гарч ирнэ. Маш олуулаа болно. Нар жаргахаас өмнө л хэдүүлээ гарах ёстой. Намуун бидэнд туслах л ёстой доо. Хааччихсан юм бол доо. Ямар ч байсан ирсэн зүг рүүгээ явцгаая. Ингэхэд морьд минь...
Уртаа яагаад ч юм бэ, нулимс унаган “Морьд алга болчихсоон, бид хоёрт одоо юу ч байхгүй. Та надад нарийн учрыг нь яагаад хэлсэнгүй вэ. Би ... би ... үнэхээр их айж байна. Тамжид лам завилж суугаад багшийнхаа захисан номыг уншиж эхлэв. Энэ бол нууц ном бөгөөд аргагүй маш хүнд үед уншдаг дээр үеэс үе дамжиж ирсэн ном юмсанжээ.
Тамжид номоо уншиж суусаар эрхээ эргүүлэн:
- За явцгаая. Бидэнд цаг бага байна. Ямар ч байсан Эмгэнтийн хөндийд очицгооё.
- Лам ах минь тэр чинь хүн хөдөөлүүлдэг газар бус уу?
- Тэндээс л Намууныг олох болов уу. Ямар ч байсан хөдөлцгөөе. Уртаа, Тамжид хоёр Сүндэрийг сугадан алхцгаав. Сүндэр мэдээ орохгүй байсаар л...
Явсаар үд өнгөрөх үед Сүндэрийн нүд багахан нээгдэн ус, ус гэх нь бүдэг сонсогдов. Тамжид өвөрөөсөө жижигхэн савтай рашаан гарна өгөөд түүнийг бүрэн мэдээ ортол түр амсхийв. Сүндэр нүдээ нээн нэг анин байснаа:
- Намуун хаана байна вэ. Намуун гэж бүдэг хэлээд “Би хаана байна аа” гэж асуув. Уртаа Сүндэрийн өмнө дөхөн очоод “Намууныг бид хайж байна. Та яаж энд ирсэн юм бэ. Эгч минь бид Эмгэнтийн энгэрт байна шүү дээ” гээд хоолой чичрүүлэн хэлэв. Сүндэр нэг их гайхсан нүдээр хараад буцаад нүдээ анив. Тамжид харин Сүндэрээс элдэв юм асуусангүй.
- За явцгаая эгчийнх нь тэнхээ муу байна. Хоёулаа түшээд явцгаая. Тэд амьхандаа яарсаар явав. Нилээн яваад нэг сонин юм харагдав. Уртаа:
-Лам ах минь та харж байна уу. Адуу туусан хүмүүс байна.
- Тийм ээ харж байна.
- Гэхдээ ямар ч тоос харагдахгүй байна шүү дээ. Тамжид хэсэг чимээгүй алхснаа “Бид хоёр дээр заавал ирэх байх тэхдээ чи юм асуувал битгий дугараарай .. ойлгосон биз .. Би аргалахыг бодьё гэв.. Уртаа ч толгой дохин адуу туусан хүмүүсийг нүд салгахгүй харсаар...
Олон хүн харагдсан ч яг тултал хоёр хүн л ирэв. Нэг нь бор морьтой, том нудрагатай дээл өмсч яргай том ташуур мөн буу үүрсэн харагдав. Нөгөөх нь бараан морьтой, уурга суналзуулан барьсан харагдана. Хоёул ойртон ирээд:
- Уртаа руу харан танимхайрч “Сайн байна уу. Дүү хүү хаа хүрч яваа билээ” Уртаа Тамжидийн хэлснээр эс дуугарав. Нөгөөх хүн нэг л сонин инээснээ:
- Дүү хүү танихгүй байх шив дээ. Танина даа чи дээр... бид хоёртой..
Тамжид яриаг нь таслан “Сайн байцгаана уу. Чи харин намайг нэг зүс үзсэн санагдахгүй байна уу. Чи намайг сайн таних юм шиг санагдлаа”.
Өнөө залуу Тамжид руу нэг их лавлан хараад зэвхий царай нь хувирч “Та чинь ... чи чинь .. нөгөө” гэснээ мориндоо ташуур өгөн давхиж холдов. Тамжид алхаагаа түргэсгэн цааш хурдан явахыг Уртаад хэлээд “Биднийг мэдчихлээ. Айхтар юм болох нь дээ. Энэ морьтой залуу болбоос энд отроор ирж байсан залуу мөн байна. Их нүгэлтэй юм болсон доо” гээд санаа алдан хурдан алхав. Уртаа лам хоёр хэдий ядравч алхсаар Эмгэнтийн хөндийд ойртон ирэв. Тамжид Сүндэрийг нэгэн шарилны хажууд хэвтүүлж, Уртаа руу харан “Чи ухсан нүх бүр рүү хараад яв. Намуун байгаа” гэв. Уртаа ч яаравчлан онгорхой нүх бүр рүү тонгойсоор явав. Тэгтэл нэг нүхэн дотор Намуун хэвтэж байгаа харагдав. Уртаа айх гайхах зэрэгцэн сайн харвал хохьмой толгой тэвэрсэн байх нь тэр. Уртаа хэдий айсан ч зөөлхнөөр “Намуунаа чи мөн үү. Намайг харж байна уу. Наанаа юу хийж байгаа юм бэ” гэхэд Намуун Уртаа руу их л аймшигтай гялс хийн хараад инээмсэглэн “Чишш, ээж минь унтаж байна. Чи сэрээчих шахлаа. Чи явж бай, ээжээсээ зөвшөөрөл аваадхая хихи” гэхэд нь Уртаа ухаан алдчих шахан юу ч дуугаралгүй Тамжидын зүг гүйв. Гүйж ирээд болсон явдлаа яривал:
- Ашгүй минь гэж Намуун байгаа нь сайн хэрэг. Одоо хоёулаа ёстой л бүх зүйлээ тэнгэр бурхандаа л даатгана даа. Удахгүй бүрий болно. Чи бүү айгаарай, энэ бүхэн чамд аймар байвал харах
хэрэггүй шүү гээд завилаад суув. Уртаа Сүндэрийг амьсгалж байна уу, зүрх нь цохилж байна уу гэж шалган хажууд нь суусаар Тамжидын учир битүүлэг энэ яриаг ч чухалчилж ойлгосонгүй. Нар бууж бүрэнхий болжээ. Уртаа айсан хэвээр Сүндэрийн хажууд суусаар. Бүрий болох тусам булшны чулууны урдуур хойгуур хүн гүйх шиг харагдана. Уртаа:
- Энэ юу вэ. Энд хүмүүс байх шиг байна, та харж байна уу. Би айж байна. Энэ удаа айхгүй байж чадашгүй нь ээ, лам ах минь. Би яах вэ гээд хэнгэнэтэл уйлахад “Хүү минь, уйлахаа боль. Чөтгөрүүд инээдэг юм шүү дээ. Эд бидэнд юу ч хийж чадахгүй ээ. Зоригтой бай. Яасан ч айж болохгүй гэж өвгөн багш захиасыг санаж байгаа биз дээ”.
-Тийм ээ...
Уртаа чичирч байлаа. Тамжид харин завилж суун ямар нэгэн бясалгал үйлдэж буй мэт харагдана. Бүрэнхий ноёлж харуй болох заагт энд тэнд хүн алхах сонсогдоно. Хүмүүс хоорондоо дүнгэр дүнгэр ярьж бүр инээх нь хүртэл Уртаагийн зүрхийг салгалуулж байлаа.
Хэсэг хугацаа өнгөрөхөд Уртаагийн яг хажууд нь нэгэн хүн сууж байгаа харагдав. Уртаа айсан боловч айхгүйг хичээн лавлан харвал лам хүн бололтой завилан сууж харагдав. Тэрбээр Сүндэр рүү их л нухацтай харж байгаа нь сонин санагдав. Тамжид лам хэн нэгнийг хүлээх мэт ямар ч сандарч айсан шинжгүй суусаар л байв. Харин Тамжидын хоёр талд хүн зогсож байгаа нь яах аргагүй тод харагдав. Уртаа нүдээ аних гэсэн ч энэ удаа өвгөн ламын хэлсэн захиасыг санан айхгүйгээр шийдэв. Удалгүй хүмүүс олширч эргэн тойрон алхаж явах хүмүүс элбэгшив. Яг энэ үед хэсэг хүмүүс тэднийг тойроод байгаа мэт бас хоорондоо учир нь үл мэдэгдэх хэлээр шулганан ярилцах нь бүр ч аймшигтай. Уртаагийн хажууд суух лам бололтой хүн Сүндэрт ойртон:
- Миний охин яаж яваад энд ирчихэв дээ. Би чамайгаа одоо эндээс яаж гаргана даа. Миний захиасыг дагадгүй, эцэг шигээ зөрүүд байх нь ээ гэснээ амандаа ном уншиж байгаа мэт Уртаад сонсогдов. Даанч хэдий хичээн харсан ч Уртаа түүний царайг харж ер чадсангүй. Гэнэт энэ үед Сүндэр нүдээ нээн өндийгөөд босоод ирэв. Уртаа өнөөх хажууд суух үл мэдэх хүнээс эмээн юу ч дуугарсангүй. Сүндэр ийш тийш харснаа “Би хаана байна аа. Тамжид ах та байна уу. Би айж байна” гэхэд Тамжид тайвнаар:
- Битгий ай, охин минь. Бид Эмгэнтийн энгэрт байна. Эндээс гарах арга зам хайж байна. Чи айх хэрэггүй. Чиний удмын том лам хүн ирчихсэн байна, түүнтэй мэндэл гэв.
Сүндэр ийш тийш их л айсан сандарсан байдалтай хараад “Би харахгүй байна. Хэн ч байхгүй байна шүү дээ. Уртаа дүү минь юу болоод байгааг надад хэлээч”.
- Эгч минь би өөрөө ч ойлгохгүй байна. Та тэднийг харахгүй байна гэж үү? ,
- Үгүй ээ, та хоёр чинь яагаад байгаа юм бэ. Юу ч алга байна. Хэдүүлээ явцгаая. Харьцгаая, хоосон нүхний хажууд юу хийгээд байгаа юм.Энэ аймар газраас явцгаая.
Уртаа гайхан Сүндэрийн хажуудах булш руу харвал саяхан булаастай байсан шарил хэн нэгэн ухсан мэт хоосон нүх л харагдав. Тэгтэл Уртаагийн чихэнд хэн нэгэн “Чи энд үлдэнэ. Та нар бүгд гарахгүй шүү”.. хихихи гэж инээгээд тэднийг тойрон хүмүүс эргэсээр байгаа нь үнэхээр үнэн болжээ. Уртаа зориг гарган “Т нар хэн бэ. Надаар яах гэж... би энд үлдэхгүй. Би та нараас айхгүй” гэж шийдмэг хэлэхэд Уртаагийн хажууд нэгэн үнэг ирэн оцойгоод суучихав. Тамжид сая сэтгэл нь тайвширч:
- Та минь ирэв үү. Таныг ямар их хүлээв дээ. Эд ч явуулахгүйгээр шийдсэн бололтой. Таныг хорлосон зүйл энэ дотор байна уу гэж асууснаа “Тийм байдаг байж. Байхгүй байх нь, за багш минь бид яах вэ. Та хэлэхтун” гээд ном уншиж эхлэв. Ном унших үед хүмүүс шоолсон маягтай инээлдэх нь зүрхийг нь зогсоох шиг. Гэтэл өнөөх үнэг Уртаад налан яг л эзэндээ эрхэлж буй нохой мэт шилгээв. Уртаа энэ үед нээрээ өвгөн лам талийгч маань үнэг шүү дээ. Тэр энд иржээ гэж бодолхийлснээ айдсаа даран тайвшрав. Сүндэр их л гайхсан харцаар Уртаа руу харан: -
-Энэ чинь үнэг байх чинь. Зэрлэг амьтны хоол болох чинь дутаа юу. Наадхаа хөөгөөд явуулаач чи, айхгүй байна уу. Та хоёр харанхуйд суучихаад ер хөдлөхгүй юм. Би лав явлаа шүү гээд босов. Тамжид Сүндэр рүү харан:
- Чи алив суугаадхаач. Чамайг хамгаалж хэн ирснийг мэдэхгүй байж. Энэ булш руу сайн хар даа. Хэнийх байж болох вэ. Охин минь, тайван бай. Тэр чиний хажууд байна.
Сүндэр булш руу удаан харснаа “Ээ бурхан минь” гэж дуу алдан “Өвөг минь байна шүү дээ. Тэр ирчихсэн гэж үү. Би яагаад харахгүй байдаг билээ”.
- Чамайг хамгаалж хаалт хийсэн байх нь, чи яв даа. Нөхрийгөө ол. Энэ хавьд ирсэн байх гэж бодож байна. Өвөг чинь чамаас ер холдохгүй ээ, санаа бүү зов. Бид хоёр эндээс одоогоор хөдөлж болохгүй.
- Намуун хаана байна вэ?
- Намууныг бид хоёр дагуулаад очно оо. Чи минь нөхөрөө ол.
- Балт энд ирсэн гэж үү. Тэр хаана байгаа юм бэ?
- Үхэр тэрэг хөлөлж яваа. Чи юу ч гэсэн гэрийнхээ зүг яв. Замд чинь таарах байх гэв. Сүндэр босон алхав. Уртаагийн хажууд суух өнөөх лам босон “Би яаж чадах билээ. Би та нарт ...” гэхэд Тамжид яриаг нь таслан:
-Та бол өндөр гэгээн хүн. Бидэнд бүү санаа зов. Биднийг бүгдийг та гаргаж чадахгүй. Охиноо авар. Тэр эх хүн шүү дээ. Танд баярлалаа ирсэнд ...” гээд мэхийхэд өнөөх үл мэдэх лам босон “За, чи сонс. Үүр гэгээрэх үед эзэн савдаг ирнэ. Тэр ямар ч байдлаар харагдаж болно. Та нар бүгд гарахгүй нь ойлгомжтой. Чи өөрөө мэдэж байгаа” гэж хэлээд Сүндэрийн ардаас явж харагдав. Уртаа Тамжид руу харан “Лам ах минь, та саяны хүнийг таньдаг юм уу. Үхсэн хүн биш үү”.
- Тийм ээ, бид хоёр ертөнцийн зааг дээр сууж байгааг би чамд хэлсэн дээ. Тийрэн болоогүй үхэгсэд байдаг юм. Би зөндөө аврал эрж дуудаж байж сэрээлээ. Үнэхээр л гайхалтай эрдэмтэй хүн байсан болой. Харин биднийг бүгдийг гаргаж чадахгүй.
- Бид бүгдээрээ гарч чадах уу. Эндээ үлдчихвэл яах вэ?.
Тамжид юу ч дуугарсангүй. Нилээд удаан суусны эцэст уулын цаанаас машины гэрэл тусав. Уртаа баярлан “Лам ах минь, тэнд хүмүүс байна. Машин ирж байна. Хоёулаа тийшээ очьё”.
Тамжид эрхээ эргүүлэн:
- Үхэгсэд байна. Төөрсөн сүнснүүд очих газраа очиж чадахгүй хээрээр хэсч явдаг юм. Чи тайван суу. Бидний явах цаг болоогүй байна. Өвгөн багш минь ирээгүй бол бид хоёр аль түрүүн энд нэг нүхэнд булшлагдах байсан биз. Чи түр хүлээ гэв. Уртаа үл мэдэх энэ байдлаас үнэхээр айвч Тамжид лам болон хажууд суух үнэгэндээ найдахаас өөр зам үлдээгүйг ойлгож байлаа.
Сүндэр явснаас хойш хэсэг хугацаа өнгөрөв. Тамжид лам эрхээ эргүүлэн маань уншсаар... Харин Уртаа үнэгнийхээ хажууд чичирсээр сууна. Өнөөх машин энэ тэргүүр хэсэн тэнүүлчилж Эмгэнтийн энгэрээс урагшаа давсан хэдий ч дахин хойноос гараад ирэх нь хачин бас аймшигтай санагдана. Тамжид босохгүй суусаар л... Уртаа эргэн тойрноо ажигласанч бүх зүйл тод харагдахаа больсон нь шөнө болж буйг илтгэнэ. Уртаа хажуу тийш тэмтрэн үнэгийг хайсан ч тэр гарт нь баригдсангүй. Үнэг алга болчихжээ. Тэрбээр Тамжид руу зөөлхнөөр:
- Үнэг алга байна. Тамжид ах аа, үнэг гэхэд “Мэдэж байна аа. Хажууд байгаа зүйлээс битгий айгаарай.. Хоёулаа явах цаг болжээ. Үүрээс өмнө гарах хэрэгтэй” гээд Тамжид босох шиг болов. Уртаа даган босвол яг хажуунаас нь нэг хүн босох шиг болов. Уртаа өвгөн лам байх нь гээд лавшруулан харвал өнөөх эмгэн байв. Уртаагийн гарнаас атган авч “Чи намайг орхиж явахгүй шүү” түүний гараас маш хүчтэй татахаар нь “Тамжид ламтаан, авраарай. Энэ нөгөө ... нөгөө...” гэхэд Тамжид хажууд нь ирээд ном уншиж байснаа “Намуунаа, миний охин сэрээрэй” гээд өнөөх эмгэнийг эрхээрээ цохиход газарт унах шиг болов. Төд удалгүй босон ирэхэд Намуун байв. Тэрбээр Тамжид руу харан:
- Ээж... хүү минь хаана байна. Та харсан уу. Миний хайртай залуу энд байгаа. Ээж минь хайччихав гээд цурхиртал уйлав. Уртаа саяны болсон явдалд итгэж ядан Намууныг эмгэн байсан, яах аргагүй эмгэн байсан гэж өөртөө хэлэн зогсож байв. Тамжид Намууныг аргадан “Охин минь явцгаая даа. Ээж, хүү хоёрыгоо тайван явуул даа. Хайртай залуу чинь чамтай байхыг хүсдэгч чи бол энд амьдрах хүн биш. Чи энэ хоёр амьдралын хооронд чухам юу хийнэ вэ. Чамайг ойлгож байна аа. Харин яаж яваад энэ айхтар хүчтэй тийрэнд хорлогдчихов доо. Энэ эмгэн ямар учиртай юм бол. Чамд мэдэх юм байна уу, надад хэлээч” гэв. Намуун хэдий галзуу, солиотой гэгддэг ч санаа алдан:
- Би хээрээр явдаг болчихсон. Яах гэж явдгаа ч мэдэхгүй. Тэр эмгэн аймшигтай зүйл тэр тийрэн биш тэр бол чөтгөр хүний сүнсийг айлгагч чөтгөр тэр энд их нөлөөтэй.. Тэр бүгдийг удирдаж чаддаг. Надаар их зүйл хийлгэсэн . Түүнийг харсан хүн Уртаа. Тэр хэнд ч харагдахыг хүсдэггүй . Харин Уртаа тэр өдөр хараагүй бол... уулзаагүй бол .... гээд мэгшин уйлаад “Надаар Уртааг алуулах гэсэн. Би чадахгүй. Уртаа үхвэл түүний ирээгүй хүүг нь орлож энд үүрд үлдэнэ. Уртааг алахгүй болохоор миний хамгийн хайртай найзыг минь хорлоно гэж айлгасан. Тэгээд энд Сүндэрийг авчирсан. Тэр сонсож байгаа аймар зүйл... Миний ээжийг одоо хүртэл чөлөөлөхгүй, шорондоо хийчихсэн байгаа байх. Миний хүү хаана байна вэ” гэв Тамжид ёстой л үзээгүй юмаа сонссон тул “Шорон гэнэ ээ... Юун шорон билээ. Энэ тухай сонсож байсан ч ёстой өөрөө орчихно гэж зүүдлэсэнгүй явлаа.”.
- Хохимой толгойг нь авч гэрт нэгэн авдарт хийдэг. Тэндээс гарч ирэх их хэцүү. Би хэд хэдэн удаа нууцаар болон гуйж авч ирж ээжийнхээ газар булдаг. Даанч намайг үхтэл ижийг минь зовоосоор байдаг.
- Чи энэ тухай яагаад ярьдаггүй байсан юм бэ?
- Хэн итгэх юм бэ. Надад хэн ч итгэхийг хүсээгүй. Би аргаа бараад ижийнхээ толгойг авч явдаг болсон. Тэр цагаас би өөрөө ч галзуурсандаа бүрэн итгэсэн юм шүү дээ.
Тамжид лам Намууныг үнэхээр их зовж зүдэрснийг ойлгохын ихээр ойлгож, хөөрхий охинг тэврэн:
- Охин минь бид гарна аа. Одоо тайван бай, бид явцгаана гэхэд: “Үгүй ээ, ээжийг минь аваад явчихсан байна. Тэр түүний сүнсийг зовоож байгаа, би явахгүй”.
- Яаж тэгж болох вэ. Ммаргааш хэдүүл дахиж ирж ээжийг чинь өөр газар хөдөөлүүлье гэж хэлэн аргадсаар Намуун гурвуул хөдөлцгөөв. Тамжид лам Намууны хэлснийг анхааралтай дотроо бодоод “Урд нь сүнс, чөтгөр, тийрэн нэг зүйл гэж бодож явлаа. Тэгтэл өөр өөр зүйл байдаг байх нь ээ.. Чөтгөр гэнэ ээ. .. Чөтгөр” гэж амандаа бувтнаад Уртаагийн гараас атган “За, хүү минь. Зоригтой байгаарай” гэв.
Үргэлжлэл бий...
Хард Билгүүн
Өмнөх нь
Амьд бус амьдрагсад-1 https://www.24tsag.mn/a/183289
Амьд бус амьдрагсад-2 https://www.24tsag.mn/a/183359
Амьд бус амьдрагсад-3 https://www.24tsag.mn/a/183384
Амьд бус амьдрагсад-4 https://www.24tsag.mn/a/183388
Амьд бус амьдрагсад-5 https://www.24tsag.mn/a/183413
Амьд бус амьдрагсад-6 https://www.24tsag.mn/a/183423
Сэтгэгдэл (3)