УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын таван гишүүн өнгөрсөн онд прокурорын байгууллагад хүргүүлсэн 23 томоохон хэрэгт авч буй арга хэмжээний явцын талаар мэдээлэл авлаа.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Нэг жилийн өмнөх нөхцөл байдлаас өнөөдрийн нөхцөл байдал багагүй өөрчлөгдсөн байна. Ихэнх нь хэрэг бүртгэл дээр замхарч байсан эсвэл хаагдсан хэргүүд. Эдгээрийг задалж 49 хэрэг болгон олохнийг нь шүүхэд шилжүүлсэн байна. Хууль хяналтын байгууллага хэнээс ч хамааралгүй ажиллаж, хэн нэгний хэлсэн үгээр хэлмэгдүүлж болохгүй. Мөн хэн нэгэн ял завшиж болохгүй. Энэ л зарчмаар ажиллах ёстой. Гэвч хууль хяналтын байгууллага бизнесийн бүлэглэлтэй сүлбэлдсэнээс болж Төв талбайд 30 мянган хүн цугларч эсэргүүцлээ илэрхийлсэн нь саяхан.
Төрийн гурван өндөрлөг хүртэл хууль хяналтын байгууллагаасаа эмээж биднийг тагнаж, чагнаж байна гэж бодсон учраас хоорондоо бичгээр холбогдож байсан. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг санаж байна. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудал, банк болон уул уурхайн компаниуд, нам дамнасан МАНАН бүлэглэлийн талаар ЗГХЭГ-ын даргаар ажилласнаас хойш сайн ойлгож авлаа. Магадгүй би хамгийн их мэдээлэлтэй эхний таван хүний нэг байж магадгүй. Энэ бүлэглэлтэй хэн хэн холбоотой юм бол гэж их боддог байсан. Гэвч нэг жилийн дараа энэ бүлэглэлтэй хэн нь холбоогүй үлдсэнийг хайх түвшинд хүрсэн гэдгийг мэдсэн. Олон асуудал болсон. Сонгууль дөхсөн учраас сүржигнэж ярихгүй. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХЗДХ-ийн сайдад бичгээр мэдэгдсэн. Нэг өдөр илрэх байх гэж найдаж байна.
Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асар их луйвар байна. Оффшор компаниудаар дамжих Монголд ирээд хаана, хаана үл хөдлөх хөрөнгө болсон бэ гэдэг нь онцгой дэглэмийн үед ил болсон. Энэ талаарх мэдээллийг хууль хяналтын байгууллага, Засгийн газарт шилжүүлсэн.
Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрээс зэс олборлоод хил дээр аваачиж гангийн үйлдвэр рүү очих хүртэлх гурван үе шаттай тээвэрлэлт бий. Энэ зардлыг нэгтгээд Лондонгийн биржээс зэсийн үнэ багцаагаар 31 төгрөг байна ч гэдэг юм уу, ийм байна гэж олон улсын жишиг үнэ зарладаг. Гэтэл Эрдэнэт үйлдвэрээс гарсан үнэ нь 123, 130 төгрөг болчихдог. Хамгийн их өсөлттэй байсан хугацаа нь Ц.Элбэгдоржийн үе. Түүнийг төрийн тэргүүнээр ажилласан найман жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн захирлууд нэгдүгээр гарын үсгээ өөрсдөө зурж чадахгүй хэмжээний эрсдэл үүссэн. Ц.Элбэгдорж найзуудын сүлжээгээрээ дамжуулан энэ ажлыг хийсэн. Энэ хэрэг шалгагдах байх. Бидний зүгээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд шалгагдсан шалгалтын дүнг хуулийн байгууллагууд руу өгсөн. Эрдэнэт үйлдвэр нэг их наяд төгрөг төвлөрүүлсэн гэдэг нь ерөөсөө л энэ. Үүнээс болж Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудал яригдаж, үүнийгээ хамгаалахын тулд хууль хяналтын байгууллагын удирдлагыг томилдог. Улмаар хоёр намд байгаа нөлөө бүхий 15 хүнийг худалдаж авдаг систем рүү сүүлийн 15 жилийн хугацаанд орсон хөдлөшгүй баримтаар ил болсон” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (53)