Монгол Улсын байгалийн баялаг болох шар алтыг ил далд хэлбэрээр улсын хилээр хууль бусаар гаргах нь олон. Үүнийг нь улстөрчид мэддэг. Ил цагаан ч хэлдэг. Гэхдээ “Чи гаргасан, би илчилсэн” гэж хэзээ ч хэлж байгаагүй. Шалтгаан нь нэг нэгнийхээ халаасанд орсон бизнестэй болохоор тэр. Шар алт бол хэмжээ бага ч өндөр үнэтэй. Энэ ч утгаараа нууцаар зувчуулах боломж өндөртэй. Гэтэл хар алт буюу нүүрсийг олон мянган тонноор нь гадашгаа зөөчихсөн хэрэг өнөөг хүртэл шийдэгдэхгүй Монголын төр байтугай хуулийн байгууллагын толгой эргэж сууна. Тэд хэн бэ?.
Өмнийн говь дахь Тавантолгойн бүлэг ордод олборлолт явуулдаг төрийн мэдлийн хоёр компани бий. Энэ нь "жижиг" буюу “Ажнай” группийн эзэн Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн орон нутгийн өмчит “Таван толгой” ХК, нөгөөх нь төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компани.
Энэ хоёр компанид холбогдох нүүрсний “хулгайн” асуудлыг УИХ-ын гишүүн Л.Энхболд одоогоос хэдэн жил гаруйн өмнө сэвж, олны анхааралд өртүүлсэн ч дахин энэ талаар ган хийсэнгүй өнөөг хүрэв.
Нийт 268 мянган тонн нүүрс хулгайлагдсан гэх хэргийн араас Засгийн газраас ажлын хэсгийг томилж, асуудлыг нягтлахад хулгайлагдсан нүүрсний хэмжээ 268 тонн биш бүр 340 тонн болж өссөн ч эцэстээ 390 тонн гэсэн дүн гарч ирсэн.
Хөндлөнгийн маркшейдеруудын хэмжилтээр тогтоогдсон гэх эл хэргийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа “Шалгалтаар “Тавантолгой” ХК лицензийн хил давж, “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас нүүрс хулгайлсан нь тогтоогдсон. Олон жилийн өмнөөс “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас нүүрс хулгайлдаг байж. Орон нутгийн “Тавантолгой” компани дээр “Тавантолгой транс”-ын Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар ноёрхлоо тогтоож, хууль бус үйлдэл хийж байж болзошгүй байна. Урд хилээр экспортолсон нүүрсний хэмжээг олборлосонтой нь харьцуулж үзэхэд экспортоор гаргасан нь их байгаа. Тэгэхээр бүртгэл тооцоогүйгээр нүүрс гаргасан нь тодорхой байна.
Энэ асуудлаар “Таван толгой” компани, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар тайлбар хийх ёстой.
Орон нутгийн өмчит компани нэрийн дор бусдын нүүрсийг хулгайлдаг, завшдаг явдал хавтгайрсны нэгэн жишээ. Энэ бүгдийг манай Засгийн газар цэгцэлнэ” гэж байв.
Үүний дараа АТГ-аас орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн зарим гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсгэж, өөрийнхөө эзэмшлийн “Тавантолгой транс” ХХК-д үнийн хөнгөлөлт үзүүлсэн. 2010-2017 онд “Тавантолгой транс” ХХК-иас авах авлагаас хоорондын тооцоо нэрээр 17.8 тэрбум төгрөг хаасан, тус тээвэрлэгч компанийн экспортолсон нүүрсний хэмжээ зөрүүтэй гарсан зэрэг сэжигтэй үйлдлийг шалгаж эхэлж байв. Ингэхдээ нэр бүхий компанийн хүнд даацын автомашин хилээр олон удаа орж гарсан, заримдаа ачаатай, заримдаа ачаагүй. Энэ үед нь хэдэн тонн ачаа, юу тээвэрлэж явааг нь тодорхой хянаагүй. Зөвхөн энэ компанийн автомашин гарсан, орсон гэдгийг бүртгэдэг байсан байгаа юм. Энэ бүхнийг УИХ-ын гишүүн Л.Энхболд ч батлан хэлж байсан.
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дараа эрчээ авч дуулиан дэгдээж байсан энэ хэрэгт сонгууль дөхсөн энэ өдрүүдэд дахин салхи орох төлөвтэй. Учир нь хэдхэн хоногийн өмнө Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдыг АТГ-аас цагдан хорьсон. Үүнтэй зэрэгцээд нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдах тухай мэдээлэл ирээд буй.
Хэний бүрэн эрхийг хэзээ түдгэлзүүлэх бэ гэдэг асуудал цаг хугацааны асуудал болоод буй энэ цаг үед Д.Ариунболдоор дамжуулж 390 тонн нүүрс хулгайлсан этгээдийг барих уу, эсвэл улс төрийн санаархал уу гэдэг сэдэв өрнөөд байна.
Хамгийн хачирхалтай нь, төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" нүүрсээ алдсан юу бол нүүрс хулгайлсан гэх орон нутгийн жижиг Тавантолгой ХК-ийн удирдлагууд өнөөдрийг хүртэл яагаад эрх чөлөөтэй явна бэ?.
Хэргийн хамсаатан гэж үзвэл, хулгайлсан хулгайч, хулгайлах боломжийг олгосон хамсаатан хоёр хоёул хариуцлага хүлээх ёстой. Гэтэл зөвхөн хулгайд юмаа алдсан компанийн захирлыг нь барьж хориод, хулгайлж идсэн компанийн толгойг илэх нь цааанаа нэг сэжигтэй санагдах.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны арванхоёрдугаар сарын сарын 23-нд байгуулж байжээ. Тухайн үед Ерөнхий сайд Сү.Батболд, харин тус компанийн анхны захирлаар Б.Энэбиш томилогдож байв. Тэрбээр 2008 оны арванхоёрдугаар сараас 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл гурван жилийн хугацаанд гүйцэтгэх захирлаар ажилласан. Өөрөөр хэлбэл, түүнийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар түр томилох шийдвэрийг гаргасан хүн нь тус компанийн ТУЗ-ийн дарга нь ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар байжээ. Ингээд 2011 он гарч Б.Энэбиш жинхэлсэн. Тэрбээр суудлийнхаа хариуг 2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН-ын тараасан “Эх орны хишиг”-ийг хятадын “Чалько””гоос босгож өгөх замаар хариулсан гэх яриа гарч байв. Гэвч 2012 оны сонгуульд АН ялж, засаг авсны дараа чөлөөлөгдөхдөө өмнөх шийдвэр болох хятадын “Чалько” компанитай хямд өртөгөөр нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан, таван тэрбум төгрөгийн дугуй “шахсан” зэрэг хэрэгт буруутгагдсан. Улмаар эх орноосоо дайжиж, харьд амьдрах болсон.
Түүнийн ийн зайлуулсан АН-ынхан 2012 оны аравдугаар сарын 11-нд дипломатч Я.Батсуурийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон. Гэвч түүнийг хоёр жил гаруйн дараа буюу 2015 оны хоёрдугаар сарын 25-нд АТГ-аас баривчилж, улмаар тус оны өрөвдүгээр сарын 8-нд Ч.Сайнбилэгийг гүйцэтгэх захирлаар томилсон юм. ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан энэ эрхэм Тавантолгойн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Гэвч тус компанийн гүйцэтгэх захирлаар 20 хүрэхгүй хоног ажилласны дараа ажлаасаа яагаад ч юм бэ, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
Дараа нь тус компанийн Борлуулалт, маркетинг, ложистикийн газрын захирлаар 2013 оноос ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Б.Батбилэгийг 2015 оны тавдугаар сарын 7-нд гүйцэтгэх захирлаар томилсон ч дөрөвхөн сарын дараа Засгийн газрын шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн юм.
Ингээд Хууль эрх зүйн асуудал хариуцсан Т.Билгээг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2016 оны есдүгээр сарын 2-нд компанийн ТУЗ хуралдаж, Д.Ариунболдыг гүйцэтгэх захирлаар томилсон юм. Д.Ариунболдын хувьд мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга байсан. Тэрбээр ажлаа аваад зургаахан сарын дараа “Чалко”-гийн өрийг төлж дуусгасан тухайгаа мэдэгдээд Тавантолгойн нүүрсийг сонгон шалгаруулалтаар олборлуулах болсон тухайгаа дуулгасан. Гэвч үүнээс төд удалгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК, жижиг "Тавантолгой” ХК хоёрын дундын мөргөцгөөс хулгайгаар нүүрс олборлосон хэрэг дэгдсэн нь Д.Ариунболд ажлаас чөлөөлөгдөх шалтгаан болж байв.
Д.АРИУНБОЛД ГЭЖ ХЭН БЭ?
Эл хэргийн дараа Д.Ариунболд нь “Эрдэнэс алт ресурс” Төрийн өмчит компанийн захирлаар томилогдсон юм. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Алт 2” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн 100 хувийн эзэмшил дор “Эрдэнэс алт ресурс” компанийг байгуулсан. Д.Ариунболд нь “МОНЦАМЭ” агентлаг, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг томоохон компанийг амжилттай удирдаж ирсэн туршлагатай. Хамгийн сүүлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг удирдахдаа тус компанийн гадаад өр болох Чалко-гийн 160 сая ам.доллар, дотоодын өр болох Хөгжлийн банкны 200 сая ам.долларыг компанийн хамт олны хамт дарсан. Гэвч улс төрийн шахалтаар “хар алтны” компаниас “шар алтны” компани руу буурь сэлгэсэн нь энэ юм. “Эрдэнэс алт ресурс” компани нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үнэт метал эрэл, хайгуул, олборлолт, цэвэршүүлэх, борлуулах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөх томоохон зорилтын хүрээнд, геологи хайгуулын ажил гүйцэтгэж улсын алт, мөнгөний нөөцийг нэмэгдүүлэх, олборлолтын хэмжээг өсгөх, үнэт металыг олон улсын стандартын дагуу дотооддоо цэвэршүүлж, эрдсийн санг арвижуулан, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр “Эрдэнэс алт ресурс” Төрийн өмчит компанийг байгуулжээ.
ХЭН ЮУ ГЭЖ ХЭЛЖ БАЙВ?
УИХ-ын гишүүн Л.Энхболд: Тавантолгойн орд газраас 340 мянган тонн нүүрс алга болсон хэрэг гарч, уг асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгаж байна. Энэ нь 65 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний нүүрс. Уг асуудлыг шуурхай шийдвэрлэсэн тохиолдолд дээрх хөрөнгөөр хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах боломж бүрдэнэ. Өмнөговь аймагт орон нутгийн өмчит “Таван толгой” компанийн удирдлагууд их хэмжээний урамшуулал авч байна. Нүүрс алга болсон хэргийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн тул хөрөнгө гаргах боломжгүй хэмээн ажилтнуудынхаа цалинг өгөхгүй хохироож байгаа талаар Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас мэдээлсэн. Энэ компанийн ТУЗ-ийн гишүүд 2016 он хүртэлх хугацаанд 3.6 тэрбум төгрөгийн урамшуулал авсан тухай мэдээлэл бий. Гүйцэтгэх захирал нь л гэхэд 1.3 тэрбум төгрөгийн урамшуулал авсан байна. Өөрсдөө их хэмжээний урамшуулал авдаг атлаа ажилтнуудаа хохироож болохгүй.
“Тавантолгой транс” ХХК-ийн захирал Д.Дагвадорж: Эрүүл ухаанаар бодоод үзэх хэрэгтэй. Ийм боломж хэний ч, хэнбугайд ч байхгүй. Улсын хил гэдэг тийм салан задгай, онгорхой, эзэнгүй байдаг хэрэг үү!. Юмыг хөрсөн дээр нь буулгаж ярих ёстой. Хилийн цэрэг, гааль, хорио цээр, мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуул, гадаадын харъяатын алба гээд арав гаруй байгууллага хил дээр үүргээ гүйцэтгэж байдаг юм. Эдгээр байгууллагын хяналт шалгалтгүйгээр нэг машин ч хил нэвтэрч чадахгүй. Цаана нь Хятадын хил, гаалийн олон байгууллага ч бий. Арай ч дээ. Энэ бүхнээр дамжуулан тийм их хэмжээний нүүрс гаргана гээд төсөөлөөд үз дээ. Нээрээ эрүүл хүний толгойд багтах юм биш. 340 мянган тонн нүүрс гэдэг чинь хэрвээ 60-70 даацтай машинаар зөөх аваас 3758 машин гэсэн үг биз дээ. Энэ арай л дэндсэн хардалт. Хэн нэгэнд шаардлагатай болсон, та нарынхаар бол жинхэнэ хар пиар гэдэг л энэ байх гэж бодож байна. Энэ бүх машин ачаатай, ачаагүй гарсан байх хамаагүй хэрэг. Гагцхүү, хилээр гарч л байгаа бол ямар ч машинд бүрдүүлэлт хийдэг юм. Тэр бүрдүүлэлт, мэдүүлэгтээ тухайн машины улсын дугаар, хэн гэдэг жолоочтой, хэний эзэмшлийнх болох ньзаавал бичигддэг. Тэгээд тэндээс харахад л үнэхээр “Тавантолгой Транс” ХХК-ийн машинууд байсан уу, үгүй юү гэдэг гараад ирнэ. Ийм байтал яагаад манай компанийн нэрийг барин, тавин ярих болсныг ойлгохгүй юм. Цаанаа улс төрийн зорилго байх шиг байна. Ер нь Л.Энхболд гишүүнд зориуд буруу мэдээлэл өгч бидэнтэй хагардуулах гэсэн зорилготой бүлэг этгээд байна гэж ойлгох болсон
"Эрдэнэ Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: “Хулгайн” гэгддэг 268 мянган тонн нүүрс бол манай авлага. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд “жижиг” Тавантолгойгоос манайхтай холбоотой хийсэн гэрээ, тэр гэрээний хүрээнд 268 мянган тонн нүүрсний асуудлыг ярьж байна. Энэ нь нэг сарын асуудал биш, 2014 оноос хойш болсон үйл явц юм. Тэр үед технологийн, төрөл бүрийн хэлбэрээр манай лицензийн талбай бүхий хэсэгт байгаа нүүрс хана болон булан хэсгээс унасан, таац үүсэхэд нурсан, технологийн зам гарахад дунд нь өртсөн гэх мэтээр янз бүрийн хэлбэрээр ийм хэмжээний нүүрсний асуудал үүссэн юм. 2016 онд бид ажлаа аваад маркешедерүүдээ ажиллуулж үүнийг баталгаажуулсны дүнд 268 мянга гэдгийг тогтоож нөгөө талаар хүлээн зөвшөөрүүлж 2 талаас акт үйлдсэнийг үндэслээд “хулгайн нүүрс” гэж яриад байгаа юм. Энхүүхэндээ гэж хэлэхэд энэ бол манай компанийн авлага юм. Сүүлд СЯ, АМХЭГ гээд хэд хэдэн газраас ажлын хэсэг байгуулж шалгалт хийхэд бид бүх нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн. Дүгнэлт нь одоо гарах дөхөж байна. Ажлын хэсгийн шалгалтаар 268 мянган тонн нүүрсний хэмжээ 340 орчим мянган тонн болж нэмэгдсэн гэж ойлгож байгаа. Нэг хариуцлагагүй байдал нь орон нутгийн өмчит ТТ маркешедрээ ажиллуулдаггүй, 2 уурхай зэрэг 24 цаг ажиллаж байхад манай талыг байнгын мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй. Манай хувьд ил уурхай болохоор технологийн горимын хувьд шууд хэлэхэд боломжгүй болчихоод байгаа юм. “Жижиг” ТТ-н уурхай нь манай уурхайн хил хязгаар дотор байдаг болохоор тэднийх хил хязгаарыг давж, манай харуул хамгаалалтыг нэвтэрч ордог учир дотоод үйл ажиллагаа явуулахад үнэхээр хүндрэлтэй нөхцөл байдал орон нутгийн ТТ-д үүссэн юм. Тиймээс 2 уурхайн хувьд энэ асуудлыг гадаргуугийн ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ-гийн хүрээнд нийлүүлж шийдэх ажлыг зохион байгуулж, цаашид ямар нэг зөрчилгүй болох арга хэмжээг авах ёстой. Энэ нь хуулийн байгууллага болон ажлын хэсгийн дүгнэлт гарахаар тодорхой болно. Гэхдээ технологийн горимын хувьд ондоо гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ асуудлаар 2 уурхай мөн ажлын хэсгийг хамтран байгуулаад ажиллаж байна. Энд нэг тонн нүүрсийг хүртэл чанарын зөрүүгүйгээр хүлээлцэх талаар харилцан тохиролцсон. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломж байхгүй. Яагаад гэвэл нөгөө ТТ-н зардаг нүүрсийг манайх 60-70 ам.доллар ба түүнээс дээш үнээр борлуулдаг гээд 2 компани нүүрсээ өөр өөр үнээр зардаг, тиймээс үүнийг 268 мянган тонныг тооцоод үржүүлэхээр орон нутгийн өмчит ТТ-н нөхцөл байдал хүндрэх учир нүүрсийг нүүрсээр байлгах боломжит хувилбарыг бид судалж байна.
“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга В.Мөнхбат: Миний хувьд энэ асуудлыг сонгуультай холбож тайлбарламааргүй байна. Аливаа хэргийг хуулийн байгууллага өөрийн эрх мэдэл, хуулийн хүрээнд шалгах цаг хугацаа гэж бий. Тэр хугацаандаа энэ асуудлыг үнэн бодитой шалгаж, тогтоох нь эрх үүрэг нь болохоос бус хэн нэгэн сайд, гишүүний шаардсанаар шалгах боломжгүй. Бидний зүгээс шалгуулахдаа татгалзсан, буруу зөрүү мэдээлэл өгсөн, хууль хяналтын байгууллагад хүндрэл учруулсан зүйл огт байхгүй. Хуулийн байгууллагаас хүссэн, шаардсан бүх материалыг цаг тухайд нь гаргаж өгөөд явж байгаа.УИХ-ын гишүүн Л.Энхболд гишүүн биднийг “хулгайч” хэмээн орон даяар зарлаж, нүүрсний хулгай хэмээн сүржигнэж ярьсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл.
Энэ бол зөвхөн компанийн удирдлагын асуудал биш. Энэ компанид ажиллаж буй бүх хүмүүсийг доромжилж, дорд үзэж байна гэсэн үг. Түрийвчтэй, жижиг сажиг юм байвал хүн аваад гарчихвал үүнийг хулгай гэж хэлж болно. Энэ олон мянган тонн нүүрсийг ачиж тээвэрлэхэд хэчнээн олон машин, техник, хэдэн удаа зөөх вэ гэж нэг бодоод үзээрэй. Уул уурхайн салбар бол бусад үйлдвэрлэлийг бодвол их онцлог. Нэг цаг хугацаа, нэг хэмжээс дээр өөрийн зөвшөөрөл бүхий лицензтэй талбай дээр хамтарч ажилладаг учраас техникийн тухайн үеийн хүчин чадлаас хамаарч, хөрш зэргэлдээ байгаа талбай руугаа наашаа цаашаагаа орох тохиолдол гарна. Хэдэн метрээс эхлээд хэдэн км ч орох тохиолдол гарна.Ганц манай уурхай ч биш хөрш зэргэлдээ үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд ийм л зарчмаар олборлолтоо явуулдаг. Энэ нь зөвхөн хоёр компанийн хоорондын асуудал. Хүнийг “хулгайч” гэж гүжирдэхэд хүний нүүр халуун, хэцүү байдаг.
Тэгэхэд хоёр жил гаруйн турш биднийг “хулгайч”-аар дуудлаа. Өмнөговьд үйл ажиллагаа явуулж байгаа хорь гаруй нүүрсний компаниудаас 51 хувийг нь өмнөговийнхон өөрсдөө эзэмшээд явж байгаа цор ганц компани бол “Тавантолгой” ХК юм.
Тэгэхээр гишүүний хувьд уул уурхайн салбараа ойлгоё гэхээсээ илүү улс төрийн өнгө аястай асуудалд хандаад байна уу даа гэж би харж байгаа. Улстөр юм уу, хулгай юм уу гэдэг нь удахгүй тодорхой болно доо. “Хулгай” гэж хэлэхээсээ өмнө эхлээд сайн бодох хэрэгтэй. Монгол Улсын хил, гааль, мэргэжлийн хяналтын албадыг хүртэл гүтгэж байна шүү дээ.
Энэ олон мянган тонн нүүрсийг хилээр гаргаад сууж байх тийм том бүдүүн зүрхтэй төрийн албан хаагч гэж байх уу. За муугаар бодлоо гэхэд, Монголын төр муу ажиллаад баахан хоосон машин гарсан гээд мэдүүлгээ өөрчиллөө гэж бодоход Хятад улсын хил гаалийнхан, мөрөн дээрх бөндгөртэй нь ярьдаг чанга хууль дүрэмтэй улс бас тэрийг хараад зүгээр гаргах уу. Тэгэхээр энэ асуудал эцэстээ хоёр орны харилцаанд ч сэв суулгах нөхцөл бүрдэж байна. Төрийн түшээ хүн ийм зүйл яриад явна гэдэг өөрийн мэдлэг, улстөрчийн цар хүрээ хэр байгаагаа л харуулаад байна уу даа гэж би харж байна.
Өмнөговь аймгийн ИТХ-ын асан дарга Х.Сугар Өмнөговь аймгийн нутагт байрладаг “Орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компанийн 51 хувийн хувьцаа нь Өмнөговь аймгийн орон нутгийн өмч учраас орон нутгийн өмчийн өмчлөгч нь аймгийн иргэдийн хурал байдаг. Тийм учраас энэ 51 хувьтай “Тавантолгой”-н үр ашиг, цаашдын үйл ажиллагааг сайжруулах, хяналт тавих үүрэг нь зөвхөн аймгийн иргэдийн хуралд байгаа юм. “Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагаас орон нутгийн уурхайн үр ашгийг бууруулах, аль болох орлогыг нь багасгах үйл ажиллагаа явуулж байгаа тухай гомдол олон жилийн турш ирсэн. Тиймээс 2016 оны наймдугаар сард санхүүд нь шалгалт хийх ажлын хэсгийг аймгийн ИТХ-аас томилж ажиллуулсан. 2017 оны есдүгээр сард “Тавантолгой” компанийн гүйцэтгэлд аудит хийлгэх хүсэлтээ өгсөн. 2018 онд аудит дүгнэлтээ гаргаж ирүүллээ. Тус компанийн ТУЗ-д 2009-2016 онуудад ажилласан хүмүүс бүлэглэн ашиг орлогыг зориуд бууруулуулж “Тавантолгой транс” хувьцаат компани болон бусад цөөн компани, хүмүүс их хэмжээний мөнгө завшсан арга, хэлбэр үйлдлүүд нь төрийн байгууллагуудын шалгалтаар илэрсэн.
Тухайлбал, “2009 оны нэгдүгээр сард орон нутгийн “Тавантолгой”-н хувьцааны 20 шахуу хувийг эзэмшдэг “Ажнай” гэж нэршсэн Д.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг аймгийн Засаг даргын эдийн засгийн орон тооны бус зөвлөх гэж томилсон. Тэр хүн хурлаас гарах шийдвэрийн 51 хувьд нь нөлөөлөхүйц, шийдвэр гаргах түвшинд 70 орчим хувийн эрхтэй хүн. Энэ хүнийг ингэж оролцох нөхцөл бололцоог тухайн үеийн аймгийн удирдлагууд олгосон” гэсэн. Мөн тэрбээр “Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүд хоёр их наяд төгрөгөөр орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг хохироосон байж болзошгүй.
Албаны хүмүүс ийм байр суурь илэрхийлж байв. Тэдний хэлсэн, хийсэн мэдэгдэл бүхэнд Ажнай группийн Ж.Бат-Эрдэнэтэй нэр холбогдож буйг харсан байх. Нүүрсний хулгайн хэрэг эцэслэгдээгүй. Олон жил дамжнаж яригдсан сэдвийг улстөрчид ч байтугай хуулийн олонход ээдрээ төвөг ихтэй гэх юм билээ. Хэн хэзээ хэлүүлсэн, хаанаас яаж өрнөсөн, ямар учиг зангилаагаар яаж хөвөрсөн нь тодорхой бус. Ингээд тооцохоор анхнаасаа будлиантуулах гэж хилийн шалган нэвтрүүлэх журмыг өөрчилсөн, хилийн цэсийн маргааныг шийдэлгүй өнөөдрийг хүрсэн зэрэг нь хэрэг явдал ийн даамжрахад хүргэсэн байх талтай аж. Нөгөө талаасаа хулгайд юмаа алдсан компанийн захирлыг барьж, шалгахаас хэтрэхгүй байгаа нь хэрэг урагшлахгүй байх нэг шалтгаан болж буй аж. Тиймээс л нэр бүхий хэд хэдэн гишүүний бүрэн эрхийн асуудал ойрын үед яригдах бололтой. Тэд хэн бол?
Сэтгэгдэл (2)