Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав нарыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнана гэсэн мэдээг дуулсан монголчуудын магнай тэнийсан нь лавтай. Энэ л сайхан мэдээг дуулаад хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн гар утас руу залгалаа. Жилийн өмнөхөн “Ахынх нь бие тааруу. Гадагшаа явж биеэ үзүүлэх санаатай” гэж ярьж байснаас хойш цөөхөн удаа л холбогдож. Харин энэ удаа бие тэнхээг нь асуухын далимд баярын сэтгэгдэлийг нь хуваалцахаар утас цохисон нь энэ. Тэрбээр утсаа авангуутаа өнөө л ёжтой, бас “чанга” үгээ дайв. “За, дүү хүү сонин сайхан юу байна. Төрөөс шагнана гэсэн байна. Ах нь очдог л байх даа. Яагаав, өнөө зүрхэндээ аппарат суулгасан даа. Бие тэнхэрч өгөхгүй, хэцүүхэн л байна” гэсээр мэнд мэдэлцэв. Ингээд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровтой утсаар хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу. Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаах гэж буйд баяр хүргэе.
-Баярлалаа. Шагнана гэсэн байна. Монголын ард түмэнд “өр”-өө дарж дуусаагүй юм байлгүй дээ. Одоо очно доо.
-Шагналыг “өр” гээд байхдаа яах вэ дээ?
-Ахынхаа хэлсэн санааг ойлгосон хэрнээ давтаж асуудаг янзын хүүхэд шүү. “Өр” гэж хэлсэн учрыг тайлбарлая. Шагнал гэдэг нь тухайн цаг үед хийсэн бүтээлийг нь үнэлэхээс гадна цаашид хийж бүтээх урам зориг хайрладаг эд. Энэ утгаараа цаашид улам ихийг хийж бүтээгээрэй гэж шагнаж байгаа юм болов уу. Ингэхээр би “өр”-тэй болж таарч байгаа биз дээ. /инээв/
-Та Б.Шарав гуайтай холбогдов уу?
-Ойрын хэдэн өдөр уулзаж, утсаар яриагүй л байна. Хүү маань бид хоёрын дунд зуучлагч хийдэг ухаантай.
-Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Зургаа хоногийн өмнө “Алтан пянз-ны нээлтийн үеэр уулзсан. Бие нь жаахан тааруухан байна лээ. Чи зөвхөн баяр хүргэхээр залгасан юм уу?
-Харин тэгж л таарч байх шиг байна.
-Хаа таарсан газраа "шалгааж" явдаг хүн зүгээр ч нэг залгаагүй байх аа. За, асуух зүйл байвал асуу, асуу.
-Баярлалаа. Монголын хөгжмийн урлагийн “Хөтөлгөө морьд” гэгддэг Б.Шарав та хоёрыг монголчууд хайрлаж бахархдаг. Ингэхэд та хоёр хэзээ анх танилцсан хоёр бэ?
-Монголын ард түмэн оюун санааны өндөр чадавхтай хүмүүс. Төдийгөөс өдий хүрсэн замнал минь яах аргагүй ард түмний хайр энэрэл, итгэл хүндлэлтэй холбоотой. Б.Шаравтай анх 1968 оны аравдугаар сард болов уу даа, танилцаж байлаа. Би их сургуулийн хоёрдугаар курст байхад Б.Шарав нэгдүгээр курст элсэж байсан юм.
-Эндээс л найзалсан юм уу?
-Найзлах гэхээр ямар ойлголт юм бол доо. Хээр хөдөө гарч, боодог хийж идсэн түүхгүй. Гэр бүлийн уулзалт хийж, нэгнийхээрээ орсон удаагүй. Одоогийн хүүхдүүдийн найз гэдэг ойлголтоос өөр харилцаатай хоёр л доо. Пиво ч хувааж уусаагүй хүмүүс биш шүү дээ. Тэгсэн атлаа үргэлж л хамт байсан. Б.Шарав “Ийм хөгжим бичлээ. Ямар байна” гээд харуулна. Би ч бас асууна. Хоорондоо зөвлөлдөнө. Хэн хэн маань концерт зохион байгуулбал ямар ч завгүй байсан хамаагүй “гүйгээд” л очно. Намайг Хөгжмийн холбооны дарга байхад Дууны асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Өөрөөр хэлбэл, Монголын хөгжмийн урлагийн төлөө насаараа зүтгэсэн нөхөд гэх юм уу даа. Би “нөхөд” гэлээ шүү.
-Та хоёр бол яах аргагүй Монголын хөгжмийн урлагийн ноён оргилын нэг нь...
-За түр хүлээгээрэй. Дээшээ харахаар С.Гончигсумлаа, Г.Бирваа гээд мундгууд харагдаад байна. Ингэхээр ноён оргил нь мөн юм уу даа.
-Залуу үеийнхэн та хоёрыг ингэж дүгнэж, хүндэтгэдэг юм л даа?
-Аан тэгвэл маш их баярлалаа.
-Та нээрээ их нэрэлхүү хүн шүү. Б.Шаравын “Сэрсэн тал”-ыг тантай салшгүй холбоотой гэж сонсож байсан. Та энэ түүхээсээ жаахан хуваалцаж болох уу. Ийм хамтын бүтээл хэр олон бэ?
-1984 онд Улс тунхагласны 60 жилийн ойн концертийн ерөнхий найруулагчаар би томилогдсон юм. Чулуун удирдаачтай хамт 100 гаруй хөгжимчин цуглуулаад бэлтгэл хийж байлаа, тэр үед. Үндэсний найрал хөгжимд 3-хан минутын хөгжим бичих даалгавар өглөө. Тэгэхэд Б.Шарав дөнгөж төгсөөд ирсэн үе л дээ. Манай хүн хөгжмөө бичээд ирлээ. Гэтэл нэр өгөөгүй байх юм. Хөгжмийн зохиолыг нь үзтэл үнэхээр гайхалтай. Гайхалтай бүтээлд сайхан нэр хайрлах ёстой биз дээ. Ингэж л “Сэрсэн тал” гэж нэр хайрласан даа. Бидний дунд энэ мэт түм, буман учрал бий. Үүнээс ч олон бий байх шүү.
-Их сургуульд байхаасаа нөхөрлөсөн хоёр хөгжмийн ертөнцөд мөр зэрэгцэн нэг нэгнээсээ хөглөгдсөн. Энэ л замналаар өнөөдөр хоёулаа хамтдаа Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаах гэж байна. Энэ бүхэн хувь тохиол болов уу гэж танд бодогдож байна уу?
-Тэгж бодохгүй байна. Өнөө үед өөрийн дотроо бодсноо бүрэн хэлдэггүй, нууж хаадаг болсон цаг. Аа тэгвэл, хөгжмийн болон кино, драммын урлагт ийм зүйл байдаггүй. Хөгжмөөр чин сэтгэлээ илэрхийлэх боломжтой. Юу бодож байна, тэр бүгдээ илэрхийлэх боломжтой. Нийгмийн чин үнэн байдлыг хөгжмөөр илэрхийлэх боломж бүрэн бий. Энэ ч утгаараа хөгжмийн урлагаа үнэлж, “Цаашид илүү их үнэнийг өгүүлээрэй” гэсэн хэрэг болов уу. Би ингэж л бодож байна. Түүнээс биш хувь зохиол биш болов уу.
-Шагналаа авахдаа хэнтэй хамт очих вэ?
-Хүүгээ дагуулаад л очно доо.
-Тун удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж байна. Нутагтаа очиж наадамлах уу?
-Үгүй ээ. Зуслан дээрээ хэдэн хүүхдүүдтэйгээ наадамлана даа. Бие тааруухан болохоор хол явж чадахгүй байх.
-Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаах энэ сайхан өдөр монголчууддаа хандаж үг хэлж болох уу?
-Би ч одоо юу хэлэх вэ дээ. Монголчууд минь эв эеийг сахиж, эх болсон эх орныхоо сайн сайхныхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хөдөлмөрлөөрэй гэж хүсэх байна даа.
-Утсаар ярилцлага өгсөнд баярлалаа.
-Зүгээр дээ.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (8)