Тэртээ 1648 онд анхдугаар Жавзандамба хутагт, өндөр гэгээн Занабазар далайн түвшнээс 2600 метр өргөгдсөн Ширээт уулын аглаг ойн байц хадтай бяцхан дэвсгийн оройд бясалгалын Төвхөн хийдийг бариулсан байдаг. Өнө эртний түүхтэй энэ л дуганд бурхны шашинаа сүсэглэн биширсэн хийгээд оюун санааны ариуслыг олох гэсэн зон олон аврал нигүүсэл эрэлхийлсээр өнөөг хүрчээ. Яг л үүн лугаа далайн түвшнээс 2800 метрийн өргөгдсөн Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Баруун сайхан уулын Бяцхан дэвсэг хэмээх газар бясалгал ариуслын дахин нэг хийд сүндэрлэж, энэ сарын 6-нд нээлтээ хийлээ.
Төвхөн хийдийн залгамж гэгдэх Ганданчоймзадлин хийдийг барих ажил 2013 оноос эхэлсэн бөгөөд ингэхдээ Сахиусын сүм, Дарь эхийн өргөө, Бясалгалын рашаан бүхий оргилуур, Ариабалын орон зэрэг хэд хэдэн байгууламжаас бүрдэх аж. Хийд байгуулахад сүсэгтэн олон нийт 800 орчим сая төгрөгийн өргөл өргөснөөс дийлэнх хэсгийг нь “Сод монгол” групп “Мэргэ ван” компанийнхаа үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан хандивласнаар бүтээн байгуулалтын ажил ийн дуусч, нээлтээ хийсэн нь энэ юм. Зөвхөн сүсэгтэн олон гэлтгүй жуулчдын сонирхолыг зүй ёсоор татах уг хийдийг байгуулах санал санаачлагыг судлаач Б.Цэрэндаваа, Ганданчоймзадлан хийдийн хамба В.Сайнбуян нар гаргажээ. Улмаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа болон түүний гэр бүл, найз нөхөд, “Сод монгол” группийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар болон бусад олон арван иргэн сэтгэлийн хандив өргөсөн бол хийдийг барьж байгуулах их ажлыг “Говийн өгөөж” компанийн хамт олон гардан гүйцэтгэсэн байна. Хад асга ихтэй, нарийн хавцал бүхий замаар мацан байж очих тус газар нь эрт үед бясгалгал номлол хийдэг энергийн төв байж. Эртний лам, хуваргууд уулын хярд байрлаж, олон сар, өдрөөр бясалгаж, оюун ухаанаа цэлмүүлдэг байсан нь түүхийн хуудснаа бичигдэн үлджээ.
Тиймдээ ч Төвдийн лхарамба Жода ренбүүчий уг газрыг Бакула ренбүүчийн төрсөн нутагтай нэгэн адил өнгө үзэмж, энергитэй хэмээн таалан соёрхжээ. Хийдийн нээлтийн арга хэмжээнд Төвдийн лхарамба Жода ренбүүчий болон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, “Сод монгол” группийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар, “Мэргэ ван” компанийн захирал В.С.Лобанов болон гадна, дотнын төлөөлөгчид, нутгийн иргэд оролцсон юм. Энэ үеэр “Сод монгол” группийн Ерөнхийлөгч Ц.Анандбазарааас цөөн зүйлийг тодрууллаа.
-Бясалгалын Ганданчоймзадлан хийдийн нээлт боллоо. Чухам яагаад хадга асга бүхий уулын орой дээр байгуулахаар шийдсэн юм бол?
-Миний багш өвгөн багш Монголын сүүлчийн гавж, эрдэм номтой хүн байлаа. Багшийнхаа гэгээн дурсгалд зориулж, бясалгалын төв байгуулахаар шийдсэн юм. Өнгөрсөн жил Жода ренбүүчийтэй хамт ирэх үед хийдийн суурийг тавьсан байсан. Лхарамба Жода ренбүүчий энэ газрыг шинжиж үзээд Бакула ренбүүчий багшийн төрсөн нутагтай төстэй ариун дагшин нутаг байна гэж хэлсэн. Ингээд хийдийн суурийг тавьсан. Нэг талаасаа буян номын мөр. Нөгөө талаасаа жуулчдыг татах цогцолбор болгох төлөвлөгөөтэй байгуулсан. Хийдээс урагш 100 км үргэлжлэх Говь гурван сайхан ууланд олон сайхан хийд, цогцолборт газар байгуулагдах байх.
-Хийдийг өргөжүүлэх үү?
-Өргөжүүлнэ. Жил бүр шинэ байгууламж нэмж барьж байгаа. Энэ хийд нь Өмнөговь аймгийн Булган сумаас 100 км газарт оршдог. Хүн сууршдаггүй газарт байрладаг хийдийг Аглагийн хийд гэж нэрлэдэг.
-Хийд орон нутгийн өмчит байх уу, эсвэл хувийн хэвшил хариуцаж үлдэх юм болов уу?
-Олон нийтийн өмч байна. Монголд нэг буруу жишиг байдаг. Нэг хийд байгуулахаар хамба лам нь харъяалаад авчихдаг. Тэгвэл энэ хийдийн хувьд олон нийтийн мэдэлд байна. Учир нь бүтээн байгуулалтад олон иргэн хандив өргөсөн шүү дээ. Энэ утгаараа хэн хүссэн бүхэн бясалгал хийх боломжтой.
-Монголын анхны бясалгалын хийд гэсэн үг үү?
-Яг тийм.
-“Сод монгол” групп нь нийгмийн хариуцлагаараа түүчээлэгч компанийн нэг. Өмнө нь гурван цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль барьж, улсад хүлээлгэж өгч байсан. Дараагийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө гаргасан уу?
-Монгол Улсын хөрсөн дээр бизнес эрхэлж л байгаа бол нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүүхэд залуусын ирээдүйн төлөө хөрөнгө оруулалт хийх ёстой. Манай группийн хувьд жилийн орлогоосоо олон төрлийн хүмүүнлэгийн ажил зохион байгуулдаг. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийх дараагийн бүтээн байгуулалтын төлөвлөгөө гарсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг төлөвлөгөөний дагуу түгээх болно. Зон олны хөлд дарагдсан уг арга хэмжээ хоёр өдөр үргэлжилсэн. Эхний өдөр Сахиусын сүмийг нээж, Төвдийн лхарамба Жода ренбүүчий бүтэн шөнөжин ном хурсан юм.
Дараагийн өдөр нутгийн гэлтгүй зорин ирсэн хэн бүхий хорхойг хүргэсэн Монгол наадам болов. Үндэсний бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас аймгийн арслан Цогтгэрэл түрүүлж, аймгийн заан Бат-Эрдэнэ үзүүрлэсэн юм. Харин хурдан морины уралдаанд 57 соёолон хурдалснаас Өмнөговь аймгийн Булган сумын Бүрнээгийн хээр халзан соёолон түрүүллээ. Ийнхүү Өмнийн говьд Аглагийн хийд үүдээ нээж, сүсэгтэн олон эрдэм ном, бодь зэргээр сэтгэлээ ариусгалаа.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (6)