Гэрлэх ёслолын ордон, Монгол костюмс төвөөс хамтран монгол хуримын ёс заншил, эрхэмсэг оршихуйг сурталчлан таниулах зорилгоор “Монгол хуримын эрхэмсэг оршихуй” өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр эртний монголын олон үндэстэн ястны хувцас эдлэл, үс засалт, орчин цагийн монгол хуримын хувцасны загварын үзүүлбэр үзүүлсэн юм . Мөн тус өдөрлөгт судлаач, эрдэмтэн Г.Баяндалай, Л.Дашням, У.Эрдэнэбат, Б.Солир, Т.Намжил нар оролцож, монгол хурим, ёс заншил уламжлалын талаар санал бодлоо хуран цугласан олонтой солилцсон юм.
Доктор, профессор Б.Солир: “Монгол костюмс” төвийнхөн хувцасны коллекцийг танилцууллаа. Тэгэхээр хувцас туулж өнгөрүүлсэн зам мөрийн илэрхийлэл ба төрт ёстой холбож өгсөн ийм өргөн утга учиртай байдаг. Тэгэхээр энэ үндэсний хувцас гэдэг зүйл гэр бүл болсон Монголчуудын эхнэр нөхрийн хуримын хувцас юм. Монголчуудын хуримын хувцас нь өөрийнхөө шинж чанарыг хадгалж үндэсний шинж чанарыг илэрхийлэл болж байгаа нь хүрээ соёлоос харж болж байгаа юм. Хүрээ соёл гэдэг маань харьцангуйг 20-р зуны эхээр Монголчуудын гадаад, дотоод иргэншлээс төвлөрөн бий болсонтой холбоотой юм. Мөн төвлөрсөн суурин соёл иргэншил шинээр бий болж байгаа учир хүрээ соёл гэсэн бие даасан соёл бий болсон. Энэ бол тухайн үед эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн гоёлуудыг өрнийн соёл, дорнын соёлоос хослуулж хүрээ соёлыг бий болгож байсан. Энэхүү үйл ажиллагааг маш их ач холбогдолтой гэж бодож байна. Орчин үед угсаантан зүй, зан заншил, туулж өнгөрүүлсэн төрт ёсны түүх, хуримлах зан үйл зэрэг харьцангуй учир дутагдалтай байгаа учир ийм үйл явдлыг явуулж, өсвөр үеийнхэнд таниулж байгаасай гэж хүсч байна.
Монгол уламжлалын болон гэр бүл судлаач эрдэмтэн Т.Намжил: Энэ хуримлах ёс бол дэлхийн аль ч улс оронд байдаг. Гэхдээ өөр өөрийн өвөрмөц ялгаа онцлогтой. Манай Х.Оюунчимэг хуримын ёслолын уламжлал шинэчлэлээр өнгөрсөн сард доктороо хамгаалсан. Тэр докторын зэрэг хамгаалахад дэвшүүлсэн асуудлаа хүмүүст хүргэхийн тулд өнөөдрийн энэ арга хэмжээг зохиож байгаа гэж би бодож байна. Ер нь аливаа эрдэмтэн мэдсэн сурсан хамгаалсан зүйлээ ард түмэндээ хүргэх нь чухал. Зүгээр нэг хавтасны эзэн болоод явах нь өөр юм. Хуримлах асуудал дээр бид нэг зүйлийг анхаарч байгаа. Монголчуудын дэвшилтэт ёс уламжлал бол шинэчлэгдэж явах ёстой. Тэрнээс өвөг дээдсийн үеэс ийм л байсан тийм л байсан тэгэхээр ийм байх ёстой гэсэн зүйлд баригдаж болохгүй. Залуучууд бол шинэчлэх сонирхолтой байгаа. Өнөөдөр Монгол Улс олон соёлыг хослуулсан ард түмэн. Уламжлал нь байна уу байна. Европын соёл байна. Азийн соёлын нөлөө байна уу байна. Энэ мэт хуримын ёсыг зохицолдуулж зөв зохистой авч явах хэрэгтэй. Цаашдаа ямар ёс заншлаар явах уу гэх мэт дэвшилттэйгээр авч явах ийм зүйл урган гарч байгаа. Энэ нь монгол уламжлалыг зөв зохистойгоор авч явах шаардлагатай юм шүү гэдгийг би залуучууддаа хэлмээр байна. Өөр нэг асуудал бол олон шашны урсгалууд орж ирж байна. Энэ дотор бол хуримлах явдал байна. Нэг шашинтай хүн нэг шашинтай хүнтэйгээ гэрлэх асуудал байдаг. Жишээ нь: Христ шүтлэгтэй хүн. Тэгээд тэр хүмүүс шашныхаа журмаар л хуримаа хийнэ. Ингээд монгол ёс алдагдах гээд байдаг. Гадаад хүнтэй гэрлэж байна олон соёлт гэр бүлүүд бий болж байна. Энэ мэт хуриманд ямар зүйл баримтлах шаардлагатай вэ гэх мэт асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр өнөөдрийн арга хэмжээ ямар нэг асуудлаар хариу өгөх болов уу гэж бодож байна. Өөр нэг асуудал бол манай хүн ам их залуужиж байна. Ийм нөхцөлд хүүхэд зонхилж байна. Бид сая шахам хүүхэдтэй байна. Тийм учраас манай мэдээллийн хэрэгслүүд энэ хуримын уламжлал шинэчлэлийн асуудлыг байнга тодорхой асуудлаар, орчин үе, цаашдын чиг хандлагад нь нийцүүлж байнга сурталчилж байгаарай гэж хүсье. Энэ гэрлэл гэдэг бол төрөл төрөгсөд, хамаатан үр хүүхдээ айл гэр болж байгааг хүлээн зөвшөөрч байгаа нэг асуудал. Нөгөө асуудал бол тэр гэрлэлтийг үүлдэж байгаа хань, нөхөр хоёр нийгэмдээ тодорхой үүрэг хүлээж байгаа юм шүү гэдгийг ойлгуулах ийм айхтар том үйл ажиллагаа юм. Тиймээс дээр дооргүй, хөгшин залуугүй энэ ёслолд хүндэтгэлтэй хандах учиртай. Тэгээд залуучууд минь энэ Монголоо авч явахын тулд дэвшилтэт уламжлалыг шинэжиж олигтойхон авч яваарай.
Сүүн цагаан ёслол
Эл өдөрлөгийн төгсгөлд сүүн цагаан ёслол хийж үзүүлсэн юм. Сүүн цагаан ёслол бол сүүгээрээ ураг барилдаж байгааг бэлгэдэж хоёр хосын маань амьдралын зам мөр сүү шигээ гэрэлтэж, эхийн уураг сүүгээр амлаж өссөн хосууд маань нэгдэж төрөл садан маань ураг барилдаж байгааг илэрхийлдэг хэмээн Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг хэллээ.
Анх хорвоод мэндлэхэд
Ангир уургаа шимүүлсэн
Ачлалт хоёр ээжийн
Ариун сүүний дээжээр
Аз жаргал бэлгэшээн ёсолж байна.
Цагаан сүүний дээжээр хосууд жаргалаа эдлэнэ
Сүүн цацлаа өргөж ариусгасан саран наран нийлсэн
Энэ сайхан ариун цагаан өргөөндөө
Энэхүү хоёр хос маань урт удаан жаргана аа.
Д.Ундрах 24tsag.mn