Монгол улс, Улаанбаатар хот (2018 оны 12 дугаар сарын 20) — Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн 3 сая ам. долларын буцалтгүй тусламжийн төслийн хэлэлцээрт Монгол улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк (АХБ) өнөөдөр гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар хэлэлцээрт гарын үсэг зурав. Түүнчлэн гарын үсэг зурах ёслолд Монгол улс дахь Япон улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Хиромичи Мияшита болон Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл оролцлоо.
“Нийгэм, эдийн засгийн олон сөрөг үр дагаврыг авчирч буй гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх анхны төслөө АХБ өнөөдөр зурж байна” хэмээн хатагтай Фернандез Ломмен хэлээд, “Үндэсний хэмжээнд хийсэн судалгаанаас харахад 25-аас 49 насны эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд илүү өртөж, улмаар бие болон сэтгэлийн хохирол амсахын зэрэгцээ ажил хийж, цалин орлого олох боломжоо алдаж байна” гэв.
Ядуурлыг бууруулах Японы сангаас санхүүжих энэхүү буцалтгүй тусламжийн төсөл нь гурван аймаг, хоёр дүүрэгт түр хамгаалах байр байгуулах, институцийн чадавх бэхжүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, даван туулагч эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавхижуулах замаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогч, даван туулагчдыг хамгаалалд авах, тэдэнд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой.
Тус төслөөр жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж буй бөгөөд энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц бүхий түр хамгаалах байр байгуулах, үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэх, дэмжих бүлэг байгуулах замаар мэдээлэл түгээх зэрэг ажлуудыг хийнэ.
Зан үйл өөрчлөх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэх газруудад эрэгтэйчүүд болон өсвөр үеийн охид, хөвгүүдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, эерэг үлгэр дууриалал бүхий зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн өргөн хүрээний үйл ажиллагаа явуулна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөнд тэсвэртэй бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажилладаг.
Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог. 2017 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа нийт 32.2 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлснээс 11.9 тэрбумыг хамтарсан санхүүжилтээр олгожээ.
Сэтгэгдэл (1)