ЭМЯ-аас Томуу, томуу төст өвчний талаар хийгдэж буй ажлын талаар мэдээлэл хийлээ. “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөө” гэх судалгаа НЭМҮТ, НҮБ-ын хүүхдийн сантай хамтран хийжээ.
Энэ дүнгээс харахад агаарын бохирдлоос үүдсэн уутгины хатгалгаа өвчин, томуу, томуу төст өвчний хүндрэл болж байгаа уушгины хатгалгаа өвчин хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан болж байна. Мөн хот суурин газар, дүүргүүдэд амьдарч байгаа хүүхдүүдийн уушгины үйл ажиллагаа орон нутагт амьдарч байгаа хүүхдийнхтэй харьцуулахад 40 хувиар сул байна гэсэн судалгааны дүн гарсан. Тиймээс ЭМЯ-аас салбарын хэмжээнд уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх чиглэлээр хүүхдүүдэд уушгины хатгалгааны эсрэг вакциныг 2016 оноос хийж эхэлжээ. Уг вакциныг хоёр, дөрөв, есөн сартайд нь хийдэг байна. 2018 оны гуравдугаар сараас эхлэн нийслэлийн бүх дүүргүүдэд вакцинд хүүхдүүдээ хамруулж эхэлсэн. Ирэх оноос улсын хэмжээнд уг вакциныг хийхээр төсөвт суулгажээ.
Томуу, томуу төст өвчний үед томуугийн вакциныг зорилтот бүлгийн хүмүүст хийсэн байна. Тухайлбал, 192 цэцэрлэгийн 5 хүтэлх насны 54368 мянган хүүхдийг вакцинжуулжээ. Мөн ахмад настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулжээ.
Түүнчлэн утааны эсрэг маск зүүх аяныг өрнүүлж байгаа юм байна. “PM2.5”-г шүүдэг маск нь халдвар хамгааллын болон агаарын бохирдолтын өртөлтийг бууруулдаг байна. “PM2.5” гэдэг нь нарийн ширхэглэлт тоосонцор аж. Энэ нь амьсгалын замаар дамжин уушгины эд эсийн гүнд орж гэмтлийг үүсгэдэг учраас сэргийлэх шаардлагатай гэдгийг анхааруулж байна.
Б.Лхам