Өнөөдөр сонины Асуух эрхийн танхимд Ам.доллар ханш өсөлтийн талаар салбарын мэргэжилтнүүд болон судлаачдын дунд хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгийн хүрээнд Хаан банкны хөрөнгийн удирдлагын газрын захирал Т.Ууганбаяраас тодрууллаа.
-Сүүлийн үеийн валютын ханшийн өсөлтийн талаар ярьвал?
-Сүүлийн үеийн валютын ханшийн өсөлт бол гадаад болон дотоод гэсэн хоёр хүчин зүйлээс хамаарч байгаа гэж ойлгож болно. Ер нь бол төгрөгийн ханш зөвхөн Монголд унаад зогсохгүй, бусад валютын ханш дэлхийн зах зээл дээр унаж байгаа. Тухайлбал, төгрөгийн ханш энэ жил долларын эсрэг 5 орчим хувиар суларсан байна. харин юанийн эсрэг сүүлийн үед тогтвортой байна. харин манай хойд хөршийн рублийн ханштай харьцуулахад 6 хувиар өссөн хандлагатай байна. Улс болгон валютын өөрсдийнхөө бодлогыг боловсруулаад гадаад худалдаа, эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад тогтоодог байгаа.
-Ам.долларын ханшийн өсөлтийн гол шалтгаан юу байна?
- АНУ-ын эдийн засгийн өсөлт нэлээд сайн байгаа. Хамгийн сүүлийн мэдээгээр АНУ-ын ажилгүйдлийн түвшин түүхэн доод түвшиндээ буюу 3,8 хувьд хүрсэн. Бас инфляци нь өсч байгаа учраас бодлогын хүүгээ шат дараалж өсгөсөн. Ерөнхийдөө энэ жил гурван удаа өсгөөд 2.25 хувь болгосон байна. АНУ-ын эдийн засаг сайн байгаа учраас дэлхийн хөрөнгийн урсгал Америк руу шилжээд Америк долларын эрэлтийг нэмэгдүүлж байгаа хандлага байна. Тийм учраас далларын ханш юанийн эсрэг 5 хувиар өссөн байна. Рублийн эсрэг 13 хувиар өссөн тоон үзүүлэлт гарсан. Энэ бол гадаад хүчин зүйл.
-Дотоод хүчин зүйлийн талаар тайлбарлавал?
-Өдөр тутмын арилжаагаар харах юм бол сүүлийн 2 сарын хугацаанд валютын эрэлт эрс нэмэгдсэн байгаа. Энэ нь бол хэд хэдэн шалтгаантай гэж харж байна. энэ оны эхний хагас жил эдийн засгийн идэвхжил нэмэгдээд зээлийн хэмжээ ойролцоогоор 15-20 хувь нэмэгдсэн. Тэрнээс гадна зээлийн өсөлттэй холбоотой гадаадаас импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ нэлээд нэмэгдсэн. Өнгөрсөн жилтэй харьцуулахад импортын хэмжээ 1 тэрбум доллараар нэмэгдсэн бол экспортын хэмжээ 500 сая доллараар нэмэгдсэн. Тэгэхээр ерөнхийдөө гадаад худалдаан дээр Монгол Улсын хувьд илүү их импортолж байгаа хандлага байна. Энэ нь эргээд банкан дээр ямар зүйл ажиглагдаж байна вэ гэхээр бараа бүтээгдэхүүн авдаг аж ахуй нэгжүүдийн долларын эрэлт нэлээн нэмэгдэж байна. Энэ дотроо нефтийн импортлогчдын долларын худалдан авалт нэмэгдэж байна. мөн бусад хэрэглээний бараа бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа дүр зурагтай байна. Валютын эрэлт нь нийлүүлэлтээсээ илүү өндөр байгаа учраас ханш бол ерөнхийдөө өсөөд явж байна.
-Танай банкны хувьд?
-Зээл болон долларын хэрэглээ бол хоёр ондоо зүйл. Хаан банкны хувьд валютын төлбөрийн чадвар бол өндөр байгаа. Валютын зээлүүдийг харилцагч нартаа олгоод явж байна. Харилцагч нар маань валютын ханшийн эрсдэлээ даагаад хэрэгцээ шаардлага байгаа бол зээлэх боломжтой. Харин валютын арилжааны ханш маань юун дээр тогтож байна гэхээр төгрөгөөр худалдах эрэлт нийлүүлэлт дээр тогтож байна. Үүн дээр эрэлт нь илүү өндөр байгаа учраас ханш ерөнхийдөө өсөөд байна гэж харж байгаа.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (1)