УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах шаардлагагүй хэмээн үзлээ.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзсанаар Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах шаардлага үүссэн. Үүний дагуу УИХ-аас 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 62 дугаар баталсан юм. Уг тогтоолд нөхөн сонгуулийг энэ сарын 7-нд зохион байгуулахаар тусгасан. Гэвч энэхүү тогтоолд төрийн албан хаагч оролцох зохицуулалтыг нарийн тусгаагүй нь иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан хэмээн Хэнтий аймгийн Баянхутаг сумын хоёр дугаар багийн иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм. Үндсэн хуулийн цэц уг гомдлыг наймдугаар сарын 22-нд хэлэлцээд, УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан юм.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Төрийн албан хаагч жирийн иргэнтэй ижил биш. Яагаад гэхлээр төрийн төлөө чинь үнэн ч шударгаар зүтгэнэ, иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллана гэж тангараг өргөчхөөд маргааш нь өөрийгөө жирийн иргэнтэй адилтгаж үзээд энэ асуудал руу ороод үүнийг нь цэц зөвшөөрч байгаа нь туйлын буруу зүйл гэж харж байгаа. Ер нь бид цаашдаа Үндсэн хууль, Сонгуулийн хуульд нарийн анхаарал тавьж үзэхгүй бол төрийн албаны улс төржилт гэдэг бол зогсолтгүй цаашаа үргэлжлээд байх юм байна” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг чангатгаж шаардлагатай гэж үзэж байна. Сонгуульд ялагдахаараа төрийн албанд очдог. Тэнд хоёр гурван жил ажиллаж байгаад тангараг өргөсөн төрийн албан хаагчийн байр сууринаас биш улс төрчийн байр сууриас хандаж байна. Сонгууль болохоор дахиад улс төрч болж хувираад нэр дэвшиж орж ирдэг. Үүнийг тодорхой болгож өгөх зүйлс зайлшгүй шаардлагатай байгаа. Хоёрдугаарт, Цэц дээр очсон маргаантай асуудлыг өнгөрсөн сонгуулийг явуулж байсан сонгуулийн хуультай холбоотой гэж би боддог. Өнгөрсөн дөрвөн жил эрх баригч хүчин маань Р.Бурмаа нарын санаачилсан Ерөнхийлөгчийн, орон нутгийн, УИХ-ын гурван том хуулийг нэг болгож гурилдаж баталсан. Бид олон алдаа гарсан. Үүний нэг нь Үндсэн хуулийн Цэц дээр очих хэмжээний ийм зүйл болж хувирсан юм болов уу гэж бодож байгаа. Тухайн үедээ үүнийг улс төрийн намууд нэлээд шүүмжилж байсан. Одоо үүнийг өөрчилнө гээд УИХ-д ажлын хэсэг гараад ингээд явж байна. Тэгэхээр энэ сонгуулийн хуулийг бол цаашдаа нэлээд боловсронгуй болгох, шалгуур шаардлагыг өндөрсгөж ингэж тавих ёстой” хэмээн ярив.
Ж.Батзандан “Иргэний суурь эрхийг баталгаажуулсан шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргах үүрэгтэй. Жам ёсны эрхийг хамгаалах шийдвэрийг үндсэн хуулийн цэц гаргах үүрэгтэй. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр үндэслэлгүй буруу болсон гэдгийг би хоёр дахь үндэслэлээр тайлбарлая. Ээлжит сонгуулийн жилд төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн болон төрийн аж ахуйн нэгжид оролцоотой албан хаагчид чөлөөлөгдсөн байх заалт байгаа. Ээлжит сонгуульд гэдэг нь дөрвөн жилдээ болдог сонгуулийг хэлж байгаа. Нөхөн сонгууль, дахин сонгуулиар урьдчилан чөлөөлөгдсөн байх заалт хуульд байхгүй. Тэгэхээр цэцийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэж харж байна” гэв.
Р.Хишигжаргал