Хотын түгжрэлийг бууруулах үүднээс ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн түгээлтийн машинуудыг тодорхой цагаар хөдөлгөөнд оруулах, томоохон захуудад ачаа тээврийн машинуудын хөдөлгөөнийг өдрийн цагаар хязгаарлах, томоохон уулзваруудад нэвтрэлтийг зохицуулсан шар дөрвөлжин тэмдэглэгээ тавих, зарим замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийгдэхээр болсон.
Эхний ээлжид нийслэл хотын хамгийн их ачаалалтай хэсэг болох Цэцэг төв, Төв музей, МУБИС, Цаг уурын газрын гэсэн дөрвөн уулзварт гол замтай нийлсэн гарц бүхий хэсгүүдэд “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглээг хийх аж. Ингэснээр хотын төвийн түгжрэл 70 хувиар буурах тооцоо гараад байгаа юм байна. Харин уг ажилд 200 сая төгрөгийн санхүүжилтийг хотын төсвөөс зарцуулахаар шийджээ.
Шар дөрвөлжин тэмдэглэлээг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө ассиоцаци”-ийн тэргүүн, хурандаа С.Энхтөр анх санаачлан гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрч жилээс жилд дамжигдан ярьсаар өнөөдрийг хүрээд буй. Шар тэмдэглэгээг тавьснаар арваннэгдүгээр сараас эхлэх Замын хөдөлгөөний шинэчилсэн найруулгын 15.2 дах хэсэгт "Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж заасны дагуу уулзварын шар тэмдэглэгээнд нэвтрэн хөдөлгөөнд саад учруулсан жолоочид торгуулийн арга хэмжээ авах талаар ярьж байгаа. Энгийнээр жишээ авахад 120 мянгатын автобусны буудлыг чиглэж буй жолооч төв зам түгжрэлтэй байвал уг замаар хөдөлгөөнд оролцож болохгүй. Оролцвол торгуулна. Мөн ногоон гэрлээр багтаж гараагүй тохиолдолд бас л торгох асуудал яригдаж байгаа юм. Ингэвэл торгоно, тэгвэл шийтгэнэ зэрээг торгохоо л урдаа барих болж.
Дараагийн асуудал нь уг тэмдэглэгээг хийхэд зарцуулагдах мөнгөн дүн юм. Зөвхөн дөрвөн уулзварт шар тэмдэглэгээ хийхээд ийм хэмжээний мөнгөн хөрөнгө зарцуулагдана гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл, нэг уулзварыг 50 сая төгрөгөөр дөрвөлжин тэмдэглэгээтэй болгоно гэсэн үг.
Энэ тухай Нийслэлийн авто замын хөгжлийн газраас уг ажлыг хийхэд бороо, цасанд арилахгүй будаг ашиглана. Чанартай будаг ашиглах учраас төлбөр тодорхой хэмжээнд гарна гэж ярьжээ. 50 саяар нэг уулзварын тэмдэглэгээ хийдэг манайхаас өөр улс байхгүй л болов уу.
Зах зээл дээр уг будагны дундаж үнэ хэдэн төгрөг байдаг талаар “Орд констракшн” ХХК-ийн будагнаас сонирхож үзлээ. Тус компани нь Солонгос улсаас оруулж ирдэг замын тэмдэглэгээний шар будагаа 18 литрийг нь 198 мянган төгрөгөөр, дөрвөн литрийг нь 51500 төгрөгөөр худалдаалдаг байна. Замын тэмдэглэгээний будагны дундаж ханш нь ийм аж.
Гэтэл хаанаас ийм үнэтэй будаг олоод төсөвлөчихдөг нь бас л гайхмаар. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг боломж бололцоодоо тааруулан дундаж үнээр ажлаа гүйцэтгээд үлдсэнийг нь энэ онд амжиж барьж байгуулж чадаагүй бүтээн байгуулалтаа зарцуулвал таарах биз. Мэдээж 50 сая гэдэг тансаглал төдийгүй ашиг сонирхлын зөрчилтэй холбон үзэж байгаа олон нийтийн хандлага цахим хуудсаар цөөнгүй харагдана. Шар тэмдэглэгээ хийж түгжрэлийг бууруулах нь мэдээж зөв. Харин үүнийн үрээр үнэтэй будаг шахах гэж байгаа нь л нийгэмд буруу болгож харагдуулаад байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (10)