Дорноговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын хамтын ажиллагааны хүрээнд “Гэрэлт Зам” сайн үйлсийн аяны нээлтийн арга хэмжээ Эрээн хотын төв эмнэлэгт өчигдөр буюу есдүгээр сарын 20-ны өдөр боллоо.
Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон холбогдох агентлагийн удирдлагууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын удирдлагууд, эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчид, эмчлүүлэгчид оролцлоо.
Тус арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын төв эмнэлгийн эмч нар Дорноговь аймгийн болор цайх эмгэгтэй долоон иргэнд үнэ төлбөргүй нүдний болор суулгах мэс заслыг есдүгээр сарын 19-ний өдөр амжилттай хийсэн байна.
Дашрамд дурдахад 2017 онд болор цайх эмгэгтэй 10 иргэнд нүдний болор суулгах мэс заслыг үнэ төлбөргүй амжилттай хийж байсан бөгөөд нүдний болор цайх эмгэгтэй иргэд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний эмчийн хяналтад орсноор мэс засалд орох боломжтой юм.