Өнөөгийн байдлаар дэлхийд 11 сая гаруй нэр төрлийн химийн бодис бүртгэгдсэний 70 мянга орчим нь бидний ахуй амьдралд өдөр тутам ашиглагдаж байгаагаас 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд ямар нэг байдлаар сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Химийн хортой бодис гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ.
Химийн аюултай бодис гэж тэсрэмтгий, шатамхай, исэлдүүлэгч, идэмхий, цочроогч шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ. Бид гэр орноо цэвэрлэх, үнэр дарах гэх мэт амьдрал ахуйдаа химийн аюултай, хортой бодисыг өдөр тутам хэрэглэдэг.
Химийн хортой болон аюултай бодис нь хүний бие организм, хүрээлэн буй орчинд удаан хугацааны туршид задрахгүйгээр тогтвортой хадгалагдаж, аажим нөлөөлсний уршигаар эмчлэгдэшгүй шинэ, аюултай өвчин дэгдээх, хүний удамшлын бүтцэд нөлөөлж, генийн өөрчлөлттэй хүүхэд төрөх гээд төсөөлөөгүй үр дүн авчирдгийг дэлхийн эрдэмтэд судалж тогтоосон. Химийн бодисоор ам, хамраараа амьсгалах, химийн бодист хүрсэн тохиолдолд хүнийг хордуулна.
Химийн хорт болон аюултай бодисын аюулд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Амьдарч буй газартаа химийн бодисын осол гарч болох нөхцөл байгаа эсэхийг олж мэдэх;
- Мэргэжлийн байгууллагын заавар, журам, мэдээллийн хэрэгслээр мэргэжлийн хүмүүсийн өгч буй зааварчилгааг дагах;
- Гадаа байгаа бол ослын голомтын салхины дээр, тухайн газраас 500 метрээс хол зайтай зогсох;
- Байран дотор байгаа бол цонхоо хааж, агааржуулагч, цахилгаан хэрэгслээ унтраах;
- Байшингийнхаа хаалга, цонх, шал, тааз бүгдийг битүүлэх, таглаж, чигжих;
- Бээлий, урт ханцуйтай цамц, оймс, өмд, гутал зэргийг өмсөж битүү хувцаслан биеийнхээ бүх хэсгийг хамгаалах;
Ослын дараа хэрхэн ажиллах вэ?
- Мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагаас өгч буй зааварчилгаагаар ариутгал цэвэрлэгээнд хамрагдах
- Хордсон байж болзошгүй хүнсний зүйлсийг хэрэглэхгүй байх
Ахуйн хүрээнд ашигладаг химийн бодисууд:
- Цэвэрлэгээний бодис, арьс арчилгааны бүтээгдэхүүн
- Хортон шавьжны хор, бордоо
- Зай, сүүн гэрэл, чийдэн
- Автомашины тос, тосолгооны шингэн
- Ахуйн хэрэглээний хий
- Будаг шингэлэгч бодис, толбо арилгагч
Ахуйн хэрэглээнд ашигладаг эдгээр бодисоос өөрсдийгөө хамгаалах шилдэг арга бол тухайн бүтээгдэхүүнийг хадгалах, хэрэглэхдээ зааврыг маш сайн уншиж, хэрэглэх, зөв хадгалах явдал юм.
Химийн аюултай бодис бүхий бүтээгдэхүүний заавар
Бидний хэрэглэдэг хоол хүнс, ахуйн хэрэглээний зүйлс ихэвчлэн хуванцар савлагаатай байдаг. Гэтэл хуванцар материал нь хүний биед сөргөөр нөлөөлөх “биспонел А” гэдэг хорт бодисыг их хэмжээгээр агуулдаг байна. Иймд хуванцар саван дээрх дараах тэмдэглэгээгээр хоол, хүнсний зориулалтаар хэрэглэж болох эсэхийг таньж болно.
Судалгаагаар ус зөөж, хадгалдаг савны ариун цэвэр нийт өрхийнхэрэглэж буй савны хотод 78,1%, хөдөөд 50,4% нь тосны болон химийн бодис хадгалах зориулалт бүхий угааж цэвэрлэхэд тохиромжгүй хуванцар сав хэрэглэдэг байна.
“Усны чанар, ариун цэвэр” судалгаагаар Улаанбаатар хотын өрхийн 22.7% нь, хөдөөний өрхийн 54,8% нь металл саванд ундны усаа зөөж, хадгалдаг болохыг тогтоожээ.
Ус хадгалдаг хуванцар савнуудын (тосны канистр, том цэнхэр сав ) хар тугалганы шилжилтийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 900:2005 үндэсний стандартад заасан хэмжээ (0.01 мг/л)-нээс тосны канистерт 500-800, цэнхэр том саванд 60-72 дахин их байна.
Хоол хүнс, ус хадгалах зориулалтаар ашиглаж болох савнуудын тэмдэглэгээ
Ахуйн химийн бодис ашиглах заавар
Аяга угаагч шингэн:Энэ шингэний найрлагад фосфат агуулагддаг. Энэ нь арьс цочроох ба их хэмжээгээр амьсгалахад хортой нэгдэл юм.
- Плитка цэвэрлэгч: Үндсэн найрлага нь идэмхий натри (NaOH), идэмхий кали (KOH)юм. Эдгээр бодисууд нь идэмхий, түлэмхий шинж чанартай учир арьсыг цочрооно. Та энэ бодисыг ашиглах үедээ өрөөний агааржуулалтыг сайтар хийх, мөн түүний тоосонцор уураар амьсгалахгүй байх хэрэгтэй.
- Шил цэвэрлэгч шингэн:Найрлаганд нь аммиак, изопропилийн спирт агуулагддаг ба эдгээр нь нүд, арьс, амьсгалын замын эрхтнийг цочрооно. Энэ шингэнийг их хэмжээгээр залгивал үхэлд хүргэх аюултай.
- Шавьж устгагч хор:Найрлагад нь ихэвчлэн абартектин сульфурамид, трихлорфон, пропоксур, хлорпирифос зэрэг бодисуудыг агуулдаг. Эдгээр бодисууд нь хортой учир хүүхдээс хол байлгаж, гараараа хүрсэн тохиолдолд сайтар угааж ариутгах хэрэгтэй.
- Бактерийн эсрэг цэвэрлэгч:Үндсэн найрлагад гадаргуугийн идэвхит бодис, пестицидийн төрлийн аммони болон усанд уусдаггүй фенолт нэгдлүүд ордог. Эдгээр химийн бодисууд нь нүд болон амьсгалын замын эрхтнийг цочроох аюултай тул хэрэглэх үедээ бээлий, амны хаалт зүүж байх хэрэгтэй.
- Цайруулагч: Үндсэн найрлага нь натрийн гипорхлорид юм. Их хэмжээгээр хэрэглэж хордсон тохиолдолд бөөлжис хүрэх, огиулах, арьс үрэвсэх зэрэг шинж илэрнэ. Зарим аммиак агуулсан цэвэрлэгээний бодистой тохиолдолд урвал явагдаж хлорамин гэдэг хүргэж болзошгүй хортой нэгдэл үүсгэнэ.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Сэтгэгдэл (2)