ЭМЯ, ЭМХТ, Францын Санте Сюд ТББ-тай хамтран эх баригчдын чадавхийг сайжруулах сургалтыг зохион байгуулах эмнэл зүйн болон сурган заах арга зүй эзэмшсэн “Эх баригч сургагч багш” бэлтгэх зорилгоор “Эх баригч сургагч багш” бэлтгэх сургалтыг 2017.05.29-06.03, 2017.06.05-06.10 ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтаар нийт 40 сургагч багш бэлтгэх ба эдгээр сургагч багш нар ЭМХТ-тэй хамтран өөрийн орон нутаг, бүсийн хэмжээнд эх барихуйн тусламж үйлчилгээний сургалтыг зохион байгуулах юм.
Эх баригчийн төгсөлтийн дараах сургалтын модулийг францын эх баригч сургагч багш болон Монгол улсын эх барих эмэгтэйчүүдийн эмч хамтран боловсруулсан.
Эх баригч болон эх барих эмэгтэйчүүдийн эмчийн багийн хамтарсанг сургалт нь одоо ажиллаж буй эх баригчдын ур чадварыг бэхжүүлэх, ялангуяа эх барих эмэгтэйчүүдийн эмчтэй харилцан уялдаатай хамтран ажиллах чиглэлд чухал түлхэц болно.
Сургалтын хөтөлбөрийн хүрээнд
Жирэмсний хяналт, төрөхийн өмнөх тусламж үйлчилгээ
Төрөлт, төрөх үеийн тусламж
Мэргэжилтэн хоорондын харилцаа
Ургийн зүрхний цохилт түүнийг хэмжих
Төрсний дараах цус алдалт
Эх-ургийн халдвар
Нярайн сэхээн амьдруулалтанд эх баригчийн үүрэг
Төрсний дараах тусламж үйлчилгээнд эх баригчийн үүрэг зэрэг сэдвүүдийг суралцах юм.
ЭХЭМҮТ, Амаржих газрууд, эх баригч мэргэжилтэн бэлтгэж буй АУ-ны сургуулиуд, БОЭТ болон аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх баригч, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар энэхүү сургалтад хамрагдаж байна.
Сүүлийн 20 жил Монгол улс эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад ихээхэн анхаарч, олон арга хэмжээ авч ирсэн. Нярайн эндэгдэл 1990 онд 1000 төрөлт тутамд 97,2 байсан бол, 2013 онд 1000 төрөлт тутамд 26,4 болж буурчээ. Төрөх үеийн эхийн нас баралт 100 000 амьд төрөлт тутамд мөн онуудад 130-аас 50,8 болсон. Энэ үр дүнд хүрэхийн тулд Монгол улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх чиглэлд үндэсний болон олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрийн хэрэгжилт ихээхэн хувь нэмэр оруулсан байна.