Сүүлийн үед манайд цахим гэмт хэрэг цөөнгүй тоогоор гарах болсон. Тэдний хамгийн хохирогчид нь өсвөр насныхан болоод фейсбүүкийн байнгын хэрэглэгчид. Хуурамч хаягаар найз болж, улмаар итгэлийг нь олонгуутаа эргүүлээд түүгээр нь дарамталдаг, мөнгө нэхдэг үзэгдэл байсаар байна. Мөн фейсбүүкийг нь хакердаж, бусад найзуудаас нь мөнгө гуйсан тохиолдол гарсаар байгаа. Тиймээс мэргэжлийн байгууллагаас өөрийн цахим хуудасныхаа нууц үгийг долоо хоног тутам биш юмаа гэхэд сард нэг удаа солихыг зөвлөж байна. Цахим гэмт хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ариунболор “Манай иргэд интернэт сүлжээнд оруулж байгаа мэдээлэлдээ тун хайнга ханддаг талтай. Интернэт банк, сошиал акаунтынхаа нууц үгийг мартахгүйн тулд амархан тэмдэгт оруулах нь элбэг.
Тухайлбал төрсөн он сар, утасны дугаар, овог нэр, дараалсан тоог оруулдаг. Уг нь үсэг, тэмдэгт, тоог зэрэг агуулсан нууц үг оруулахыг зөвлөдөг. Мөн нууц үгээ долоо хоногт биш гэхэд сард нэг удаа солих хэрэгтэй. Ингэснээр хохирогч болох эрсдэл багасна. Тухайлбал үйлчилгээний байгууллагын wifi-аар орсон бол таны мэдээлэл серверт нь тоон өгөгдлөөр хадгалагддаг. Сервер нь хамгаалалт муутай байвал мэдээлэл алдагдах боломжтой. Хэрэгтэн бусад хэрэглэгчийн мэдээллийг ашиглаж дуусаад долоо хоногийн дараа таныхыг ашиглах гэж оролдох үед та нууц үгээ сольсон байвал өөрийгөө хамгаалж чадна. Мөн Байгууллагууд мэдээлэл, компьютерын аюулгүй байдлаа хангаагүйгээс их хэмжээний мөнгө залилуулдаг. Ялангуяа, гадаад руу мөнгө шилжүүлдэг, бараагаа авахдаа и-мэйлээр харьцдаг худалдааны байгууллагууд их өртөж байна. Гэмт этгээдүүд мэйл хаягийг нь хакердаж нэвтрээд харилцагч байгууллагынх нь мэдээллийг авдаг.
Ингээд гаднын байгууллагын и-мэйлийг хуурамчаар үйлдэж, илгээдэг. Үүндээ “манайд аудитын шалгалт орсон, эсвэл шинэ салбар нээгдсэн тул дансны дугаар өөрчлөгдлөө” гээд өөрсдийн дансандаа шилжүүлж авдаг. Тиймээс харилцагч байгууллагын ажилтны и-мэйл хаяг, дансны дугаар өөрчлөгдвөл заавал өөр эх сурвалжаас асууж, тодруулах шаардлагатай. Ингэж баталгаажуулаагүйгээс мөнгө нь хил дамнасан гэмт хэрэгтнүүдийн гарт ордог” гэжээ.