Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Монголын нийт ард түмэн сүсэгтэн олондоо зориулж, XVII жарны “Алтан унжлагат” хэмээн “Гал тахиа” жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн. Түүний мэндчилгээнд өгүүлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Баримт 1. Улиран одож буй гал мичин жилийг монголын ард түмэн маань сайхан үдэж байна. Тэнгэр бурхан биднийг ивээж сайхан жил байлаа. Цаг агаарын хувьд төдийгүй төр шашны үйл ч сайхан байсан. Мичин жил монголчуудад олон сайхан зүйл авчирсан шиг ирэх тахиа жил ч олон сайхан зүйл авчирна гэдэгт итгэлтэй байна.
Баримт 2. Цагаан сар бол монголчуудын олон зууны турш тэмдэглэж буй үндэсний их баяр. 60-70 жил жаахан завсарласан ч 1990 оноос өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Баримт 3. Монгол хүн хэн бэ гэдгийг цагаан сар, наадам хоёр илэрхийлдэг. Бие, хэл, сэтгэл гурвын эрх чөлөөг эдэлж байгаа энэ цаг үед монголчуудын онцлогийг харуулж чаддаг сайхан баяр юм.
Баримт 4. Цагаан сарын бас нэгэн онцлог бий. Энэ бол оны төгсгөлийн битүүний өдрийг сайн сайхнаар үдэх ёс юм. Бусад зарим оронд шинэ жилийнхээ эхний өдрийг л баяр хэмээн угтдаг бол Азийн орнууд тэр дундаа Монголын ард түмэн хуучин оноо сайн сайхнаар үддэг уламжлалтай. Энэ нь монголчууд аливааг төгс төгөлдөр бүтээдэг зан чанартай холбоотой.
Баримт 5. Өнгөрсөн 365 хоногийнхоо сүүлийн битүүнийг сайн сайхан үдэхийг эрхэмлэдэг. Хуучин жилийн төгсгөл 29-ний өдөр ус цасанд орж, шинэ дээлээ урлаж дуусгадаг байх жишээтэй.
Баримт 6. Цагаан сараар гурван зүйлийг эрхэмлэдэг. Биеэ засдаг сайн сайхныг өмсөж эдэлж, товч бүчээ бүсэлж, зүс засдаг.
Баримт 7. Хэлээрээ бэлгэддэг. Айлд орохдоо “Амгалан битүүрч байна уу” гэх мэтээр сайхан үг хэлэлцдэг. Бие, хэл хоёрын ард сэтгэл байдаг. Тиймээс бие хэл сэтгэл гурваа ариусгадаг сайхан өдөр.
Баримт 8. Сэтгэлийн сайхнаа илэрхийлж хөөрөг зөрүүлдэг. Хөөрөг бол хүндэтгэлийн илэрхийлэл төдийгүй ихийг өгүүлдэг. Хөөрөгний амсрыг суллан барьж, бие биедээ хар буруугүй санаагүйгээ илтгэдэг.
Баримт 9. Хөөрөгний толгойг доош дарж өгвөл ахуй амьдралд ямар нэгэн таагүй зүйл тохиосныг илтгэдэг байх жишээтэй. Оны төгсгөлийн битүүний бэлгэдэл болгон хөөрөг зөрүүлдэг нь Өндөр гэгээний үеэс сэдсэн эвсэл найрамдлын утга юм.
Баримт 10. Эцэж цуцахгүй дайн байлдаан үргэлжилсэн тэр үед мориноосоо бууж, хөөрөг зөрүүлэн мэндчилэх нь эвцэж өгөхгүй байсан талуудыг хөөрөглөж, тамхилах ёсыг санаачилсан гэдэг. Хорвоо юм болохоор хэн нэгэнтэй сэтгэлийн эвцэлгүй байсан бол түүнийгээ тайлах өдөр бол хуучин оны төгсгөл битүүний өдөр билээ.
Баримт 11. Битүүний өдөр монгол түмэн таван зүйлийн идээгээр зочноо дайлдаг номтой. Таван мэдрэхүйд зориулж өргөл өргөж байгаа юм.
Баримт 12. Гэрээ сайхан цэвэрлэж, идээ будаагаа сайхан засна гэдэг тухайн зочны харах мэдрэхүйд барьж буй бэлэг. Нүдээр харж буй зүйл эвсэг найрсаг, дизайн сайтай байх юм бол сэтгэлд нь бүлээн дулаан хайрлаж байна гэсэн үг.
Баримт 13. Удаах нь чихэнд өргөх өргөл. Бэлэг дэмбэрэлтэй үг яриа хэлэлцэж, дуу хуур эгшиглэх нь сонорт өргөж буй бэлэг юм.
Баримт 14. Аманд нь сайхан амт өргөдөг. Айлд ороод идээнд хүрэхдээ амьтны амь ороогүй цагаан зүйлээс эхэлж хүртдэг.
Баримт 15. Дараагийнх нь хамарт өргөж буй үнэр. Сайхан үнэрт ямар ч хүний сэтгэл баясдаг. Хүртэхүйн өргөл бол хадаг. Сайхан зөөлөн эд биед хүрэхүйд сайхан байдаг. Энэ ёсоор зочин гийчнээ хүндэтгэн дайлдаг онцлогтой.
Баримт 16. Айлд бие, хэл, сэтгэл гурваа тэгшилж орж гэмээнэ тухайн айлд өлзий хутаг оршоодог. Монгол хүн бэлгээрээ гэдэг. Тиймээс айлын эзэд, зочин гийчид хүндэтгэл өргөдөг.
Баримт 17. Орон хийд болгон Лхам бурхан тахидаг. Лхам бурханд дараагийн жилээ даатган мөргөдөг. Тотгон дээрээ гурван мөс тавьдаг. Лхам бурхан сүсэгтэн болгоныг даадаг бурхан.
Баримт 18. Шинийн нэгэнд өглөө эртлэн босдог. Хамгийн ахмадаасаа хүндэтгэн золгож эхэлдэг. Амар мэндээ зөв мэндлэхээс эхлээд жаяг ёс их. Эв нэгдлийн баяр. Уламжлалт баярын бас нэг сайн тал ирээдүйн элдэв барцдаас гэтэлгэж байгаа хэрэг юм. Ахас ихсээ хүндэтгэх сайхан ёсолгооноос гадна ахан дүүсээ таних их баяр юм. Баяр ёслол хэм хэмжээтэй байдгаас шинийн 3-ны өдөртөө идээ будаагаа хураадаг онцлогтой. Шашин номын үйл шинийн 15 хүртэл үргэлжилдэг. Ард иргэдийнхээ засал номыг 15 хоногийн турш хийдэг онцлогтой.
Баримт 19. Ингээд айлчлан ирж буй гал тахиа жилдээ Монголын ард түмэн, сүсэгтэн олон та бүхэндээ сав, шим ертөнцдөө урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг байхыг ерөөе.
Баримт 20. Бурханы шашинд бидний оршин байгаа дэлхийг сав ертөнц гэдэг бол сав ертөнцөд оршин байгаа ан амьтан, араатан жигүүртэн, хүмүүн төрөлхтөн билээ. Сав шим ертөнц асар нарийн барилдлагатай. Хэрвээ сав ертөнц бузардах аваас шим ертөнц ариун байх боломжгүй.
Баримт 21. Хүнд хамгийн эрхэм зүйл бол урт нас. Хүн ганцаараа бус ахан дүүс, айл хотол, шахам шадар, ард түмнээрээ урт насалж байж жаргадаг. Хичнээн баялаг эд хөрөнгө, мөнгө төгрөг байгаад үхчих юм бол ямар ч хэрэг байхгүй. Түүний дээр урт наслаад бүх юм сайхан болдог уу гэвэл бас үгүй. Өвдөж хавдаад байвал яагаад ч жаргалтай сайхан байхгүй. Тиймээс өвчингүй байхын төлөө хичээх ёстой юм. Өвчингүй байхын үндэс байгаль дэлхийтэй холбоотой. Тиймээс ч өвөг дээдэс маань байгаль дэлхийгээ цэвэр ариун байлгах гэж хичээж улайж ирсэн билээ. Бидэнд 21 дүгээр цэвэр ариунаар бидэнд өвлүүлсэн болохоор цаашид ариун байлгах талыг бид бодох хэрэгтэй. Энэ бол алсын зорилго биш бидэнд тулсан зорилго. Байгаль дэлхий сав ертөнц ариун байж бид өвчингүй эрүүл, урт удаан наслах учиртай юм.
Баримт 22. Мөн эд таваар элбэг дэлбэг байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье. Хүн өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг хангахуйц хөрөнгө мөнгөтэй байхгүй бол бусдыгаа татах гээд байдаг. Хангалттай хэмжээний эд тавааргүйгээс өлсөх, өвчих тусах, насаа богиносгох тэргүүтэй аюул бий. Зөв сайхан амьдрахад хүрэхүйц эд таваар заавал шаардлагатай болдог.
Баримт 23. Барцадгүй мэнд суух бас их чухал зүйл бий. Барцад гэдэг нь амьдралын зохисгүй шалтгаанууд ордог. Болгоомжгүйгээс болж аваар осолд орох, хэрүүл, хараалд өртөн зэргийг хэлж байгаа юм.
Баримт 24. Бурхан багш айлдахдаа “Гэр бүл, хүрээлэн байгаа хүмүүсийн хандлага тань таныг тодорхойлно” гэсэн байдаг. Хэрвээ би хүнийг дээрэлхдэг бол над руу ирж буй ертөнц мөн тийм л байна гэсэн үг. Муу үг хэлэхээр муу үг л ирдэг. Тиймээс гэр бүл, хань ижил, үр хүүхдүүддээ сайхан үг хэлж эвцэж зохицож байгаарай гэж захья. Тиймээс ч бурхан багш хамгийн түрүүн өөр рүүгээ хар гэж бидэнд айлдсан байдаг. Зохисгүй шалтгааныг хаяж, барцадгүй мэнд суугаарай.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)