Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил яамныхаа газрын захирлуудын хамт өчигдөр мэдээлэл хийлээ. Тус яамнаас сард нэг удаа тогтмол мэдээлэл хийж байхаар болжээ. Ц.Мөнх-Оргил сайдын мэдээлснээр саяхан УИХ-аар батлагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Гадаад харилцааны яамны хариуцах 13 асуудал багтсан байна. Тодруулбал, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, гадаад сурталчилгааг сайжруулах, гадаад амьдарч байгаа 130 гаруй иргэндээ төрийн үйлчилгээг хүргэх гэх мэт асуудлууд багтсан юм байна. Гадаад харилцааны сайд товчхон мэдээлэл хийсний дараа газрын захирлууд нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
В.ЭНХБОЛД (Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал): -Сүүлийн гурав дөрвөн жилд гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, орчноо сайжруулах тал дээр доривтой арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Ингэсэнээр Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл байдал бий болголоо. Та бүхнийг урьж байна гэсэн мессежийг өгөх боломжтой болно гэсэн үг. Засгийн газар байгуулагдаад удаагүй байгаа ч гэсэн бид энэ хүрээнд тодорхой ажлууд хийж байна. Тухайлбал, олон жил хүлээлттэй байсан Монгол, Канадын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтаа харилцан хамгаалах хэлэлцээрт тус улсын парламентын Нийтийн танхимын даргын айлчлалын үеэр гарын үсэг зурсан. Ер нь гаднын хөрөнгө оруулалтыг татахад улс төр болон бодлогын тогтвортой байдал хамгийн чухал. Түүнээс биш татварын хөнгөлөлт зэрэг механизм тийм ч чухал биш.
-Давхар иргэншилтэй холбоотой асуудал сүүлийн үед их яригдах боллоо. Хууль эрх зүйн хувьд гадаадад төрсөн иргэдээ улсынхаа иргэнээр бүртгэх боломжгүй байгаа юм уу?
Хилийн чанадад хүүхдүүд хоёрдмол харьяалалтай болчихоод байгаа юм.
Я.АРИУНБОЛД (Консулын газрын захирал): -Юуны өмнө давхар иргэншил гэдэг ойлголтыг товч тайлбарлая. Олон улсын эрх зүйд давхар иргэншил буюу хоёроос олон иргэншил болон иргэншилгүй байх гэсэн ангилалууд байдаг. Эндээс давхар иргэншлийн хувьд манай улсад Харьяаллын тухай хуулийн 4.1-д “Монгол Улсын иргэн нэгэн зэрэг өөр улсын харьяат байж болохгүй” гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улс давхар харьяаллыг зөвшөөрдөггүй улс. Энэ хуулийн 7.1-д “Эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын иргэн байх юм бол тэр хоёроос төрсөн хүүхэд хаан төрсөнөөс үл хамааран Монгол Улсын иргэн байна” гэж заасан байдаг. Гэтэл амьдрал дээр юу болж байна вэ гэхээр хилийн чанадад хүүхдүүд хоёрдмол харьяалалтай болчихоод байгаа юм. Жишээ нь, АНУ-д төрсөн хүүхдэд тухайн улс эрүүл мэнд, нийгмийн даатгал зэрэг бүх үйлчилгээгээ үзүүлж өөрийн иргэнээрээ тооцчихож байгаа юм. Энэ мэт хоёр улсын хуулийн зөрүүнээс болоод 1998 оноос хойш гадаадад төрсөн 4800 хүүхдээс 2181 нь ийм байдалд орчихоод байгаа юм. Энэ 2181 хүүхдийн асуудлыг бид ярьж байгаа. Үндсэн хуульд зааснаар эдгээр иргэдээ хасахгүйгээр Монгол Улсынхаа иргэнээр хадгалмаар байгаа юм. Мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 29.5-д “Хоёрдмол харъяалал нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ” гэж заасан байдаг. АНУ-ийн иргэн болсон 2181 хүүхдийн эцэг, эх нь олон жил энэ асуудлыг шийдүүлэхээр холбогдох бүх байгууллагад хүсэлт гаргаад явж байгаа. Энэ хүмүүсийн тухай үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө, эрсдэлтэй гэж үзэхгүй байгаа. Харин үрчлэгдсэн, гэрэлсэн, гадаадад хөдөлмөр эрхлэхээр тухайн улсын иргэн болсон иргэнийг манай улсын иргэн гэж хүлээж авах үндэслэл байхгүй. Энэ асуудалд манай улсын байр суур хэвээрэй байгаа.
-Баян-Өлгий аймгийн иргэд Казахстан улсын иргэн болох тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл бий. Үүнийг Гадаад харилцааны яам анхаарч авч үздэг үү?
Гаднын хөрөнгө оруулалтыг татахад улс төр болон бодлогын тогтвортой байдал хамгийн чухал. Түүнээс биш татварын хөнгөлөлт зэрэг механизм тийм ч чухал биш.
Я.АРИУНБОЛД: -Казахстан улс 1990 оноос хойш үндэстнийхээ эв нэгдлийг илэрхийлж хууль гаргаад бусад улсад байгаа үндэстнүүдээ өөрийн иргэн болгож эхэлсэн. Манай улсын 40 гаруй мянган иргэн тус улсын харьяат болсон гэсэн мэдээлэл бий. 1990-ээд оны сүүлээр 25 мянга орчим иргэн хоёрдмол харьяалалтай болоод байсан. Яагаад гэвэл, Монгол Улсынхаа иргэншлээс хасагдахгүйгээр тус улсын иргэн болоод байсан. Бид Казахстаны талтай зөвлөлдөх уулзалт байнга хийдэг. Сүүлд 2700 орчим хүн давхар харьяалалтай үлдчихсэн байсныг Гадаад иргэн харьяатын газар Казахстаны талтай хамтран шийдээд дуусч байгаа гэсэн мэдээлэл бий.
-Манай иргэдийн хойд хөршид зорчих урсгал нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хил нэвтрэхэд түгжрэл үүсч байгаа. Иргэдийн хил нэвтрэх хугацааг богиносгох тал дээр хийхээр төлөвлөсөн тодорхой ажил бий юү?
Я.АРИУНБОЛД: -ОХУ жил болгон бидэнтэй зөвлөлдөх уулзалт хийгээд иргэдийн асуудлыг ерөнхий байдлаар нь ярьдаг. Визгүй болсонтой холбогдоод манайхаас хойд хөрш рүү гардаг иргэдийн ачаалал нэмэгдсэн. Бүс нутгийн зөвлөлдөх уулзалтад консулын газрынхаа төлөөллийг оролцуулж энэ асуудлыг ярьж байгаа. Хамгийн эхний ээлжинд хилийн нэвтүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг ярьж байгаа. Урд хөршийн хувьд ч ялгаагүй энэ асуудлаа яриа хэлэлцээ хийж байгаа. Эхнээсээ үр дүн гарч боомтын ажиллах цагийг уртасгаж, амралтын өдрүүдэд ажиллуулж байна.
-БНСУ дайны бэлэн байдал зарласан. Мөн тэнд ойр ойрхон газар хөдөлж байна. Монголчууд олноор ажиллаж амьдарч байгаа тус улсад үүсээд буй нөхцөл байдлыг Гадаад харилцааны яам хэрхэн анхаарч байгаа вэ. Ямар нэгэн муу зүйл боллоо гэхэд авах арга хэмжээний тухай эрх зүйн зохицуулалт бий юү?
Я.АРИУНБОЛД: -Ер нь хилийн чанадад болж байгаа байгалийн гамшигт үзэгдэл, осол эндэгдэл зэрэг бүх асуудалд Элчин сайдын яамд анхаарлаа хандуулж байнга мэдээлэл дамжуулж байдаг.
Сэтгэгдэл (13)