Ууртай, өтгөн живэр сахалтай нэгэн герман эр “Ертөнцөд намайг тайтгаруулах гуравхан юм бий: Шопенхауэер, Шуман, гав ганцаараа зугаалах минь” хэмээн хэлжээ. Унаж байгаа хүнийг түшихийн оронд заналтайгаар түлхсэн. Хэсэг бөлөг этгээдийн хамт бурханыг хөнөөсөн. Зэргээр нь олон нийт түүнийг мэдэх билээ.
Ницшег тайтгаруулагч гуравхан зүйлийн нэгд хөгжмийн зохиолч(Шуман) бий нь учиртай. Тэрбээр хөгжимд хайртай төдийгүй бага залуугаасаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Чамгүй авъяастай болохоо ч харуулсан байна.
“Бурхан минь, хамгаас шилдэг болоход хөтлөх ая эгшгийг бидэнд хайрлаач! Хөгжим биднийг өндөрт өргөж, урам зориг, баяр бахдал хайрладаг. Бас их адармаатай боловч зөөлөн, уйтгар гуниг эгшиглэдэг. Зан чанарын бат бөх эсэргүүцлийг ч нурааж өөрчилдөг... Энэхүү гайхамшгийг бидэнд болгоосон бурхан минь, таныг магтан дуулахыг зөвшөөрөөч!” хэмээн 14 настайдаа тэмдэглэлийн дэвтэрнээ үлдээжээ. Ингээд зогсохгүй хөгжмийн зохиолч болж. Өөрийн болон бусдын шүлэгт ая бичихдээ мастер байж. Мөн тэрбээр суут хөгжмийн зохиолч, өөрийн анд Вагнерийн тухай “Тэр хэзээ ч философич байгаагүй. Төрөлхийн хөгжимчин. Яг л над шиг” хэмээн бичиж байсан нь сонин.
Ницше өөрийн “Manfred meditation” бүтээлээ хэд хэдэн хүнд илгээсэн байдаг. Тэдний нэг нь болох тухайн үеийнхээ алдартай, удирдаач, төгөлдөр хуурч Ханс Вон Вулов “Наргиа байлгүй дээ. Энэ элэглэлийг хөгжмийн ирээдүй, хувьсал гээд байгаа юм уу? Ницше ая эгшгийн зохицол, өгүүлбэрзүй, зөв бичгийн дүрмийг албаар ийн шоглоод байгаа юм уу? Түүний хөгжим бол гэмт хэрэгтэй л адил зүйл. Тэр хөгжмийн охин тэнгэрийг хүчирхийлжээ” гэхчилэн хариу барив.
Харин Ницше үүнийг бусдаас нууж хаасангүй. Өөрийн найздаа, “Вуловын захиа миний хувьд үнэ цэнгүй зүйл. Инээд ч хүрэх шиг. Бас надад итгэ, түүнээс хойш би төгөлдөр хуурт хүрэхээс ч айдаг болчихлоо” хэмээн бичиж байв. Бусдын үнэлэмж дүгнэлтээс бус хийж буй зүйлээсээ л таашаал авч сурах сан. Гэвч энэ амар биш ээ. Харин өөр нэг нь “Оршуулгын газрын төрх байдал, баатар эрийн шаналан хоёрын нийлэмж шиг санагдах юм. Хатан зориг, зөнч чанар, Шуманы дурсамж дуртгалын хөг ая түүнээс сонсогддог” хэмээн ерөнхийлөн дүгнэжээ. Түүний хөгжмийн ая эгшиг, өнгө, хэмнэл нь үргэлж ариун дагшины бэлгэдэл байдаг. Симфонийн хэлбэрийг эвдэж төгөлдөр хуур, дуу хоолойд хамаг үүргийг оноосон гэнэ. Үнэхээр л эмх замбараагүйн төгөлдөр хуур ноёрхдог юм шиг ээ, түүний бүтээлд.
Харин Ницше хэнийг биширдэг байв аа гэвэл Жорж Бизегийн “Кармен”-г нэрлэж байна. “Чи итгэх үү? Би өчигдөр Бизег хорин удаа сонслоо. Би үнэнч байсан. Дахиж зугтахгүй ээ. Энэ ялалт миний тэвчээргүй зан чанарын хувьд гэнэтийн бэлэг байлаа. Би Карменыг сонсох бүртээ илүү сайн философич болж өөрийнхөө өмнө гарч ирж байлаа. Бас илүү тэвчээртэй, жаргалтай болж байв. Тасралтгүй таван цаг сонслоо. Энэ миний ариусах эхний алхам! Кармен л намайг ийн уяж чадах цор ганц бүтээл юм гэж үү?” хэмээн бичсэнээ Вагнерын тухай таагүй үгсийг хэлнэ. Түүнийг хиймэл амьтан, сонсохоор хөлс цутгадаг гэжээ.
Тэр “төгс хүн” бүтээхийг хүсдэг байсан. Энэхүү үзэл бодлоо философи, утга зохиол, хөгжмөөр илэрхийлж. Түүнчлэн хөгжим хүнийг ариусгаж, төгөлдөржүүлдэг гэдэгт итгэдэг байж.
Сэтгэгдэл (2)