Өнөөдөр хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж, 2016 улсын төсөвт тодотгол хийж, 2017 оны төсвийн төсөөллийг тодорхойлох юм. Төсвийн асуудлаар АН, МАН-ынхан өөр, өөр байр, суурьтай байгаа юм. Ингээд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат нарын төсвийн асуудлаарх байр, суурийг 24VS24 буландаа онцолж байна.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн
Ажил хүлээж авах сар гаруйн хугацаанд нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Улсын төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн алдагдлыг 18.2 хувьтай оруулж ирсэн. Эдийн засгийн бүтцийг эргэж харахаас аргагүй байна. Тиймээс дараалан арга хэмжээ авах болно. Эхнийх нь төсвийн нэгдсэн бодлого байгаа. Төсвийн тодотголоор цөөн хэдэн зүйлд татвар нэмсэн. Хувь хүний орлогын албан татвар дээр 2.5 саяас дээш төгрөгийн цалин авдаг бол 2.5 саяас дээш ногдох хэсэгт нь 25 хувь, 2.5 хүртэлхэд 10 хувийн татвар авна. 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүн нийт ажиллагсадын 0.1 хувьд хүргэхгүй. 36 сарын тэтгэмжийг олгохгүй гэсэн нь түр арга хэмжээ. 2016, 2017 онд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй. Өгөх мөнгө ч алга. Хамгийн эхний төлбөр төлөлт 2017 оны гуравдугаар сард 580 сая ам.доллар төлнө. Харамсалтай нь Засгийн газарт үүнийг төлөх мөнгө байхгүй. Шинээр зээл авч өмнөх зээлээ хаах зарчмаар явах байх. |
АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат
Сангийн сайд улс төржих хэрэггүй. Урдах ажлаа л хийх ёстой. МАН-ын Сангийн сайдын ажил нэг өөр. АН-ын Сангийн сайдын ажил нэг өөр байгаагүй. Бид нэг л ижил зовлон туулж байгаа. Тиймээс гоншигнолгүй ажлаа хий. Өнөөдрийн Ерөнхий сайд Сангийн сайдаар ажиллаж байсан. Гэнэт ийм зүйл рүү орсон гэж уулга алдах хэрэггүй. Нөхцөл байдал ийм байсныг бид мэдэж байгаа шүү дээ. Төсөв алдагдалтай байгаа. Уул, уурхайгаас хамаарсан эдийн засгийн өсөлт дөрвөн жил үргэлжиллээ. Эдийн засгийн хүндрэл ард түмний эрх ашигтай холбоотой. “Улс төржиж намынхаа эрх ашгийг битгий бод” гэдгийг би байнга хэлдэг. Сая орж ирсэн төсөв дэндүү хариуцлагагүй байна. Төсвийн алдагдлыг ард түмний халааснаас нөхнө гэдэг байж боломгүй, дэндүү хариуцлагагүй үйлдэл. |
24tsag.mn
Сэтгэгдэл (7)