УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар танилцууллаа. Намрын чуулганы хугацаанд Байнгын хороо 19 удаа хуралдаж, 55 асуудлыг хэлэлцсэн ба хуулийн төсөл 257, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 12-ыг хэлэлцжээ. Байнгын хороо бие даасан 3 хууль үүнд, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан. Хууль зүйн байнгын хорооноос нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 254, хүчингүй болсонд тооцох тухай хууль 13, УИХ-ын тогтоолын төсөл 13-г тус тус хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлуулсан гэж мэдээллээ.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа өөрөө хууль зөрчөөгүй гэж тайлбарлаад байгааг юу гэж үзэж байна вэ?
-Ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд зарласан. Нийт 24 асуудал хэлэлцэхээр зарласан. Үүний нэгд Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай асуудал багтсан. 12 асуудал нь Хууль зүйн байнгын хороотой холбоотой байсны гурван төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн байгаа. Завсарлагааны хугацаанд ажлын хэсэг байгуулж ажиллаж байна.
-Та “МИАТ”-ийн онгоцыг саатуулсан талаараа тайлбар хийх үү?
-“МИАТ”-ийн онгоцыг саатуулсан зүйл байхгүй. Шинийн гурван дөрвөнд албан ажлаар Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь бид гурав гадагшаа явсан. Онгоцны экипажтай Шадар сайд уулзах хүсэлт тавьсан. Онгоцны экипажийн дарга ирээгүй. Аливаа төрийн өмчийн компанийн ажилтай Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн танилцах эрхтэй. Онцгой байдлын комиссын даргын хувьд Шадар сайдыг би “Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, МИАТ-ын дарга, Зам тээврийн сайд руу залга” гэсэн. Хүний амь нас, өмч хөрөнгөтай холбоотой асуудалд сахилга хариуцлага чухал. Гэтэл энд сахилга хариуцлага хаа, хаанаа муу байна гэж яригддаг. Тийм учраас бид тухай бүрт нь анхаарал тавьж, ажлын хариуцлагыг шалгаж байх ёстой. Энэ утгаар залгахад бүх л байгууллага утсаа авахгүй байсан. Ийм л юм болсон. Энэ тухай юм яриагүй байхад Зам тээврийн сайдын яриа сонин хэвлэлд гарсан байсан. Тухайн хэвлэлд ярьсан эсэхийг мэдэхгүй. Дараа нь уучлал гуйлаа барилаа гээд гарсан харагдсан. Үүнд нэмэлт тайлбар хийх шаардлагагүй. Миний хувьд анх удаа ярьж байна. МИАТ төрийн өмчит компани, Иргэний нисэхийн газар сахилга хариуцлагыг хаа, хаанаа хангаж, журмын дагуу ажиллах ёстой. Монгол Улсын Шадар сайд ажлынхаа байдлыг УИХ-ын гишүүдэд танилцуулах ёстой. Цаана нь аюулгүй байдал хангах ёстой. Сахилга хариуцлаггүй байгаа тухай хэл ам их гардаг. Олон улсын туршлагаас харахад иргэний нисэхтэй холбоотой асуудал нь хариуцлагагүйгээс болж осол аваар гардаг талтай. Ийм асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой. Монгол Улсын Шадар сайд, Зам тээврийн сайд нь шаардлагатай бол нэмж хариулах байлгүй дээ.
-Өршөөлийн хуулиар суллагдсан иргэд эргээд гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээлэл байна. Танд энэ талаар мэдээлэл ирсэн үү?
-Өршөөлийн хуулиар эргээд гэмт хэрэгт холбогддог тал бий. 2000 гаруй иргэн суллагдсан. Одоо ч суллагдаж байна. Яагаад гэвэл ялын хугацаа нь тодорхой хэмжээгээр хасагдсан учраас суллагдаж байгаа. Шүүх шийдвэрлээд явж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирлоо барагдуулахаа илэрхийлээд өршөөлд хамрагддаг. Өршөөлд хамрагдсан иргэдээс 1.9 хувь нь эргэж хэрэг зөрчил үйлдээд цагдаад шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Алдсан иргэдээ Монголын төр өршөөсөн. Монголын төр анхаарал тавьж ажиллах ёстой. Хөдөлмөрийн яам маш сайн ажиллаж байна. Одоогоор 50 гаруй иргэнд дэмжлэг үзүүлж, ажлын байраар хангаж байна гэсэн.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (7)