УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээцанцан нар мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнгөрсөн намрын чуулганы хугацаанд санаачилж, батлуулсан хууль болон ирэх хаврын чуулганаар хийж, хэрэгжүүлэх гэж буй ажлуудынхаа талаар танилцуулав.
Энэ үеэр тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "УИХ үйл ажиллагаа явуулснаас хойш нийтдээ гурван удаа ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан. Эхний ээлжит бус чуулганаар авлига албан тушаалтныг өршөөх тухай хуулийг хэлэлцээд тарсан. Харин дараагийн удаад урьж залж, гуйж оруулсан МАН-ыг Засгаас хөөх шийдвэр гаргахын тулд хуралдсан. Харин гурав дахь ээлжит бус чуулганыг дөнгөж сая хуралдаад дууслаа. Энэ үеэр чухам юу хэлэлцсэнийг та бүхэн сайн мэдэж байгаа. Үүнээс дүгнэхэд зөвхөн өчүүхэн сандал ширээ, эрх ашгийн төлөө АН-ынхан аливаа асуудалд хандаж байгаа нь илт юм. Энэхүү хууль бус үйл ажиллагаанд МАН оролцохгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хуулийн хүрээнд найм хоногийн завсарлага авч хуулиар олгогдсон эсэргүүцлийн эрх хэмжээг ашиглаж эцэст нь хууль зөрчсөн хуралд оролцохгүй байхаар шийдсэн. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлаар МАН, МАХН-ынхан “бойкот” хийж байгаа мэтээр нийгмийн зорилтот бүлгийн багийг өмсч хууль бус үйл ажмллагаа хийж байна. Мөн хууль бус асуудлыг хэлэлцэхдээ семинар нэрийн дор хийж тавилттай жүжиг тавьж улмаар МАН, МАХН-ын гишүүдрүү байж боломгүйгээр дайрч доромжилсон. Үүнд бид туйлын бухимдалтай байна. Холбогдох ёс зүйн хороо, хууль шүүхийн байгууллагад хандана" гэлээ.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Ээлжит бус чуулганыг Үндсэн хууль зөрчлөө гээд байна. УИХ-ын даргын зөвлөлийн хуралд бүлгийн дарга, намын дарга нар оролцдог. Таныг бүлгийн хуралд суугаагүй гэж байсан. Хуралдаа суугаагүй нь таны буруу юу эсвэл таныг хуралдаа суу гэж хэлээгүй юм уу?
-Даргын зөвлөлийн хуралд хоёр удаа оролцсон. 28 асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга хэлж байсан. Ийм олон асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжихгүй гэдгээ хэлээд эсэргүүцсэн. Харамсалтай нь даргын зөвлөлийн хурал шийдвэрээ гаргасан. Зөвшилцөнө гэдэг чинь харилцлан тохиролцоод, асуудлаа шийдэхийг хэлдэг. Үндсэн хуулийн 65-ын 4-т Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Цэцийн гишүүнийг эгүүлэн татаж болно гээд заачихсан байгаа. Харамсалтай нь Цэцийн 9 гишүүн хуралдаж эгүүлэн татна гэсэн шийдвэр гаргаагүй. Үндсэн хуулийн цэцийн найман гишүүн гарын үсэг зураад Их хурлын гаргаж байгаа шийдвэр хууль зөрчиж байна шүү гэдгийг сануулсан бичиг бидэнд ирсэн. Хоёрт нь Улсын дээд шүүх анх илгээсэн байгууллага нь мөн. Анх илгээхдээ дээд шүүх нь бүрэлдэхүүнтэй хуралдаад явуулсан бол дараа нь бүрэлдэхүүнтэй хуралдаагүй. Зориг гэж шүүгч бичиг явуулсан. Явуулсан бичгэн дээр нь юу гэж заасан гэхээр тусгайлан өгөх саналгүй гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн гэдэг нь дахиад хууль зөрчсөн. Ийм хоёр үндэслэлээр Үндсэн хууль зөрчлөө гэж үзэж байгаа. Тийм учраас МАН-ын бүлэг хуралдаа ороогүй.
-МАН, МАХН хамтарч баяраа тэмдэглэнэ гэсэн. Цаашид нэгдэхийн эхлэл биш үү?
-МАН-ын 95 жилийн ой болно. Хамтарч тэмдэглэх саналыг МАХН-аас тавьсан. Бид яагаад нэгдэж, нийлээд хамтарч ажиллаж болохгүй гэж. Цаашдаа нэгдэж нийлээд ажиллахыг үгүйсгэхгүй.
-МАН-ынхан Цэцийн даргыг огцруулахад оролцоогүй. Хэрвээ чуулгандаа оролцоод саналаа өгөөд явсан бол Ж.Амарсанаа дарга огцрохгүй байх боломж байсан болов уу?
-Олонхи гэдэг нь АН-ын гишүүдийг хэлээгүй, Шударга ёс эвсэл, ИЗНН гээд 47 гишүүний ирцээ бүрдүүлэх ёстой гэсэн. Хэрвээ энэ ирцээ бүрдүүлбэл МАН-ын бүлгийн 26 гишүүн орно гэсэн. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөн асуудал дээр орохгүй бусад асуудал дээр оролцоод төрийн ажлыг гацаахгүй явна гэсэн боловч чуулган ганцхан өдөр хуралдсан болоод хаасан.
-Танай бүлгээс УИХ-ын дарга З.Энхболд огцруулах асуудлыг хөндөнө гэж байсан. Энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үү?
- УИХ-ын даргыг хууль зөрчсөн гэж үзээд ганц, хоёр хүн хуулийн байгууллагад хандсан юм байна лээ. Эдгээр процесууд хэрхэн явагдахыг эхлээд ажиглана.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (7)