УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татсан. Тэгвэл түүний орны хүнийг томилох үйл ажиллагаа хуулийн дагуу хэрхэн явагдах талаар УИХ-ын гишүүн Г.Лүндээжанцангаас тодрууллаа.
- Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татчихлаа. Одоо орны хүнийг нь томилох асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Хуулиараа бол 30 хоногийн дотор УИХ-аар хэлэлцээд дараагийн даргыг нь сонгох ёстой. Гэтэл УИХ-ын хаврын чуулганы хурал хуулиар заагдсан дээрх хугацаанаас хойш болох гээд байна. Энэ тохиолдолд ямар зохицуулалт хийгдэх вэ?
- Үндсэн хуулийн цэц бол онцгой субьект юм. Хуулиараа бол дараагийн орны хүн нь томилогдтол ажлаасаа чөлөөлөгдсөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь ажлаа хийнэ гэсэн тусгайлсан заалттай. Учир нь Үндсэн хуулийн цэц завсарлахгүй ажиллаж байх ёстой байгууллага юм. Улс орны Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн манаач. Үндсэн хууль манаачгүй нэг ч өдөр байх ёсгүй. Цэцийн 4-5 гишүүн ажлаасаа чөлөөлөгдөж болно. Тэгвэл заавал тэдний орны хүмүүсийг сонгосны дараа тэд ажлаа хүлээлгэж өгөх ёстой юм. Дараагийн хүн нь ажилдаа орж байж одоо ажиллаж буй хүн нь ажлаасаа гарах хуулийн зохицуулалттай. Үндсэн хуулийн 65-р зүйлийг анхааралтай унших ёстой. Х.Тэмүүжин уг хуулийн заалтыг дотроос нь сугалж авч уншаад тайлбайр хийгээд байна лээ. Тэр “Ийм шалдан заалт байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татаж болно” гэж ярьж байна. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэнэ. Тэгэхээр энэ удаа Дээд шүүхийн ямар саналыг үндэслэсэн бэ? гэдэг асуулт гарч ирж байна. Мөн Дээд шүүх гишүүдийнхээ хурлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэрийг нь дэвшүүлж тодруулж, УИХ-аар томилуулж байсан. Яг тэр процессоороо явах ёстой. Ингээд цагаан дээр хараар биччихсэн. Тэгэхээр Үндсэн хуулийн заалт зөрчигдөж байгаа юм. Үндсэн хуулийн цэц, УИХ гэж яриад байгаа юм. Үндсэн хууль Монгол улсын оршин тогтнохуйн тусгаар тогтнол хүний эрх, эрх чөлөөний баталгаа. Тэгэхээр Үндсэн хуулийг чандлан сахиулахын баталгаа нь Үндсэн хуулийн цэц. Засгийн газраас хүний эрхэнд ноцтой харшилсан шийдвэрийг гаргах юм бол УИХ болон Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож болно. Ерөнхийлөгч мөн хууль зөрчсөн шийдвэр гаргавал УИХ хүчингүй болгож болно. УИХ ийм шийдвэр гаргавал Үндсэн хуулийн цэц хүчингүй болгоно. Энэ нь тал, талдаа гал хамгаалагч юм. Төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдлыг хадгалж байж Монгол улс оршин тогтноно. Бид бол Үндсэн хуулийн цэцийн даргыг хүнийх нь хувьд хамгаалж, өмгөөлсөн зүйлгүй. Харин Үндсэн хуулиа хамгаалж байгаа юм. Үндсэн хуулиа хамгаалахын цаад утга нь Монгол улсын язгуур эрх, ашгийг хамгаалж байна. Ж.Амарсанаа даргыг МАН-ын хүн учир тус бүлгийн гишүүд түүнд хариуцлага тооцохоос зайлсхийж байна гэж ярьж байна. Тэгэж ярих юм бол Ж.Амарсанаа академич, хууль, эрдэмтэн, АН-ын нэрээр Хууль зүйн сайдаар ажиллаж байсан тус намын зүтгэлтнүүдийн нэг юм. Энэ хүний алдсан, оносон эсэх нь тусдаа асуудал. Орж ирж буй асуудал нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Тиймээс манай нам Үндсэн хуулийг зөрчсөн хам хэрэгтэн болохгүй гэсэн. УИХ өөрөө Үндсэн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэц таслан зогсооно. Үндсэн хуулийн цэц буруу шийдвэр гаргавал УИХ нэг удаа буцаана. Хэрвээ үнэхээр харшилсан шийдвэр гаргавал Цэцийн шийдвэрийг анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэж байж хууль зөрчсөн эсэхийг шийднэ. Гэтэл нь саяын тохиолдолд тэгэлгүйгээр шууд зүтгүүллээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)