Өнгөрсөн даваа гаригт нээлтээ хийх байсан ээлжит бус чуулганы хуралдаан УИХ дахь МАН болон МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн бойкотоос болж өнөөдрийг хүртэл хойшилсон. Хэрвээ өнөөдөр ээлжит бус чуулган товлосон цагтаа нээлтээ хийж чадвал Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хамгийн эхэнд хэлэлцэнэ.
Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг чухам уг асуудлыг эсэргүүцэж ээлжит бус чуулганы хуралдаанд суухгүй "ажил хаялт" зарлаад байгаа билээ. Харин "Шударга ёс" эвслийн бүлэг Н.Энхбаярыг Шадар сайдад томилохгүй бол хуралд суухгүй хэмээн эрх баригчдыг сандаргаад байгаа юм.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Эрх баригчид ирцээ бүрдүүлчихвэл манай бүлгийн гишүүд хуралдаа суухад бэлэн" гэсэн шүү юм яриад явж байгаа бол АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ирц бүрдүүлэх хүндхэн даалгавартай зүдэрч явна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН болон "Шударга ёс" эвслийн бүлгийн эсэргүүцэл өнөөдөр ч үргэлжилж мэдэх гэнэ. Хэрвээ тэгвэл ээлжит бус чуулганы хуралдаан нээлтээ хийж чадалгүй дахин хойшилно. Учир нь МАН гөжсөнөөрөө гөжихөөр шийдсэн бол өнөөдрийн хуралд суухгүй. Харин "Шударга ёс" эвслийн бүлгийн хувьд Н.Энхбаяр даргыг нь Шадар сайдад томилох асуудал АТГ-аас ирүүлсэн бичигнээс болж гацаад байгаагаас үүдэж бүр уурсаж, дараагийн үйлдлээ төлөвлөөд буй сураг байна.
Ямартай ч өнөөдрийн чуулганы хуралдаан хуралдаж чадвал хамгийн эхэнд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэх юм. Түүнийг эгүүлэн татах асуудлыг намрын чуулганаар хэлэлцэхээр товлосон ч УИХ дахь МАН-ын бүлэг дараалан хоёр удаа завсарлага авснаар ийнхүү хойшилсон юм.
УИХ-ын дарга З.Энхболд түүнийг хууль зөрчсөн хэмээн үзэж албан тушаалаас нь эгүүлэн татах албан тоотыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Харин Улсын дээд шүүхээс түүнийг эгүүлэн татахыг зөвшөөрснөөр ийнхүү Улсын Их хурлаар хэлэлцэж эхлээд байгаа юм.
Харин Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа “УИХ-ын Тамгын газраас дээд шүүхэд “Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа УИХ-ын даргад явуулсан бичиг нь хууль зөрчсөн гэж нотлогдож байна” гэсэн бичиг явуулсан байсан. Албан бичиг хууль зөрчинө гэдэг асуудлыг уншиж судалж, одоо л ойлгож эхэлж байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн тухай н.Наранчимэг гишүүний тогтоол УИХ-д очсон. Үүнтэй холбогдуулан миний зүгээс УИХ-ын даргад бичиг явуулсан. Өөрөөр хэлбэл, ҮХ-ийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэгэнт эхэлсэн тул ямарваа нэг үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэр гаргахгүй байхыг анхааралдаа авна уу гэсэн бичиг. Байнгын хорооны хуралгүй цагт зарладаг гэх мэтчилэн Дэгийн хуулиар нарийн заасан заалт зөрчигдөж байна. Энд хэлэхэд, хууль зөрчсөнийг УИХ, Тамгын газар нотлох боломжгүй. Одоогийн үйлчилж буй хуулиар шүүх нотолдог. Хууль зөрчсөнийг УИХ, Тамгын газар нотлох боломжгүй. Одоогийн үйлчилж буй хуулиар шүүх нотолдог. Гэтэл хэн нэг нь нотлоод Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид бичиг явуулсан. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн хариултад “Та бүгд ийм асуудал тавьсан байна. Энэ асуудлаа хуулийн дагуу шийдээрэй” л гэсэн хариу байна билээ. Гэтэл үүнийг Хууль зүйн байнгын хороон дээр санал өгсөн болгож өчигдөр орой УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, яаран сандран ҮХ-ийн цэцийн даргын асуудлыг нэгдүгээрт хэлэлцэхээр төлөвлөсөн. Ийм л асуудал болсон” гэв.
Мөн тэрээр хэрвээ ҮХ-ийн цэцийн даргыг огцруулах, эргүүлэн татах асуудал яригдвал хуулийн дагуу эхлээд цэцийн есөн гишүүн дотроо хуралдсаны дараа асуудлаа дээд шүүхэд тавьж, улмаар Улсын дээд шүүхийн 25 шүүгч хуралдаж, олонхоор УИХ-д бичиг ирүүлэх ёстой гэж байгаа юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (9)