УИХ дахь МАН болон МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд чуулганы хуралд суухгүй эсэргүүцэл зарласнаас үүдэн ээлжит бус чуулган пүрэв гариг хүртэл хойшлоод байна. Тэгвэл уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ямар байр, суурьтай байгааг тодрууллаа. УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус чуулганы асуудлаар өчигдөр хаалттай хуралдсан билээ.
-Ээлжит бус чуулган хойшлогдсон шалтгаан юу вэ? Намын бүлгүүд ямар асуудалд зөвшилцөлд хүрч чадаагүй юм бол.
-УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр үдээс өмнө хуралдлаа. Энэ хуралдаан дээр УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувьд би ээлжит бус чуулганы нээлтийг пүрэв гаригт хүртэл хойшлуулах санал тавьсан. Шалтгаан нь УИХ дахь МАН-ын бүлэг болоод бусад намууд “АН гишүүдээ бүрдүүл” гэдэг шаардлага тавьсан. Тиймээс 35 гишүүнээ бүгдийг дуудсан. Пүрэв гаригт чуулганы үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж үзэж байна.
-УИХ дахь хоёр намын бүлэг гишүүдээ бүгдийг оролцуулна гэсэн үг үү?
-АН олонхийг бүрдүүлж байгаагийн хувьд 35 гишүүнээ бүрэн оролцуулна гэсэн. Яагаад гэвэл гадаадад байгаа гишүүд ирэх хугацаа нь тэгж таараад байна. АН-ын гишүүдийн 4-өөс бусдынх нь ирц бүрдсэн. Өнөөдөр гадаадад байгаа гишүүдээ дуудсан. Өнөөдрөөс эхлээд зарим нь билетээ шилжүүлж байна. Пүрэв гаригт ажлаа амжуулаад бүгд ирэх ёстой.
-Гишүүдийн ирц хүрэхгүй дахиад хойшлох нөхцөл байдал үүсчих вий гэсэн болгоомжлол бий юу?
-Бид ярилцсан. Дахиад тийм асуудал гарахгүй байх.
-УИХ-ын ээлжит бус чуулган товлоод нээж чадсангүй. Энэ тохиолдолд гишүүдэд хариуцлага хүлээлгэх заалт дэгийн хуульд байдаг болов уу?
-УИХ-ын дарга ээлжит болоод ээлжит бус чуулган зарлах онцгой эрхтэй. Энэ эрхийн дагуу зарлагдсан чуулганд УИХ-ын гишүүд оролцох ёстой. Хэрвээ УИХ-ын ээлжит болоод ээлжит бус чуулганы үйл ажиллагааг саатуулж байгаа бол тэр намын бүлэг өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Сонгуулийн үед нь иргэд тэр асуудалд дүнгээ тавих байх.
-Цэцийн гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой асуудлаар МАН-ын бүлэг зөвшилцөх ёстой гэж байгаа. Энэ байр сууриа хэвээр хадгалах уу?
-Цэцийн асуудлыг онцолж яриад байгаа болохоос биш үндсэндээ нэг л асуудал. МАН-ын бүлгийн завсарлагынх нь хугацаа дууссан. Тэгэхээр энэ асуудал хүссэн ч, эс хүссэн ч УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байж шийдвэр нь гарах ёстой. Ээлжит бус чуулганаар зөвхөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй. Татварын ерөнхий хуулийн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай зэрэг чухал чухал хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Эдгээр асуудлыг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай. Мөн дээр нь хоёр гурван улстай дипломат харилцаа тогтоох асуудал багтсан. Түүнээс биш бид ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа гэдэг хүний асуудлыг яриагүй. ҮХЦ үндсэн үйл ажиллагаанаасаа хазайсан үйлдэл хийгээд байна гэж үзэж байгаа.
-Энэ удаагийн даргын зөвлөлийн хуралдаанд МАН-ын бүлгийн дарга хоцорч орж ирсэн гэсэн мэдээлэл байна. МАН-ын бүлгийн гишүүд ээлжит бус чуулганы нээлтэд оролцоно гэдгээ мэдэгдсэн үү?
-УИХ-ын даргын зөвлөлийн хуралд өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт нар байсан. Бүлгийн гишүүд ээлжит бус чуулганд оролцох эсэх нь тухайн бүлгийн асуудал. УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцээд УИХ-ын даргын захирамж гарсан. Уг захирамжаар УИХ-ын гишүүд хуралдаандаа суух үүрэгтэй. Түүнээс биш ирц бүрдсэний дараа орно гэсэн ямар ч үндэс байхгүй. Энэ бол зөвхөн шалтаг.
-“Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс Шадар сайдад МАХН-ын даргыг томилуулахын тулд чуулганы нээлтэд оролцохгүй байна гэдэг яриа байна. Танай бүлгийн хувьд энэ асуудал дээр ямар байр суурь барьж байна вэ?
-Хэнийг Шадар сайдаар оруулж ирэх нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Миний авсан мэдээллээр АТГ-аас сайдад нэр дэвшигчийн талаар тодорхойлолт авах шаардлагатай гэсэн. Тэр бичгийг АТГ-аас хүлээж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр АТГ энэ хүнийг тухайн албан тушаалд томилогдох боломжтой гэсэн шийдвэрээ өгвөл УИХ-д орж ирэх ёстой. Шадар сайдын асуудал энэ удаагийн чуулганаар хэлэлцэгдэхгүй. Бичиг ирсний дараагаар Ерөнхий сайд Шадар сайдын асуудлаа УИХ-д өргөн мэдүүлнэ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (12)