Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг маргааш ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товложээ. Түүнийг эгүүлэн татах асуудлыг намрын чуулганаар хэлэлцэхээр товлосон ч УИХ дахь МАН-ын бүлэг дараалан хоёр удаа завсарлага авснаар ийнхүү хойшилсон юм.
УИХ-ын дарга З.Энхболд түүнийг хууль зөрчсөн хэмээн үзэж албан тушаалаас нь эгүүлэн татах албан тоотыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Харин Улсын дээд шүүхээс түүнийг эгүүлэн татахыг зөвшөөрснөөр ийнхүү Улсын Их хурлаар хэлэлцэж эхлээд байгаа юм.
Харин Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа “УИХ-ын Тамгын газраас дээд шүүхэд “Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа УИХ-ын даргад явуулсан бичиг нь хууль зөрчсөн гэж нотлогдож байна” гэсэн бичиг явуулсан байсан. Албан бичиг хууль зөрчинө гэдэг асуудлыг уншиж судалж, одоо л ойлгож эхэлж байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн тухай н.Наранчимэг гишүүний тогтоол УИХ-д очсон. Үүнтэй холбогдуулан миний зүгээс УИХ-ын даргад бичиг явуулсан. Өөрөөр хэлбэл, ҮХ-ийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэгэнт эхэлсэн тул ямарваа нэг үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэр гаргахгүй байхыг анхааралдаа авна уу гэсэн бичиг. Байнгын хорооны хуралгүй цагт зарладаг гэх мэтчилэн Дэгийн хуулиар нарийн заасан заалт зөрчигдөж байна. Энд хэлэхэд, хууль зөрчсөнийг УИХ, Тамгын газар нотлох боломжгүй. Одоогийн үйлчилж буй хуулиар шүүх нотолдог. Хууль зөрчсөнийг УИХ, Тамгын газар нотлох боломжгүй. Одоогийн үйлчилж буй хуулиар шүүх нотолдог. Гэтэл хэн нэг нь нотлоод Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид бичиг явуулсан. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн хариултад “Та бүгд ийм асуудал тавьсан байна. Энэ асуудлаа хуулийн дагуу шийдээрэй” л гэсэн хариу байна билээ. Гэтэл үүнийг Хууль зүйн байнгын хороон дээр санал өгсөн болгож өчигдөр орой УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, яаран сандран ҮХ-ийн цэцийн даргын асуудлыг нэгдүгээрт хэлэлцэхээр төлөвлөсөн. Ийм л асуудал болсон” гэв.
Мөн тэрээр хэрвээ ҮХ-ийн цэцийн даргыг огцруулах, эргүүлэн татах асуудал яригдвал хуулийн дагуу эхлээд цэцийн есөн гишүүн дотроо хуралдсаны дараа асуудлаа дээд шүүхэд тавьж, улмаар Улсын дээд шүүхийн 25 шүүгч хуралдаж, олонхоор УИХ-д бичиг ирүүлэх ёстой гэж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар яг одоо Үндсэн хуулийн цэц хуралдаж байгаа аж.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)